И.Мөнх-Очир: Мөрөөдөөд л суух биш зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшлах хэрэгтэй


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-09

Хэрэв хүн зорьж тэмүүлж, хичээж чадвал хүсэл мөрөөдөлдөө заавал хүрдэг. Тэдний нэгэн жишээ болсон хүүг танилцуулах гэж байна. Тэрээр дэлхийд дээгүүрт ордог Бритиш Колумбын их сургуульд суралцах урилга хүлээн авсан И.Мөнх-Очир хүүтэй ярилцсаныг хүргэж байна.

YOLOСайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Идэрцогтын Мөнх-Очир гэдэг. Орчлон олон улсын дунд сургуульд 12 жил суралцаад энэ жил төгссөн. Тун удахгүй Канад улс руу суралцахаар явна.

YOLOЮуны өмнө таны ямар ямар сургуулиас сурах урилга авсан талаар яриагаа эхлүүлье?
- Би Канад болон Америкийн нийт таван сургуульд өргөдөл илгээсэн. Багш нарынхаа зөвлөснөөр хамгийн өндөр рейтингтэй болон дундаж сургуулиудад зэрэг хүсэлт илгээсэн хэрэг л дээ. Мэдээж аль нэгэнд нь тэнцэхгүй гэхэд бас боломж гаргах үүднээс хэд хэдэн сургуульд хүсэлт илгээсэн юм. Тэгтэл өргөдөл илгээсэн бүх сургуулиасаа суралцах хариу хүлээн авсан.

Олон жилийн минь мөрөөдөл сургалт судалгаагаараа дэлхийн чансаанд өндөрт бичигддэг Бритиш Колумбын их сургуульдаа эдийн засгийн чиглэлээр суралцах урилга авсан нь энэ амьдралын минь мартагдашгүй сайхан мөч байсан даа. Одоо маш сайн хичээж суралцах он жилүүд хүлээж байна. Мэдээж энэ сайхан боломжийг олгосон эрдэмтэн багш нартаа насан туршдаа талархаж явах болно.

YOLOЭдийн засгийн чиглэлээр гадаадад суралцах гэж байгаа гол шалтгаан тань юу вэ?
- Дэлхий дахинд нийт долоон мянган төрлийн ажил мэргэжил байдгаас Монгол залуус 50 гаруйхан мэргэжлээс сонголтоо хийдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Би өөрөө ч энэхүү мэргэжлийг сонгохдоо олон талаас нь нухацтай бодохыг хичээсэн. Мэдээж аав ээжтэйгээ ч зөвлөсөн. Шүүмжлэх ч хүмүүс байсан.

Манай улсад эдийн засагч мэргэжилтэй хүмүүс түүхийн бүхий л цаг хугацаанд олноор бэлтгэгдсээр ирсэн нь үнэн. Гэвч би өөрөөсөө нэг л асуултын хариултыг авахыг хүссэн нь, ийм их эдийн засагч бэлтгэдэг манай улсын эдийн засаг  яагаад төдийлөн амжилт олж чадахгүй өдий хүрч байна вэ гэдэг асуулт. Зах зээлд шилжсэн он цагуудаас хойш тасралтгүй эдийн засгийн хямралуудтай нүүр тулсаар өдий хүрлээ. Хоёр их гүрний дунд орших жижигхэн эдийн засагтай манай улсын хувьд зөв бодлого хэрэгжүүлж чадвал боломж байсаар ирсэн тухай багш нарынхаа яриаг ч зөндөө сонсож л байсан.


Хэцүү зүйлээ давуу тал болгож чадвал хэтийн зорилгодоо хүрэх зам дөхөм болно.

И.Мөнх-Очир

Эдийн засагч мэргэжил эзэмшсэн тооноосоо илүү чанартай бэлтгэгдсэн, олон түмний хүндлэл хүлээсэн нь хэд байгаа билээ гэдэг асуулт мөн гарнаа даа. Мэдээж дэврүүн гэнэн байж магадгүй ч энэ мэргэжлийг чанартай сургуульд сайн эзэмшье, улс орондоо хэрэгтэй хүн болоод ирье гэсэн хүсэл их байна. Миний суралцах сургууль дэлхийд чансаагаараа 30-д бичигддэг дэлхийн хэмжээний боловсон хүчнүүдийг бэлтгэдэг сургууль. Ийм сургуульд элсээд суралцах хувь заяа тохиосных өөрөөсөө шалтгаалах бүхий л  нөөц боломжоо ашиглаж хичээн суралцах хүсэл минь дүүрэн байна. Манай үеийнхэнд ийм хүсэл эрмэлзэлтэй залуус олон бий. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд маань ч ийм л бодлыг өвөрлөж мэргэжлээ сонгож байгаа.

