#СурагчСолилцоо: МОНГОЛ ХҮҮХДҮҮД үнэхээр АЗТАЙ юм аа!


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-08-09

-Монгол оронтой танилцсан олон улсын өсвөрийн хүүхдүүд сэтгэл хангалуун байлаа-

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулсан "Сурагч солилцооны хөтөлбөр" юм.

Энэ жил 4 улсын 4 хотын нийт 52 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулсан нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгаагаар онцлог юм.

Уг солилцооны хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгчээ.







БНСУ-н сурагчид

БНСУ-н сурагчид


БНХАУ-н сурагчид

БНХАУ-н сурагчид


Япон улсын сурагчид

Япон улсын сурагчид


ОХУ-н сурагчид

ОХУ-н сурагчид


Монгол улс  маань Япон улсын Мияаконожо хоттой найрамдлын харилцаа тогтоогоод 18 жил болж байгаа юм. Энэ хугацаанд маш олон соёлын болон өөр бусад харилцаа холбоо тогтоосон. Үүний нэг нь "Сурагч солилцоо"-ны хөтөлбөр  бөгөөд жил болгон уг хөтөлбөр хэрэгждэг.

Ноднин жил  Улаанбаатар хотоос маань нийт 10 хүүхэд сурагч солилцоогоор Япон улс руу явсан бол энэ жил Мияаконожо хотоос  10 хүүхэд Монголд ирсэн. Уг хөтөлбөрт дан ганц Япон гэлтгүй манай улстай хиллэдэг 2 том гүрэн болох  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотоос 10 хүүхэд, Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос 10 хүүхэд, мөн   Солонгос улсын Намяанжү хотоос 10 хүүхэд ингээд нийт 4 улсын сурагчид гээд 52 зочид төлөөлөгчид манай оронд айлчилжээ. Түүнчлэн  Хятад, Орос, Солонгос хүүхдүүд манай Монгол улсын бас нэгэн үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлж рүү явцгаасан байв. Харин үлдсэн Япон сурагчид маань Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй "Даншиг наадам" үзэхээр ирцгээжээ.

Дөрвөн улсын 40 хүүхэд танилцаад нэг ангийнхан шиг болжээ.





Японы Мияаконожо хотоос ирсэн охинтой хэсэг хором яриа өрнүүлснээ хүргэе.

YOLOКоничива? (Сайн уу?) Юуны өмнө уншигч үе тэнгийнхэндээ өөрийгөө танилцуулаач?
- Сайн байцгаана уу Монголын хүүхэд залуус та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Кива Мото Акари гэдэг. Японы Мияаконожо гэдэг хотоос ирсэн.

YOLO: Монголд ирээд хэд хонож байгаа вэ?
- Ирээд зургаа хоног хонож байна.

YOLOМонголоос үзэж харсан зүйлсээс хамгийн их таалагдсан нь юу байв?
- Энэ хугацаанд зөндөө зүйл харж танилцсан. Өчигдөр бид нар Гандан Тэгчлэнгийн Хийд орж маш том бурхан харсан. Энэ нь надад гоё санагдсан. Мөн Зайсан толгой дээр гарч Монголыг харсан бас л таалагдсан. Ер нь маш өргөн уудам тал цэлгэр нутагтай гэж хүмүүсийн ярихыг сонсоод ирж үзэхийг хүсдэг байсан. Уг хүсэл маань ч биелэлээ олж Монгол улсад ирсэндээ баяртай байна. Үнэхээр гоё байгальтай гэдэг нь үнэн юм билээ.

Одоо бид нар нилээн сүр дуулиант баяруудын нэг болох наадамыг үзэх гэж байна. Үүний нэрийг "Даншиг наадам" гэсэн. Яг албан ёсны наадмын үйл ажиллагаа нь долдугаар сарын 11-ээс эхэлдэг юм билээ. Ер нь зөндөө зүйл таалагдлаа бас маш олон зүйл сурч мэдсэн.

YOLOУг хугацаанд зөндөө найзуудтай болсон байх даа?
- Тийм ээ. Олон сайхан найзуудтай болсон. Дөрвөн өөр улсын 40 хүүхэд танилцаад одоо яг л нэг ангийн хүүхдүүд шиг болцгоосон. Орон бүрийн соёл өөр өөр учраас энэ бүгдийгээ солилцоод , хэдий бид сурагч солилцоогоор Монголд ирсэн ч гэлээ өөр хоорондоо бас мөн адил туршлагаа солилцоод явж байна. Ерөнхийдөө бүгд их эелдэг сайн хүүхдүүд байна лээ. Монгол хүүхдүүдийн оршдог газар ийм уудам тал ихтэй болохоор тэд ч бас ийм уужуу бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

YOLOБаярлалаа. Манай уншигч хүүхдүүдэд хандаж үг хэлээч?
- Миний ярилцлагыг хүлээн авч уншиж байгаа найзууддаа баярлалаа. Монголд төрсөн хүүхдүүд үнэхээр азтай юм аа. Дэлхийн тавцанд нэрээ мөнхөлсөн Чингис хааны үр удам,  ийм гоё байгальд төрж, эрүүл чийрэг бойжсон юм чинь өсөж том болоод яг л эцэг өвгөд шигээ алдартай иргэд болцгоогоорой гэж хэлмээр байна. Магадгүй миний ярилцлагыг зарим хүүхдүүд уншаад ямар атаархуу юм бэ гэж бодож магадгүй. Би атаархсандаа бус бахархсандаа ингэж хэлж байгаа юм шүү.

Үнэхээр өөр хэлэх үг алга. Дэндүү  тансаг байгальтай, маш зузаан түүхийн хуудастай орон байна.

YOLOЯрилцлага өгсөнд баярлалаа. Чамд амжилт хүсье.
- Баярлалаа. Чамд болон Yolo.mn  хамт олонд ч бас ажлын амжилт хүсье!

YOLOБаярлалаа smiley

Монгол хүүхдүүд бүгд их эелдэг юм байна лээ. Тэдний оршдог газар ийм уудам тал ихтэй болохоор тэд ч мөн уужуу бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Тийм ээ, хүүхэд залуус аа. Хэдий өөр орны хүүхдүүд ч гэлээ бид Эх дэлхий гэсэн нэгэн гэрт төрсөн гэрэлт ирээдүйнхээ эзэн нь болсон өсвөр үеийнхэн. Бид эх орноороо бахархах хэрэгтэй. Дараа нь гэрийнхээ нөгөө хэсэг болох өөр улс орны үүх түүхээр ч гэсэн бахарх! Сурагч солилцоо гэдэг нь зөвхөн хичээл заадаг юм биш гэдгийг дээрх нийтлэл болон ярилцлага харуулж өгсөн буй за. Хэрвээ чи сурагч солилцоогоор явж байсан эсвэл явахыг хүсч байгаа бол энэ талаараа яагаад YOLO- чиддоо танилцуулж болохгүй гэж...? yolo@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан илгээгээрэй.

#СурагчСолилцоо #Mongolia #City #World #Student