iPhone АРАВ: Арван жилийн ойд зориулсан ТУСГАЙ загварыг танилцуулаа


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-13

Өнгөрсөн шөнө Apple компани шинэхэн байгуулагдсан Apple Park-т байрлах Стив Жобсын театрт цоо шинэ гурван загварын iPhone танилцууллаа. Энэ жилийн хувьд анхны iPhone-ыг танилцуулсны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Компани энэ удаад уламжлалт "S" нэршлээ алгасаж, оронд нь шууд iPhone 8/ 8 Plus загварууд болон арван жилийн ойд зориулсан iPhone X загвараа танилцуулав. Apple-ийн тэргүүн Тим Күүк "Биднийг амьд ахуйд iPhone-оос өөр ямар ч төхөөрөмж дэлхийд нөлөөлж чадаагүй" хэмээн анхны бүтээгдэхүүний нөлөөг эргэн сануулсан юм.

Шинээр худалдаанд гарах iPhone-ууд 64GB болон 256GB сонголттой бөгөөд iPhone 8 загвар 699 ам. доллароос эхлэх бол iPhone 8 Plus загвар 799 ам. доллароос эхэлнэ. Ирэх баасан гарагаас урьдчилсан захиалга эхэлж, есдүгээр сарын 22-ны өдрөөс худалдаанд гарах аж.

Үзүүлэлт:

    - A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
    - Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU
    - Retina HD дэлгэц
    - iPhone 8/8 Plus: 4,7 инч болон 5,5 инч
    - AR технологийг дэмжих мэдрэгчтэй
    - Камер нь 12 мегапиксел, өмнөх загвараас 83 хувиар илүү гэрэл оруулдаг
    - Арын хэсэг нь шилэн бүрээстэй
    - Утасгүй цэнэглэх технологитой
    - Мөнгөлөг, саарал, алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой.


Харин тусгай загвар болох iPhone X буюу "iPhone Арав" аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалгаа авч, арван нэгдүгээр сарын 3-ны өдөр худалдаанд гарна. 64GB хувилбар нь 999 ам. доллар бол 256GB хувилбар нь 1149 ам. доллар аж.

Үзүүлэлт:

    - A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
    - Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU
    - Super Retina дэлгэц/OLED технологи/ - 455 ppi нягттай
    - Царай таних системтэй /Face ID/
    - 5,8 инчийн дэлгэцтэй
    - Үндсэн товчлуур байхгүй
    - AR технологийг дэмжих мэдрэгчтэй
    - Нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжилсэн дэлгэцтэй
    - Камер нь 12 мегапиксел, өмнөх загвараас 83 хувиар илүү гэрэл оруулдаг
    - Арын хэсэг нь шилэн бүрээстэй
    - Утасгүй цэнэглэх технологитой
    - iPhone 7 загвараас хоёр цаг илүү цэнэгээ барина
    - Мөнгөлөг, саарал гэсэн хоёр өнгийн сонголттой.

Шинээр танилцуулсан царай таних системийг хурууны хээтэй харьцуулахад 20 дахин аюулгүй гэсэн бөгөөд гэрэл зураг мэтээр хуурах боломжгүй гэсэн юм.

#Apple #iPhone X