“Намайг нохой тэжээхийг эцэг эх маань зөвшөөрөхгүй юм”


Сондор | YOLO.MN
2016-04-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би нохойтой болмоор байна, гэтэл эцэг эх минь зөвшөөрөхгүй юм

Би нохойтой найз нараа харахаар атаархсандаа бараг уйлчих шахдаг. Тэднийгээ яаж нохойнд хайртай болгох вэ. 14 настай Л...

Сайн байна уу. Намайг Л гэдэг. 14 настай эрэгтэй.

Би амьтанд их хайртай. Тэр дундаа нохойнд маш их хайртай.  Одоо бол загас л тэжээдэг. Гэтэл загас тэжээхээс илүү надтай тоглож бас эрхлүүлж болдог нохойн гөлөг тэжээмээр байв ч ээж аав маань дургүйцээд байх юм. “Хэн түүнийг чинь арчлах вэ, тэгж байхаар хичээлээ сайн хий. Том болоод тусдаа гарахаараа нохой тэжээгээрэй” гэж хэлэх юм. Би нохойтой найз нараа харахаар атаархсандаа бараг уйлчих шахдаг. Тэднийг яаж нохойнд хайртай болгох вэ. Би хэчнээн амлалт өгөөд ч миний хүслийг сонсох нь битгий хэл “нохой” гэдэг үгийг хэлэх төдийд л бараг муухай харах юм. Би нохойтой болмоор байна. Би том болоод тусдаа гартлаа хүлээж чадахгүй нь. Надад зөвлөгөө өгөөч.

Зөвлөгөө: Нохойтой болно гэдэг маш сайхан. Гэвч чи сул талуудыг нь мөн тооцоолох хэрэгтэй

Магадгүй өөрөө нохойтой болохоосоо өмнө өөр хэн нэгний нохойг нэг өдөр арчилаад үзээрэй. Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу?

Чиний нохойтой болох хүслийг маш сайн ойлгож байна. Нохойтой болно гэдэг маш сайхан. Гэвч чи сул талуудыг нь мөн тооцоолох хэрэгтэй. Жишээ нь:

- Гэрийн чинь хаа нэг газар бие засч, түүнийг нь чи цэвэрлэх хэрэгтэй болно.
- Өдөр бүр нохойгоо салхилуулах үүрэг чамд тулгарна
- Нохойны хоол тэжээл, ахуйн хэрэглээ гээд санхүүгийн хувьд ч мөн ачаалал үүсгэнэ
- Гэрийн чинь тавилга, аав ээжийн чинь эд зүйлийг хазах, урах гээд хэрэг тариж орхино

Тиймээс эдгээр зүйлсийг сайтар тооцоолж нохой тэжээдэг найзуудаасаа сайтар зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй өөрөө нохойтой болохоосоо өмнө өөр хэн нэгний нохойг нэг өдөр арчилаад үзээрэй.  

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

 

#Problem #Асуудал #Нохой #DOG #ЭцэгЭх #Parents