YOLOӨөрийг тань TEDx-ийн албан ёсны зохион байгуулагч мөн олон үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар ажиллаж байсан туршлагатай гэж сонссон. Үүнийхээ талаар бидэнтэй хуваалцана уу?
- Миний хувьд "TEDMED","TEDxBagaToiruu", "TEDxUFE" (Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн харьяа), "TEDxNUM" (Монгол Улсын Их сургуулийн харьяа) зэрэг бусад олон "TEDx" үйл ажиллагаанд зохион байгуулагч хийж байсан. Мөн манай улсад болсон "Asia-Europe Meeting" буюу Ази-Европын чуулга уулзалтын үеэр сайн дурын  ажилтанаар ажилласан.

Гадаад хэл, харилцааны чадвар зэргийг шалгаж үзээд  АСЕМ-ийн төв штабд "European Broadcasting Union" буюу Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбооны (тухайн үед Европын 30 улс, Азийн 21 улс, Олон улсын 2 байгууллагад АСЕМ-ийн чуулга уулзалтын талаарх мэдээллийг хүргэх суурь хангамжийг бий болгосон) ахлах ажилчид болон инженер техникийн гишүүдийн орчуулагчаар ажиллах боломж тохиосон.

АСЕМ-ийг амжилттай зохион байгуулагдсаны дараа талархлын захидлыг АСЕМ ажлын алба болон Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж нараас хүлээн авсан. АСЕМ-ийн хэвлэл мэдээллийг хариуцсан хамт олонтой ажиллах хугацаанд асар их туршлагыг өөртөө бий болгосон төдийгүй цаашлаад орчуулагч хийхэд техник технологийн хүнд нэр томъёо, үг өгүүлбэр хөрвүүлэх зэрэг хүндхэн зүйлүүд гарч байсан ч хамгийн чухал нь тухайн харилцаанд бий болгох ёстой нь миний үүрэг гэдгийг ойлгож авч билээ.Тэдгээр эрхмүүдийн дэргэд ажиллахдаа миний ажилдаа хандах хандлага, улсын маань залуусын нэр хүндээр хэмжигдэнэ гэсэн эмээлт байнга л дагаж аль чадахаараа хичээсэн дээ.



Тэр бүхний дараа намайг хариуцаж авсан ахлагч Оюундарь эгч маань надад  талархал илэрхийлж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, өндөр хариуцлагатай байсан тухайд сэтгэлд минь чимэг болон хадгалагдах үгсийг үлдээснийг одоо ч би санаж байна. Хатуу үгээр зэмлүүлэх үе ч цөөнгүй байсныг нуух юун. /инээв/smiley

YOLOТа өөрийн клубын талаар бидэнтэй хуваалцна уу?
- Миний хувьд "TEDEd" клубээ анх ахлах сургуулийн 9-р ангийн сурагч болоод үүсгэн байгуулж байсан, одоо ч тэргүүнээр нь ажиллаж байна. Дэлхий дахин дахь "TEDx" арга хэмжээнүүд болон "TEDEd" клубуудын  төв болсон Нью-Йорк хотын "TED" олон улсын байгууллагад өргөдөл гаргаж 2013 онд албан ёсны эрхээ авч байв. Гараа сайн бол бариа сайн. Аливаад зөв эхлэл тавигдах буюу суурийг чанартай сайн тавьж өгнө гэдэг маш чухал юм билээ. Тэр чинээгээрээ удаан оршин тогтнох  магадлал их болно гэсэн үг. "TEDEd" клубийн гол зорилго бол боловсролоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө бий болгох.

Нийт гишүүд маань өөр өөрийн гэсэн ажил үүрэгтэйгээс гадна "TEDEd" төвөөс өгсөн зааврын дагуу уран илтгэл тавих чадвар болоод зөв тэмдэглэл хөтлөх, эсээ бичих чадвараа жигд хөгжүүлж байдгаараа онцлогтой. Нэг үгээр хэлбэл бид өөрсдөө суралцагчид.

