Ж.Оюунтуйл: Миний ээж миний манлайлагч


Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад бид Оросын засгийн газрын тэтгэлгийг 2016 онд хүртсэн Ж.Оюунтуйлтай ярилцлаа. Тэрээр тэтгэлэг хэрхэн хүртсэн талаараа болон үзэл бодлоосоо бидэнтэй хуваалцсан юм.

YOLOСайн байна уу, Юуны өмнө тэтгэлэг хүртсэнд нь баяр хүргэе. Энэхүү тэтгэлгийг хэрхэн хүртсэн бэ?
- Сайн байна уу, танд болон энэхүү нийтлэлийг уншиж буй хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд 2016 онд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Карл Попперын Мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлж, энэхүү тэтгэлгийн эрхийг Оросын шинжлэх, ухаан соёлын төвөөс гардаж авсан.

YOLOЯмар сургуульд ямар мэргэжлээр сурахаар төлөвлөж байгаа вэ?
- Москвагийн Плехановын Нэрэмжит Эдийн засгийн  Их Сургуульд хууль, эдийн засаг хосолсон мэргэжлээр суралцана.

YOLOТэгвэл Карл Попперын мэтгэлцээний УАШТ-нд тэргүүн байр эзэлсэн баг бүр Оросын Засгийн Газрын тэтгэлгийг хүртдэг гэсэн үг үү?
- Тийм гэж хэлж болно. 2016 онд анх удаа Карл Попперийн мэтгэлцээний УАШТ болсон. Тэтгэлгийг ч мөн анх удаа олгосон.

YOLOИлтгэгч хүн гэж дөрвөлжин ширээг гурвалжин гэж итгүүлтэл үнэмшилтэй ярьдаг хүнийг хэлнэ гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ талаар таны бодол?
- "Илтгэгч гэж ятган үнэмшүүлэх урлаг юм" гэсэн тодорхойлолт бас байдаг. Би үүнтэй огтхон ч санал нийлдэггүй. Илтгэх урлагийн гол зорилго мөн чанар нь ятгахад биш, зөв зүйлд уриалан дуудахад оршдог гэж боддог.

YOLOТаны хувьд илтгэгч хүн гэж хэн бэ? Мэтгэлцэгч хүн гэж хэн бэ?
- Илтгэгч хүн боловсон, илэрхийлэх чадвар сайтай байхаас гадна  хүний сэтгэлд өөрийн чин сэтгэлээсээ юуг хүргэж чадах вэ гэдэг нь чухал. Тийм ч учраас хэн нэгэн хүнд чин сэтгэлээсээ ганц ч болов зүйлийг ухааруулж чаддаг, мэдрүүлдэг хүн илтгэгч мөн. Мэтгэлцэгч хүн гэдэг нь аливаа асуудалд дүн шинжилгээ хийж чаддаг, дотоод мөн чанарыг нь ойлгосны үндсэн дээр мэдээлэл боловсруулж, бусадтайгаа солилцон, мэдлэгийг түгээгч юм.


YOLOАнх мэтгэлцэж байсан үеийн Оюунтуйл, одоогийн Оюунтуйл хоёрыг харьцуулбал ямар ялгаатай вэ?
- Миний амьдралын хэв маяг, найз нөхөд гээд маш олон өөрчлөлт гарсан. Жишээ нь би 10-р ангийн сурагч сургуулийн хэмжээнд л найзын, танилын хүрээлэлтэй байсан бол +300 клубт орсон цагаасаа өөрийн үеийн маш олон мундаг хүүхдүүд, ах эгч нартай нөхөрлөж эхэлсэн, үзэл бодол маань өөрчлөгдсөн гээд олон өөрчлөлт илтгэгч болсон цагаас минь хойш гарсан.

YOLOТаны хувьд өөртөө итгэснээр маш олон боломжууд нээгдсэн байх. Энэ итгэл гэдэг зүйлийг хаанаас олж авах ёстой юм бол?
- Итгэл гэдэг нь "Би өөртөө итгэе" гэж бодсоноороо бий болчихдог зүйл биш юм шиг... Өөртөө итгэлтэй байхын нэг үндэс нь зүрх сэтгэлээс нь гарч ирэх ёстой байх. Өөрөөр хэлбэл би нэг зүйлийг маш сайн мэдээд үүнийгээ бусдад түгээхийг хүсч байгаа нь өөртөө итгэх итгэлийн нэг үндэс гэсэн үг.

YOLOИлтгэл, мэтгэлцээн нь маш их судалгааг, магадгүй туршлагыг шаарддаг зүйл. Таны хувьд хэр их ном уншдаг вэ? Өсвөр насныханд ном санал болгооч гэвэл ямар ном санал болгох вэ?
- Би орой бүр унтахаасаа өмнө хэсэгхэн хугацааг ном уншихад зарцуулдаг. Гэхдээ би багаасаа ном уншиж, шимтдэг мундаг хүүхдүүдийн нэг байгаагүй, ахлах ангиасаа эхлэн ном унших хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод Баабарын "Дори идэр дүүдээ" гэх номыг анх уншиж байсан. Энэ номонд "Мэдлэг таны хүн болж төлөвшихөд маш их нөлөөтэй" гэдгийг өгүүлдэг учраас өсвөр насныхандаа санал болгож байна.

Итгэл гэдэг нь "Би өөртөө итгэе" гэж бодсоноороо бий болчихдог зүйл биш юм шиг...

