Б.Аззаяа: Тайзан дээрх таван минутын төлөө амьдралынхаа талыг зориулна гэдэг гайхамшиг


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2017-08-14

Энэ удаад бид "Mongolian contortion center"-ийн уран нугараач Б.Аззаяатай ярилцлаа.

YOLOӨөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
- Намайг Батбилэгийн Аззаяа гэдэг. 17 настай Америк дахь Оаклэндийн олон улсын ахлах сургуулийн сурагч.

YOLOЧи уран нугаралтаар хичээллэдэг юм байна шүү дээ. Энэхүү урлагийг яагаад сонгох болсон бэ?
- Уран нугаралт гэж мэддэггүй байхад эмээ минь дагуулж очин бүртгүүлж байсан. Тэндээ мундаг эгч нараа хараад л уран нугаралт гэдэг урлагт дурлаж цэцэрлэгийнхээ хүүхдүүд унтдаг цагаар бэлтгэлээ хийдэг байсан.

YOLOУран нугаралтаар хичээллэснээр танд ямар боломжуудыг нээж өгсөн бэ?
- Би багадаа Дарханд байдаг өвөө эмээ дээрээ өссөн болохоор тэд минь их ч тусалсан. Уран нугаралт ч гэлтгүй ямар ч урлаг спортоор хичээллэхэд хамгийн гол нь хүүхэд цаг заваа зөв зарцуулж ирээдүйдээ зорилго зорилт тавьж сурдаг юм шиг санагдсан. Анх Дархан уул аймгийн "Угалз"4 уран нугаралтын төвд Оюунчимэг багшийн дор орж байсан. Дөч гарсан эмэгтэй өсгийтэй гутал өмсөөд урлаг намайг ийм болгосон гээд явж байдаг өөртөө итгэлтэй гайхалтай багш даа.

YOLOОлон хүний цаг завыг зориулж, хөлс хүчээ шингээсэн бүтээл хэдхэн хоромд л тайз, дэлгэцэн дээр амилдаг шүү дээ. Хийсэн зүйлээ эргээд харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
 - Мэдээж сайхан шүү дээ, тайзан дээрх таван минутын төлөө амьдралынхаа талыг зориулсан байна гэдэг гайхамшиг. Би нэг хэсэг нугаралтаа болиод хичээлдээ анхаарахаар шийдэж байсан юм. Одоо бодоход тэр хоёр жил өглөө нь хичээлдээ явж өдөр нь хичээлээ давтаж орой нь гарж тоглодог тогтсон дараалалтай өнгөрсөн амьдралын минь хамгийн уйтгартай үе. Буцаж бэлтгэлээ хийгээд удаагүй байхад "UB place"-ийн нэгэн тоглолтонд миний өндөр стоёк (4 метрийн нарийхан төмөр)-н дээр гардаг хэсэг дээр алдчиж билээ. Зарим хүмүүсийн "уначихвий дээ, аймар юм бэ" гэх мэр сэр үгнүүд сонсогдож байсан ч хоёр дох оролдлого дээрээ хийж чадсан.


Тэр их үзэгчид бүгд алга ташиж зарим нь бүүр босоод зогсчихсон номероо дуусгаад тайзны хойно очиход дуучид бүжигчид гээд бусад уран бүтээлчид "мундаг юмаа" гээд инээмсэглэцгээж байсан. Тэгээд л алдчихсан хүн бөөн айдастай багш дээрээ очиход "Сайн байна" гэж билээ. Энэ л энгийн үгс жирийн алга ташилттай 10 минут намайг маш их аз жаргалтай болгож байсан.

YOLOТаньд өөр төрлийн хобби сонирхол бий юу ?
- Жоохон сонин ч тоо бодох их дуртай. Багадаа эмээгийнхээ дэлгүүрт хань болоод хажууд нь хүмүүсийн хариултыг нь бодож өгдөг байсан. Тэр нь надад их хөгжилтэй тоглоом тоглож байгаа юм шиг бодож бодож хариулангуут эмээ зөв байна буруу байна гээд л шалгана. Гол нь намайг ерөөсөө тооны машинтай ойртуулдаггүй байсан юм. Харин одоо жоохон хэцүү ч юм уу стресстсэн үедээ тоо бодохоор өөр юм бодогдохгүй тайвшраад гоё болчихдог.

YOLOӨсвөр наснийхан буюу таны үеийнхэн өөрийн сонирхолтой зүйлээ олсон ч ичээд эсвэл залхуураад хийж эхлэхгүй байх нь элбэг. Үүн дээр өөрийнхөө бодлоосоо хуваацаач?
- Үнэхээр дуртай бол оролдоод л үзэх хэрэгтэй байх. Ядаж нэг сарыг зарцуулаад дараа нь би энэ зүйлээс аз жаргал мэдэрж чадаж байна уу, энэ миний амьдрал хэрэгтэй зүйл мөн үү гээд сайн бодоод шийдвэрээ гаргаарай.

