Өсвөр үеийнхэнд санал болгох "ШИРЭЭНИЙ ВЕБ САЙТУУД" #1 Монгол


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-09-12

Томчуудад зориулсан мэдээ, бага насны хүүхдүүдэд зориулсан мэдээг "хольж хутгаж" байгаад дундаас нь хэрэгтэй мэдээллээ арай ч үү гэж нэг юм олж авдаг, өөрт хэрэгцээтэй бөгөөд сонирхолтой "ширээний веб сайт"-тай болохыг хүсэвч олж чадахгүй байгаа чамд дараах Монгол вебсайтууд заавал таалагдах болно.

"Сайтын нэрэн дээр дараад шууд зочлоорой."

 YOLO.MN
Тийм ээ мөн, яг одоо чиний зочилж буй энэхүү вебсайт. Зөвхөн өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг үнэн зөв, чанартай, түргэн шуурхай мөн ёс суртахуунтай хүргэх зорилготой ажиллаж буй тус вебсайтын хамт олон үйл ажиллагаагаа эхлүүлээд аль хэдийнээ жил хагасын хугацааг өнгөрөөжээ.

Сурмаар, Мэдмээр, Асуумаар, Сонирхмоор, бас Гайхуулмаар мэдээ мэдээллүүд, Хүслийн жагсаалт, Сүүлийн үед болох үйл ажиллагаа, Хит дуу болон Кино, Заавал унших ярилцлагууд мөн YOLO SHOP гээд чамайг гайхшруулах зүйл олон байгаагийн дээрээс хамгийн гол нь өсвөрийн сэтгүүлчдийн өөрсдөө бэлтгэсэн мэдээ мэдээлэл, ярилцлага нийтлэгдэн ордгоороо чамд илүү ойр, бас тухтай байна гэж найдаж байна.

UNREAD.TODAY
Цэгцтэй бөгөөд хэрэгцээтэй гэдгийг хамгийн түрүүнд онцолъё. Сайтын үүсгэн байгуулагчид, хамт олны хувьд туршлагатай, энэ салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон хүмүүсийн итгэлийг даасан "ширээний веб сайт" гэдгийг сайт болон сошиал хуудсан дахь хүмүүсийн хандлага илэрхийлнэ. Зарим нийтлэлүүд өсвөр үеийнхэн бидэнд жаахан "ахдаж" болохоор, гэхдээ "АПП ТОЙМ", "МЭДҮҮШТЭЙ" гэх хоёр буланд заавал зочилж үзэхийг санал болгоё. Энэхүү вебсайт нь чамайг орчин үеийн мэдээлэлтэй, амжилттай иргэн болоход туслах болно.

BURO247.MN
Өөрсдийн амьдралын хэв маягаа олно гэдэг өсвөр насныханд тулгардаг сонирхолтой бөгөөд чухал  асуултуудын нэг. Би өглөөний хүн үү?, эсвэл оройны хүн үү?, Миний хувцаслалтын хэв маяг яг ямар юм бэ?, Би арьс арчилгаа, гоо сайхандаа хэрхэн анхаарал хандуулах ёстой вэ?, мөн хэрхэн яаж жингээ хэрхэн хасаж, галбираа өөрчлөх вэ? гээд олон асуултын хариултыг олох гэж бид амьдралын янз бүрийн хэв маягыг туршиж үзэх нь бий.

Мэдээж туршиж үзэж байж л “өө, энэ яг миний стайл” гэсэн зүйлсээ олж авч чадна.  Тийнхүү чамд хамгийн сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй мэдээ мэдээлэл, туршилтын сэдлийг өгөх залуучуудын хувцас загвар, урлаг соёл, гоо сайхан гээд олон  чиглэлээр бэлтгэн нийтэлдэг BURO247.MN вебсайтад зочилохийг санал болгож байна.

Дэлхийн 11 улсад үйл ажиллагаа явуулдаг дижитал сэтгүүл бөгөөд зөвхөн Монголын гэлтгүй олон улсад өрнөж буй шинэлэг, үнэн зөв мэдээ мэдээллийг хүргэж чаддагаараа онцлогтой билээ.

TAGTAAPUBLISHING.MN
Олон олон хүүхэд залуучууд номтой нөхөрлөж, хичээнгүйлэн уншиж байдаг билээ. Магадгүй чи тэдний нэг бол энэхүү вебсайтад заавал зочилж үзэхийг санал болгож байна. Энд номтой холбоотой олон төрлийн мэдээ мэдээлэл, гадаад, дотоодын алдартай зохиолчдын сонирхолтой ярилцлага, уншсан номын тэмдэглэл мөн номын танилцуулга гээд мэдүүштэй нийтлэлүүд олон. (Жич: цахим ном унших боломжгүй.)

EKIDS.MN
“Харилцаа холбооний зохицуулах хороо”-ний дэргэдэх энэхүү вебсайт нь хүүхэд өсвөр насныханы цахим орчин дахь аюулгүй байдлын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг юм. Техник технологийн талаар мэдээлэл, цахим орчинд зөв соёлтой байх тухай, хүүхдийн эрхийн ойлголтууд мөн цахим тоглоомын талаар гээд чамд хэрэгтэй мэдээллүүд энд олон байх болно.

TEDXULAANBAATAR.COM
Хорин таван жилийн өмнө Калифорниа-д дөрөв хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжжээ. Харин TEDx нь хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцдаг бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм.

TED болон TEDX-ийн сонирхолтой түүхүүдийг мэдэж авах, өөрсдийн мэдлэг туршлага, шинэ санааг бусдадаа хувцаалцаж буй олон олон хүмүүсийн илтгэлүүдийг Монгол, Англи хэлээр сонсох, мөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн тухай мэдээллүүдийг олж авахыг хүсвэл чамд TEDXULAANBAATAR.COM-ыг санал болгож байна.

MONGOLTOLI.MN
"Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар"-н дэргэд үйл ажиллагаа явуулдаг тус вебсайт нь Монгол хэлний болоод Монгол түүхийн тайлбар толийг Кирилл болон Монгол бичиг дээр ашиглах боломжтойгоороо онцлог юм.

ARTFILM.MN
Кино урлагийн салбарыг сонирхдог, кино үзэх дуртай хүүхдүүдийн заавал зочилж үзэх вебсайтуудын нэг юм. Мэдээллийн сандаа 3000 гаруй кино, 4000 гаруй уран бүтээлчийн тухай тойм мэдээллийг багтаасан бөгөөд шинэ, шилдэг киноны жагсаалтууд, кино урлагийн түүхэн цагалбар, сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд гээд кино урлагтай холбоотой сонирхолтой мэдээ мэдээллүүдийг ARTFILM.MN-с  авах боломжтой.

Өөрийнхөө үзэх дуртай төрлийн кино, алв эсвэл дуртай жүжигчнийхээ тоглосон киног хамгийн хялбар аргаар эндээс олохыг санал болгож байна.

#Teenagers #Website