ЗАХИДАЛ: Энэ хоёр мэргэжлийн алийг нь сонгохоо мэдэхгүй байна?


ССҮТөв | YOLO.MN
2017-09-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Мэргэжил сонгох гэж 10-р ангиасаа хойш бодсон одоо болтол эргэлзсээр л эмч, архитектур хоёрын дунд гацчихсан

Гэхдээ яг аль мэргэжилд нь дуртайгаа өөрөө мэдэхгүй л байна туслаач?

Сайн байна уу би одоо 12-р ангийн сурагч.  Мэргэжил сонгох гэж 10-р ангиасаа хойш бодсон одоо болтол эргэлзсээр л эмч, архитектур хоёрын дунд гацчихсан.  Би өөрөө хими биологидоо гайгүй болохоор сонгосон ч хэтэрхий олон жил сурчих гээд байдаг. Гэхдээ архитектур сонгосон шалтгаан нь би өөрөө зурах дуртай мөн шугам зурагтаа сайн учраас тэр юм. Мөн математик гэж нэг том асуудал гарч ирээд байдаг яг яах хэрэгтэйгээ ойлгохгүй. Зүгээр л дунд нь гацчихаад байдаг яах хэрэгтэй вэ? Гэхдээ яг аль мэргэжилд нь дуртайгаа өөрөө мэдэхгүй л байна туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Зөвхөн өөрийн хувийн бодолдоо эргэлдээд байх биш мэргэжлүүдийн талаар судалж, баттай мэдээлэл цуглуулаарай

Шалгалтын хариунаас чиний аль сургуульд элсэж орох нь ихээхэн хамааралтай байдаг тул хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм шүү. 

Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Зөвхөн өөрийн хувийн бодолдоо эргэлдээд байх биш мэргэжлүүдийн талаар судалж, баттай мэдээлэл цуглуулаарай. Мөн энэ жил  ЭЕШ өгөх тул анхаарлаа өөрийн эргэлзээнд биш шалгалтдаа бэлдэхэд төвлөрүүлээрэй. Шалгалтын хариунаас чиний аль сургуульд элсэж орох нь ихээхэн хамааралтай байдаг тул хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм шүү.  Мөн дараах зөвлөгөөг чамд хүргэж байна. Энэхүү асуултанд хариулаарай:

1. Ямар харилцаатай мэргэжил чамд тохирхыг судал.  Мэргэжлийг харилцах чиглэлээр нь дараах 5 үндсэн хэсэгт хуваадаг:

-Хүнтэй харилцдаг мэргэжлүүд / цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцааг/
-Техниктэй харилцдаг мэргэжлүүд /шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд/
-Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач г.м/
-Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж г.м/
-Уран сайхны дүртэй харилцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжигчин, дуучин г.м/

2. Бодит байдлыг судал. Сонгосон мэргэжлийн чинь чиглэлээр бодит амьдрал дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилц. Тухайн мэргэжлийн салбарт ажилладаг хүмүүсээс мэдээлэл аваарай.

3. Өөрийгөө судал. Өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, юунд сэтгэл ханамжтай байдаг, юунд гонсойдог, илүү сайн хөгжсөн онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Чи юу хүсэж байна гэдгээ мэд. Үүний тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Интернет болон бусад эх сурвалжид байгаа мэргэжил сонголтын сорилоор өөрийгөө сорьж үзэж болно.

4.  Сургуулиа судал. Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Profession #Dont #Know