YOLOӨсвөр үеийнхэнд амжилтанд хүрхэд ямар зан чанар дутагдаж байна вэ?
- Би тийм өндөрлөгт гарчихсан хүн биш л дээ. Гэхдээ хөндлөнгөөс харахад цаг заваа л буруу зүйлд зарцуулдаг юм шиг санагддаг. Мөн найз нөхөд эцэг эхийн зөвлөгөө их чухал байх аа. Мундаг авьяастай ч түүнийгээ хөгжүүлэхээс илүү шоу цэнгээнээ нэгт тавиад явдаг хичнээн залуучууд байгаа бол, бүүр өөрийгөө ямар авьяастайг юунд дуртайгаа мэдэхгүй зүгээр л ирэх түрхэн зуурын өвдөлтөөс айгаад байх шиг санагддаг. Бүхий л гайхалтай зүйлд шалгуур байдаг шүү дээ зүгээр л өөртөө итгээд хийгээд л үзэх хэрэгтэй.

Жаахан хэцүү ч юм уу сэтгэл гутарсан үедээ тоо бодохоор өөр юм бодогдохгүй тайвшраад гоё болчихдог.

Б.Аззаяа

YOLOАмерикт Математикийн олимпиадад мөнгөн медаль авч Монгол улсынхаа нэрийг гаргасан гэсэн. Тоондоо сайжрахыг хүсдэг хүүхдүүдэд хандаж туршлагаасаа хуваалцаач?
- Миний хувьд хичээлийн дараа нэмэлт математикийн ангид явдаг. "Би угаасаа яаж ч хичээгээд ойлгодоггүй юм аа" гэж бодолгүй сайнаар бодоод хичээлийн хэдэн цагтаа анхаарлаа төвлөрүүлээд хийвэл тийм хэцүү зүйл биш байх аа. Мөн бодлогоо бодохдоо уг үндсээс нь эхлээд гаргалгааг нь хийгээд цэгцтэй дугаарлаад хийвэл толгой эргэхгүй мөн бодоход илүү хялбар болдог.

YOLOТаны бодлоор Америкийн ахлах сургууль Монголийнхоос юугаараа ялгаатай санагдсан бэ?
- Нэг анги, анги удирдсан багш гэж байдаггүй болохоор ч тэр үү сургуулийн бараг бүх хүүхдүүд нэг нэгнийгээ таньдаг болчихдог юм байна лээ. Монголын минь багш нар шиг "хичээлээ хий гэр орон нь яаж байна" гээд төрсөн охин шигээ харьцдаг багш ер нь байхгүй дээ. Тэгэх нь битгий хэл багш нарт нь загнах ч эрх байдаггүй. Хичээл нь тийм ч шахуу биш, нийт долоон төрлийн хичээл ордог. Тэрийгээ харин их дэлгэрэнгүй үздэг санагдсан. Хичээл өглөө 8:20-оос ороод 15:30 гэж тарна.

Ихэнх нь хичээлийн дараа хөлбөмбөг, сагсан бөмбөг, хөгжимийн дугуйлан секцүүдэд хамрагддаг. Мөн коллежын хичээлээ урьдчилаад үздэг ч хүүхдүүд байдаг. Ер нь хүүхдийг өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаардаг санагдсан. Түүнчлэн музье кино театр, коток гэх хөгжөөнт газруудаар жилдээ хэд хэд дагуулж явдаг. Тэр нь сурагчдыг хоорондоо улам дотносуулах зорилготой байдаг. Эхэндээ хэлээ мэдэхгүй сургуульдаа ганцаараа Монгол хүүхэд болохоор их эмээж л байсан. Гэхдээ хүүхдүүд нь их тусч нийтэч болоод ч тэр үү төсөөлж байснаас гайгүй байсан.


YOLOТаны нэг өдөр ямаршуухан өнгөрдөг вэ?
- Өглөөд 20 минутыг шинэ үг чээжлэхэд зарцуулдаг. Дараа нь дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд хичээлдээ явдаг. Хичээлийн дараа зарим өдөр нь коллеж математикын ангид зарим өдөр нь уран нугаралтын бэлтгэлдээ явна. Манай дүүгийн сургууль ойрхон байдаг болохоор дүүгээ аваад л харина даа. Тэгээд яг унтахын өмнөхөн өглөөний чээжилсэн үгээ сэргээж хардаг.

YOLOТа ирээдүйн мэргэжлийг сонгосон уу? Мөн ямар сургуульд орох бодолтой байна?
- Хэд хэдэн бодсон мэргэжил байгаа. Харин сургуулийн тал дээр UC Berkeley их сургуульд суралцахыг хүсдэг.

YOLOАззаяагийн хамгийн холын зорилго юу вэ?
- 10 жилийн дараа хамтдаа дэлхийг тойрно гээд одоо өөр өөр газар сураад явж байгаа найзуудын минь амлалт байдаг. Мэдээж амьдралдаа тавьсан хэд хэдэн зорилготой. Гэхдээ хамгийн том нь аз жаргалтай гэр бүл зохиогоод хүн болгонд тусалдаг сайн ээж, сайн найз байхыг л хүсдэг дээ.

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчидад маань хандаж үг хэлээч.
- Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ гадаад хэл сурахдаа цаг зарцуулж байгаарай. Ядаж өдөрт 1 цагийг л зарцуулахад ирээдүйдээ хийх маш том хөрөнгө оруулалт байх байхаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.

Гадаад хэл сурахад өдөрт НЭГХЭН цагийг л зарцуулахад ирээдүйдээ хийх маш том хөрөнгө оруулалт байх болно.

Б.Аззаяа

#MongoliaContortionCenter #Girl #Controversy