Өнөөдөр Apple ЮУ танилцуулах вэ?


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-12

Өнөөдөр Apple компани хамгийн сүүлийн үеийн iPhone болон бусад бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор танилцуулах гэж байна. Энэ жилийн хувьд анхны iPhone-ын 10 жилийн ой тохиож байгаа болон Купертино дахь Стив Жобсын театрт болох анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Номхон далайн цагаар есдүгээр сарын 12-ны өглөөний 10:00 цаг буюу Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 13-ны 01:00 цагаас компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна.

iPhone

Хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн их анхаарал татаж буй бүтээгдэхүүн бол яах аргагүй iPhone. Компани өнөөдөр iPhone 8, iPhone 8 Plus болон iPhone X гэсэн гурван загварыг танилцуулах бөгөөд эхний хоёр хувилбар нь өнгөрсөн жилийн загварын сайжруулсан хувилбар бол сүүлийнх нь 10 жилийн ойд зориулсан тусгай загвар юм.

Өнгөний хувьд зэс өнгө нэмэгдэнэ. Гэхдээ нэршил нь хараахан тодорхой болоогүй.
iPhone X загвар нь Apple-ийн хамгийн үнэтэй iPhone болно гэсэн таамаг байгаа бөгөөд 1000-1200 ам. долларын үнэтэй худалдаанд гарч магадгүй. Үнэ ингэж өсөх шалтгааны нэг нь OLED дэлгэц юм.

Үүний улмаас iPhone X загвар нөгөө хоёр загвараасаа хожуу худалдаанд гарах магадлал өндөр байна. Хамгийн гол нь энэ загвар нүүр дүүрэн дэлгэцтэй болсоноор өрсөлдөгчийн бүтээгдэхүүнээс дутахгүй болох юм.

Face ID

Apple компани эцсийн эцэст царай таних системийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх гэж байна. Гэхдээ бусад компаниудаас ялгаатай нь Apple-ийн царай таних систем ширээн дээр байсан ч гэсэн хэрэглэгчийнхээ царайг таньдаг болох юм.

Учир нь хэрэглэгчийн царайг бүх өнцгөөс таних төдийгүй энгийн нэг гэрэл зургаар хуурах боломжгүй болох аж. Зөвхөн утасны түгжээ тайлаад зогсохгүй төлбөр хийхэд хүртэл энэ системийг ашигладаг болж магадгүй.

ARKit

AR технологи энэ жилийн арга хэмжээний хамгийн сонирхолтой зүйлсийн нэг болно. Өнгөрсөн зун анх хөгжүүлэгч нарт танилцуулсан ARKit нь олон сонирхолтой зүйлсийг хөгжүүлэх нэг том шалтгаан болсон юм.

Дараах бичлэгээс та хөгжүүлэгч нар Apple-ийн ARKit-ийг ашиглан юу бүтээсэн болохыг үзээрэй.

Компани ийнхүү хөгжүүлэгч нарт зориулсан бүтээгдэхүүн танилцуулсан шалтгаан нь өөрсдийн гэсэн AR төхөөрөмжийг бүтээж буйтай нь холбоотой гэж үздэг. Харин төхөөрөмжөө зах зээлд танилцуулахын өмнө хангалттай их хэмжээний контенттой болох нь Apple-ийн зорилго.

Apple Watch

Шинэ загварын Apple Watch энэ удаад заавал гар утастай холбогдохгүйгээр өөрөө сүлжээнд холбогддог болох магадлал хамгийн өндөр байна. Загварын хувьд онц өөрчлөгдөхгүй бөгөөд хоёр шинэ өнгө нэмэгдэж магадгүй.

Apple TV

Apple TV 4K хэмээх нэршил сүүлийн үед газар авах болсон. Тэгэхээр A10X чиптэй шинэ загвар нь 4К дүрс дэмждэг болж магадгүй. 3GB RAM-тай, гурван цөмтэй шинэ процессорын ачаар Apple TV нь 4К чанартай, 60 кадрын хурдтай дүрсийг гацахгүй тоглуулдаг болох юм.

Бас, бус зүйлс:

- Шинэчилсэн AirPod
- iOS 11-ийн хэрэглээнд нэвтрэх хугацаа
- macOS High Sierra үйлдлийн систем
- Хөдөлгөөнтэй гурван хэмжээст Эможи болон "гэнэтийн бэлэг" байж магадгүй.

Apple-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг GoGo Мэдээний агентлаг есдүгээр сарын 13-ны 01:00 цагаас текст хэлбэрээр шууд дамжуулан хүргэх болно.

#Iphone #Induction