Ж.Оюунтуйл

YOLOНом уншихын давуу тал болон яагаад унших хэрэгтэйг өөрийн үгээр тайлбарлавал?
- Оюунтуйл гэдэг хүн өөрийнхөө амьдарлаар ганц л амьдарна. Харин ном танин мэдэхүйн мэдээллийг өгөхөөс гадна нэгэн бүсгүйн амьдрал хэрхэн өнгөрснийг, өөр нэгэн залуу ямар зам туулсныг харуулдаг. Өөрөөр хэлбэл амьдралын олон өнгө аяс, гайхалтай зүйлсийг нээж өгдөг. Ном уншина гэдэг нь хэм хэмжүүр биш, энгийн зүйл гэдгийг ойлгож чадвал та бүхэн номын ертөнцөөр аялах эхлэлээ тавьж чадлаа гэсэн үг.

YOLOЦагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
- Зуны амралт, улирлын амралт, хичээлийн үеэр миний хийдэг зүйлс өөр өөр байдаг учраас янз бүрээр төлөвлөдөг. Энэ зуны хувьд долоо хоногт байнгын давтамжтай хийдэг зүйлсээ өдөр бүрт нь зааж өгөөд, чухал зүйлсээ нэг нэгээр нь нэмэх маягаар төлөвлөж байна. Төлөвлөхөд заавал дэвтэр юм уу төлөвлөгч хэрэгтэй, түүн дээрээ өглөө хэдэн цагт босох, юу хийх гэдгээ тодорхой бичихгүй бол бид маш их зүйл мартдаг. Энэ тэмдэглэсэн зүйлээ байнга биедээ авч явах хэрэгтэй. Ер нь сэтгэл гаргаад л байвал бүх зүйлд цаг гаргах боломжтой.

YOLO+300 клубийнхээ талаар уншигч хүүхдүүдэд маань тайлбарлаж өгөөч?
- Манай клуб илтгэх урлаг сонирхогч хүүхдүүдийн нэгдэл. Бид нэгэн сайхан халуун дулаан хамт олон үүсгэж чаддаг гэдгийг хамт байж үзсэн хүмүүс бүгд л мэддэг. Батням, Төмөрхүү, Ундрахбаяр гэсэн 3 багш маань манай клубыг авч явдаг. Ирээдүйд бид хамтдаа маш олон зүйлсийг хийж бүтээе гэсэн тэмүүлэлтэй байдаг учраас хөгжлийн хөтөч гэж клубээ тодорхойлмоор байна.


Ер нь сэтгэл гаргаад л байвал бүх зүйлд цаг гаргах боломжтой.

Ж.Оюунтуйл

YOLOТаны бодлоор манлайлагч хүн ямар байх ёстой вэ? Та өөрийнхөө хувьд манлайлагч байж чаддаг уу?
- Миний бодлоор та хаана манлайлж байна, хэнд манлайлж байна гэдэг чинь чухал. Өөрөөр хэлбэл миний ээж миний манлайлагч, надад маш олон зүйл зааж сургаж үлгэр дууриалал үзүүлсэн учраас. Би өөрийгөө Монголын манлайлагч залуусын нэг гэж ам бардам хэлж чадахгүй ч гэсэн манлайлагч болохыг эрмэлзэж байгаа нэгэн гэж тодорхойлох нь зүйтэй байх.

YOLOОХУ-д боловсрол эзэмшихийн тулд хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байсан байх. Хэлээ хэрхэн сайжруулсан бэ?
- Хэл сурахад зориулсан маш олон зөвлөгөө, бичлэгүүдийг судалж үзээд ганц л зүйлийг маш сайн ойлгосон. Тухайн хэлээрээ сэтгэж эхлэх нь чухал. Англи хэлийг өдөрт хоёр цаг судлах биш, өглөөнөөс орой хүртэл тухайн хэлээрээ мэдээлэл хүлээн авч, сэтгэж сурах нь хэл сурах эхлэл юм болов уу гэж боддог.

YOLOТаван жилийн дараах өөрийгөө төсөөлбөл?
- Яг л сургуулиа төгсч байх үе. Баклаврын түвшинд боловсрол эзэмшинэ гэдэг нь миний хувьд нэгэн том алхам, амжилт гэсэн үг. Цаашдаа боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаарч байгаа би л төсөөлөгдөж байна.


YOLOМонголын ирээдүй болсон үе тэнгийн залуус, дүү нартаа хандаж үг хэлээч.
- Бид бол монголын ирээдүй. Гэхдээ танд эх орныхоо төлөө маш том зүйлийг хий, амьсгал болгоноо эх орондоо зориул гэсэн өрөөсгөл зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийгөө өөрчил. Өнөөдрөөсөө маргааш илүү бай. Би өчигдөр 6 цагт боссон, өнөөдөр 5:50-с боссон. Энэ бол амжилт. Та өөрийнхөө хэмжээнд боловсрол эзэмшээд, хөгжөөд явбал энэ л таны эх орныхоо төлөө хийж байгаа нэгэн том хувь нэмрийн нэг. Энэ бүхний эхлэл нь яг одооноос ном уншиж эхлэх, дуртай зүйлээ олох гэх мэт энгийн зүйлс юм.

YOLOЯрилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
- Баярлалаа.


#russia #high school #scholarship