Олон улсын ХҮҮХДИЙН СПОРТЫН VII наадмын ЭРГЭН ТОЙРОНД


Б.Намуун | YOLO.MN
2017-08-16

ОУ-н хүүхдийн спортын VII наадам 2017 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод эхэлсэн билээ. Тус наадам эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл наадмын эргэн тойронд юу болж байна вэ?

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Бидний эхний зогсоол МҮЭ-ийн спортын ордонд зохиогдож буй ширээний теннисний тэмцээн байв. Тухайн үед холимог багийн тоглолт өрнөж байлаа.

МУ-н тамирчин Б. Ганцэцэг
Би БНХАУ-н тамирчинтай  нэг баг болж тоглож байгаа. Өөр улсын тамирчинтай нэг баг болоход их эвгүй байна. "Би алдчихвал яана аа" хэмээн нөгөө тамирчнаасаа айх тохиолдол их бий. Гэхдээ намайг алдаа гаргахад тэр огт уурладаггүй. Харин ч инээмсэглээд "Зүгээр ээ, сайн байна" л гэдэг. Бидний ярьдаг хэл ондоо ч дохио зангаагаар ойлголцоод байгаа.Одоо бид нэг баг хожих юм бол зооноосоо нэгээр гарна. Хэрвээ хожихгүй бол хоёроор гарна. Ямартай ч зооноосоо гарахаар болсондоо баяртай байна.
 


САГСАН БӨМБӨГ

Дараагийн тэмцээн Спортын төв ордонд зохиогдож байв. Бид U17,I болон U17,II охидын багуудын ширүүхэн тоглолтон дээр очиж таарлаа. Монголын охидын хоёр шигшээ баг маань аргагүй л эн тэнцүү өрсөлдөж, чанга баг гэдгээ батлаад амжив.

Дасгалжуулагчид тамирчиддаа заавар зөвлөгөө өгсөөр...

МУ-н сагсан бөмбөгийн I шигшээ багийн ахлагч Т.Энхболд
Бид өмнөх тоглолтон дээрээ Хятадын I багтай тоглож 99:55 онооны харьцаатайгаар хожсон. Одоо Монголын IV багтай тоглоно. Хятадын баг урагшаа шахаж их хүчтэй хамгаалалт хийсэн ч манай баг зохион байгуулалт сайтай байсны үндсэн дээрээс хожлыг авч чадлаа. Ер нь бол бүх тоглолтууд жигд хүчтэй явагдаж байна. Хамгийн хүчтэй баг гэвэл Хятадын I баг, Монголын III баг их хүчтэй байна. Өдөр болгон тоглолттой байгаа ч ядрал ер нь бага байгаа. Их сайхан тэмцээн болж байна.


ХӨЛ БӨМБӨГ

Хөлтэй хөөртэй хөл бөмбөгийн тэмцээн дараагийн зогсоол маань. Уг тэмцээн Футзалын ордонд өрнөж байв.
 
ОХУ-н тамирчид Дариша, Лера нар
Манай баг сая Монголын Хан-Уул багтай тоглож 3:2 онооны харьцаатайгаар хожигдлоо. Ер нь бүх багууд их хүчтэй байна. Гэхдээ Монголын баг тамирчид илүү хүчтэй ширүүн байна. Бидний хувьд хөлбөмбөгөөр хичээллээд долоон жил болж байна. Жилд ихэвчлэн зургаан удаа ОУ-н тэмцээнд оролцдог. Энэ зургаа дахь удаагийн тэмцээн. Тэмцээний үеэрх хүндрэлтэй асуудал гэвэл их ядарч байна энерги их дутагдаж байна даа. Мөн бусад улсын тамирчид нэлээн өндөр охид байна. Харин бидний хувьд намхан. Энэ нь бас асуудал болж байна.

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг


МУ-н охид эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд
Манай баг өнөөдөр гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Эхний үед Хад клубыг 4:0 харьцаатай хожсон. Өчигдөр Хан-Уул дүүрэгт 2:0 онооны харьцаатай хожигдож одоогийн байдлаар нэг хожил, нэг хожигдолтой байна. Энд муу баг гэж байхгүй. Яагаад гэвэл Монголын шилдэг гурван клуб, шигшээ баг байна. Мөн дээрээс нь ОХУ, Хятадын тамирчид ч сайн. Наадмын талаарх сэтгэгдэл маш өндөр байна. Хөлбөмбөгийн спорт тэр дундаа эмэгтэй хөлбөмбөгийг оруулж өгсөнд их баяртай байна. Учир нь манай оронд эмэгтэй багийн хөлбөмбөг дөнгөж хөгжиж эхэлж байгаа шүү дээ.

Хөлбөмбөгийн тэмцээн дээр ажиллаж буй сайн дурын ажилчид
Намайг Г.Номун гэдэг. Би одоо 15 настай. Энэ спортын наадам миний хоёр дахь сайн дурын ажил. Хүндрэлтэй асуудал ер нь алга. Футзалын ордон дотор сэрүүхэн болохоор халууцах зүйлгүй. Би энд мэдээллийн ширээн дээр байрлаж хүмүүст мэдээлэл өгөхийн зэрэгцээ ОХУ-н багт орчуулагч хийж байна. Тэмцээн өндөр зохион байгуулалттай эмх цэгцтэй явагдаж байна. Олон сайн дурын ажилчид их байгаа учраас шинэ найзуудтай болж байгаадаа баяртай байна.


БОКС

Бие хамгаалах урлагийн нэгэн төрөл боксын тэмцээнээр манай өнөөдрийн сурвалжлага өндөрлөж байгаа билээ. Биднийг очиход завсарлага явагдаж байсан бөгөөд орон орны баг тамирчид маань хувийн бэлтгэлээ базааж дасгал сургуулилтаа хийж байв.



Боксын охидын ангилалын 50 кг жингийн тамирчин С.Энхгэрэл
Одоогоор хоёр хосын дараа ОХУ-н тамирчинтай тоглох гэж байна. Ер нь бол тэмцээн нэлээн өрсөлдөөнтэй санагдлаа.

Манай жинд өрсөлдөөн их ширүүн байгаа. Иймээс их хичээж байж л алтын төлөө гарч ирэх бололтой. ОХУ-н хөвгүүд, БНХАУ-н охидууд их хүчтэй байна.

Ямар нэгэн хүндрэлтэй асуудал огт байхгүй их сайхан тэмцээн болж байна.

 

Наймдугаар сарын 14-ний өдөр бэлдсэн сурвалжлага маань ийнхүү өндөрлөлөө. Спортын наадмын эргэн тойронд сонсох сонин, харах хачин зүйлс арвин өрнөж байна.

 

 

 

#World #Teenagers #Sport #2017