ЭЕШ: Математикийн шалгалтыг 30667 хүүхэд өгснөөс 85.6 хувь нь тэнцсэн


Сондор | YOLO.MN
2017-07-04

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн энэ сарын 1-ний өдөр гарч, шалгуулагчид их, дээд сургуульдаа элсэх үйл явц үргэлжилж байна. Элсэлтийн шалгалтад Математикийн хичээлээр Улаанбаатарт 13141 хүүхэд шалгуулснаас 95.8 хувь нь унасан, Монгол хэлний хичээлийг 6911 хүүхэд өгснөөс 74.4 хувь нь “F” үнэлгээтэй буюу шалгалтдаа унасан тухай мэдээлэл гарав.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

YOLOЭЕШ өгсөн хүүхдүүдийн мэдлэгийн түвшин тийм доогуур байсан хэрэг үү?
-Хэвлэлээр ташаа мэдээлэл гараад байна. Тухайлбал, математикийн хичээлээр улсын хэмжээнд 30667 хүүхэд шалгуулснаас 85.6 хувь нь 400-гаас дээш оноо авсан буюу их, дээд сургуульд элсэх болзлоо хангасан байна.

Харин монгол хэлний хичээлийг 18233 хүүхэд өгснөөс 85 хувь нь их, дээд сургуульд элсэх болзол хангасан дүн гарсан. Монгол хэлний шалгалтын тухайд шалгуулагчдын гүйцэтгэлийн дундаж оноо 70 хувь бол өмнөх жилийнхээс 5 хувиар өссөн дүн гарсан байна.

YOLOДүн дээр яагаад ийм ташаа ойлголт гарах болов?
-Хэвлэлийнхэн албан ёсны эх сурвалжаас тайлбар авалгүйгээр мэдээлэл гаргаснаас нийгэмд боловсролын систем дампуурсан, сургалтын чанар шалдаа унасан мэт ойлголт авахад хүргэлээ. Шалгуурт суурилсан үнэлгээ, нормд суурилсан үнэлгээ гэсэн шалгалтын хоёр төрөл бий. Шалгуурт суурилсан үнэлгээгээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлдэг. Энэ нь улсын шалгалт, анги дэвших шалгалт, хичээлийн явцад багш сурагчдаас хяналтын ажил авдаг шалгалт учир зөвхөн хичээл дээр үзсэн сэдвээр авдаг шалгалт.

Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг нормд суурилсан шалгалтын аргаар авдаг. ЭЕШ бол хувь хүний чадамжийг шалгасан уралдаант шалгалт учир сэдэв нь илүү хүнд байдаг. Энэ дүнтэй холбоотой ойлголтын зөрүүний тухайд ЭЕШ-ыг шалгуурт суурилсан үнэлгээний аргачлалаар дүгнэсэн дүнг гаргасан байна. Тухайлбал шалгуурт суурилсан үнэлгээгээр

  • 00-59 оноотой бол F
  • 60-69 бол С
  • 70-79 бол D
  • 80-89 бол В
  • 90-100 бол А оноо авсан гэж дүгнэдгийг дунд сургуулийн сурагчид болон сургуулийн хүүхэдтэй аав, ээжүүд мэдэх байх аа.

ЭЕШ-ыг энэ аргаар дүгнэдэггүй юм. Уралдаант шалгалт учир сэдэв нь хүнд, дүгнэх аргачлал нь өөр байдаг. Тэгэхээр энэ жилийн ЭЕШ-ыг математикийн хичээлээр өгсөн шалгуулагчдын 85.6 хувь нь 400-гаас дээш оноо авсан буюу их, дээд сургуульд элсэх болзлоо хангасан гэж хэлээд байгаа юм. Шалгуулагчид авсан онооныхоо эрэмбэ чансаагаар сонирхсон сургуулиудаа сонгоно гэсэн үг гэв.

#ЭЕШ #math #advice