Санаачлан хийж бүтээсэн ажлаасаа дурдвал,харааны  бэрхшээлтэй хүүхдийн 116-р Дунд Сургуульд Англи хэлний ганцаарчилсан сургалт эхлүүлж стандартын дагуу хэл яриа, сонсох түвшин чадварт суурилсан төсөл маань амжилттай явагдсан. Төслийн бэлтгэл ажиллагаанд бид чанартай багш бэлтгэх, биет буюу хүрээлцээтэй хичээлийн хэрэглэгдэхүүний хангамжийг бий болгоход анхаарсан.

Үүнийгээ ч дагаад бидний үр дүн маш сайн байсан нь нийт хүүхдүүдээс маань шууд л харагдаж байсан. Зарим сурагчид маань бүр гадаад улсад суралцах хүсэл мөрөөдөлтэй болсноо хүртэл хэлж байсан шүү. Тухайн сургуулийн удирдлагууд баярласан талархсанаа илэрхийлж, 116-р сургуулийн сурагч найзууд маань бидэнтэй одоог хүртэл холбоотой байдагт баярладаг.



YOLOТанд сурч боловсорч, нийгэмдээ чиглэсэн энэ их ажлыг хийхийн хажуугаар ядрах үе тохиолдддог байх. Харин чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
- Ядрах  үе заримдаа гарна. Гэхдээ гайгүй ээ. Хичээл ихтэй үед бусад ажил маань давхцаад үүрээр гэрээсээ гараад бараг л шөнө цүнхэндээ дийлдсэн хүн буцаж ирнэ. Гэхдээ сонирхож байгаа зүйлээ хийж байгаа хүн нэг их  түүртээд ядраад байх нь гайгүй байдаг байх.

Ангийн багш маань биднийг бүр дунд ангид байхаас багийн спортоор хичээллүүлж эхэлсэн. Манай ангийнхан жигдхэн спортдоо сайн. Би гар бөмбөгөөр хичээллэдэг. Сая сургуулиа төгсөхдөө бид спортын зэрэг авцгаасан. Ер нь цаашдаа ч спортоо орхихгүй гэж боддог. Биеэ амраах чийрэг байх бас нэг сайхан амралт болдог зүйл шүү дээ.

Хоёрдугаар ангиасаа морин хуураар хичээллэсэн. Зав гарвал орхихгүй дуугаргаж байхыг боддог. Гэхдээ тийм ч мундаг тоглож чаддаггүй ээ. (Инээв)smiley

Чөлөөт цагаараа ном унших дуртай. Сүүлийн үед бясалгалаар хичээллэхийг оролдож байна. Гэхдээ бас тийм ч сайн төвлөрч сураагүй л байна.

Цаг гарвал сагс тоглож, дугуй унаж, усанд сэлж, бадминтон, ширээний теннис, боувлинг тоглох дуртай гээд ер нь их олон зүйлд дөртэй болгож өсгөсөн аав ээж, багш нартаа маш их талархаж явдаг аа. Орчлон сургууль маань ч энэ бүх боломжийг бидэнд нээж өгсөн. Аав ээж, эмээ, өвөө ах дүүс минь намайг хэмжээлшгүй их хайраар хайрлаж өсгөсөн.

Тийм ч учраас  ганц миний мөрөөдөл биш гэр бүлийн маань мөрөөдөл биелээд том хүү нь зорьсон мэргэжлээрээ суралцахаар явах гэж байна. Хүн өөрөө зорилготой түүндээ хүрэх тэмүүлэлтэй байвал юунд ч хүрч болно гэж би боддог. Гэхдээ мөрөөдөөд л суугаад байх биш зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшлах хүчтэй байх хэрэгтэй болов уу. Хэцүү зүйлээ давуу тал болгож чадвал хэтийн зорилгодоо хүрэх зам дөхөм болно.


YOLOЯрилцлагын маань төгсгөлд залуусдаа хандаж үг хэлэхгүй юу?
- Хамгийн гол нь дэмий зүйлд цаг заваа хэзээ ч зарцуулж болохгүй. Залуу насандаа ихийг хийж бүтээх ёстой. Хүн өөрөө зорилготой түүндээ хүрэх тэмүүлэлтэй байвал юунд ч хүрч болно гэж би боддог. Гэхдээ мөрөөдөөд л суугаад байх биш зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшлах хүчтэй байх хэрэгтэй гэж дахин хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа амжилт хүсье.yes

#University of British Columbia #Learning #Invitation