Э.Түвшинзаяа: Гар урлал МӨНГӨ ХЭМНЭХЭЭС гадна БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ хөгжүүлдэг


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-09-11

Хуучин хэрэггүй зүйлээ ашиглан өөрийн гараар юм урладаг авьяаслаг охинтой сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLOСайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
- Сайн байна уу. Намайг Э.Түвшинзаяа гэдэг. Би МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан.

YOLOЧамайг DIY (Do It Yourself) буюу гар урлалаар маш олон гоё зүйл хийдэг гэж сонссон. Гар урлалыг яагаад сонирхох болсон бэ?
- Бага байхдаа ээж, хоёр эмээтэйгээ цагийг их өнгөрөөдөг байсан. Тэд маань надад маш их зүйлийг зааж өгдөг байсан учир би гараар хийсэн зүйлд хүний сэтгэл их шингэдэг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс л гар урлалаар юм хийх дуртай болсон доо.

YOLOЯг ямар төрлийн зүйлс урладаг вэ?
- Ихэвчлэн хуучин зүйлсээр шинэ юм хийхийг хичээдэг. Надад хэрэггүй болсон аль эсвэл өмсөхөө больсон хувцас гэх мэт зүйлсээр шинэ содон юм хийдэг. Хуучин зүйлээ яаж өөртөө хэрэгтэй болгон өөрчилж болох вэ гэж бодон урладаг.

YOLOГар урлалаар суралцахын давуу тал нь юу вэ?
- Давуу тал гэвэл хүн үүнд сэтгэл зүрхээ зориулж хийдэг болохоор аливаа юманд нямбай ханддаг болно. Нөгөө талаасаа мөнгө хэмнэдэг. Хамгийн гол зүйл нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг юм.

YOLOГарын эв дүй сайтай юм чинь юм оёж эсгэхдээ сайн уу?
- Манай найзууд намайг яг юм хийж байх үедээ үнэхээр эв дүйгүй харагддаг гэдэг. Гэхдээ яг хийгээд дууссаны дараа бодол нь өөрчлөгдөж дажгүй харагдаж байна гэцгээдэг. Эсгэх тал дээр нээх сайн биш ч гэсэн би хатгамал оёдог.


YOLOЭэж, эмээгээсээ их зүйл сурсан гэлээ. Тэгвэл бие дааж өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ?
- Өөрөө бол тавдугаар ангиасаа “Youtube”-ээс бичлэг үзэн сурч эхэлсэн. Эцэг эх маань намайг их дэмждэг. Ээж маань намайг дэмий юм хийлээ гэж нэг ч удаа зэмлэж байгаагүй. Харин ч надад маш их зөвлөдөг.

YOLOЧөлөөт цагаараа урлахаас бусдаар юу хийдэг вэ?
- Есдүгээр ангиасаа эхлэн байт харваагаар хичээллэсэн. Ер нь бол  чөлөөт цагаараа ганцаараа байдаг. Ганцаараа байж шинэ зүйл туршиж үзэх их дуртай.

YOLOГар урлалаа хийхдээ шинэ санаагаа хэрхэн олдог вэ?
- Шинэ санаагаа ер нь бол кино үзээд ч юм уу эсвэл эргэн тойрноо ажиглаж байгаад олж авдаг.

YOLOИрээдүйд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?
- Бага байхдаа загварын мэргэжлээр явна гэж боддог байлаа. Гэхдээ би бодож үзээд баргийн хүн сонгохооргүй хэцүү мэргэжлээр дээд зэрэг авна гэж бодоод "Хэрэглээний шинжлэх ухаан"-ы салбарыг сонгосон. Ирээдүйд Монгол улсынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлаад нарийн мэргэжилээ нэгээс хоёр жилийн дараа шийднэ. Гар урлалаа хобби болгон авч явна гэж боддог.

YOLOХамгийн ойрын зорилго чинь юу вэ?
- Ойрын зорилго гэвэл өөрийн гэсэн "Youtube" хуудастай болох зорилготой байна. Ингэхийн тулд мэдээж надаас багагүй хөдөлмөр шаардагдана.


Гар урлал хийе гэвэл эхлээд гэрт байгаа хуучин эд зүйлээ ашиглан шинэ юм хийгээд үзээрэй.

Э.Түвшинзаяа

 

YOLOМөрөөдөл чинь юу вэ?
- Шинжлэх ухааны салбарт өөрийн хувь нэмрээ инженерийн зүгээс оруулахыг хүсдэг.

YOLOГар урлалаа хийж байхад чадахгүй зүйл гарвал шантардаг уу?
- Ер нь шантардаг. За одоо больё доо, чадахгүй юм байна гэж их боддог. Гэхдээ шинэ санаанууд олох тусам туршиж үзэхгүй л бол болохгүй юм шиг санагдаад больж чаддаггүй юм.

YOLOГар урлалаар хичээллэхийг хүсдэг ч яг яаж хийхээ мэдэхгүй байгаа хүүхдүүдэд зориулж зөвлөгөө өгвөл?
- Яг бичлэг үзээд түүний зааврыг дагаад бас тэрэнд орох эд юмсыг цуглуулна гэвэл хэцүү. Харин түүний оронд эхлээд гэртээ байгаа хуучин зүйлсээ ашиглан шинэ юм хийхийг хичээгээрэй.

YOLOЯрилцсанд баярлалаа. Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.


Түүний ИНСТАГРАМ хуудсыг сонирхохыг хүсвэл ЭНД дараарай.

#DIY #Good #Girl