А.Аминцог: Сурагч багш болох нь маш олон давуу талтай


Э.Цовоо | YOLO.MN
2017-07-03

Чөлөөт зав цагаараа бяцхан дүү нар болон үеийнхээ хүүхдүүддээ өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг зааж өгдөг хүүхдүүд буюу “Сурагч багш” хүүхдүүдтэй яриа өрнүүллээ.

YOLOСайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач.
-А.Аминцог: Сайн байна уу. Би нийслэлийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд суралцдаг.
-Б.Нурсауле: Би мөн 11-р сургуульд суралцдаг.

YOLO“Сурагч багш” хийдэг гэсэн. Уншигчдад маань “Сурагч багш” гэж яг хэн болох талаар тайлбарлаж өгөөч?
-А.Аминцог: Нилээн дээр үеэс гадаадын их дээд сургуулиуд “Сурагч багш” гэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. Кэмбрижийн боловсролын системтэй дэлхий дээр 130 гаруй улс байдаг. Эдгээр улсууд маань “Сурагч багш” гэх энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Өөрсдийгөө маш сайн хөгжүүлж чаддаг. Анх бид интернэтээс “Сурагч багш”-ын талаар мэдээллийг олж аван жилийн өмнөөс бид эхлээд хүүхдүүдэд гэрээр хичээл заадаг байсан.

Мөн “Сурагч багш” хийхэд маш олон давуу тал байдаг. Жишээ нь бага ангид үзсэн зүйлээ бид бүхэн мартчихсан байдаг шүү дээ. Харин “Сурагч багш” хийснээрээ энэхүү бага ангийн хичээлүүдээ заавал эргэн харах шаардлага гардаг. Хичээл заалгуулж байгаа хүүхэд маань надаас юм асуух үед би тэр юмыг нь мэддэг байх хэрэгтэй. Мөн харилцааны тал дээр маш их юм сурч мэдэж авч чаддаг. Хичээл заалгуулж буй хүүхэд маань намайг гээд зориуд ирж байгаа учир би тэр хүүхдийг уурлаж загнаж болохгүй шүү дээ. Аль болох арга эвээр зааж өгч чаддаг болсон.

-Б.Нурсауле: Хичээл заалгуулж байгаа хүүхэд маань өөрийн чадахгүй юмаа биднээс шууд асууж чадах болохоор тэдгээр хүүхдүүдэд мөн багшаасаа айх айдас гэж байхгүй болно.

YOLOБагшаасаа ойлгоогүй зүйлээ сурагч багшаасаа илүү сайн ойлгодог гэж сонссон. Яагаад юм бол?
-Б.Нурсаулс: Багш бол ангийн маш олон хүүхдүүдтэй харьцдаг. Хүүхэд мэдэхгүй зүйлээ ангийн багшаасаа асуутал хүүхдүүд түүнийг “Ээ чи ийм юмыг мэдэхгүй байгаа юм уу?” гэж шоолдог. Тэгээд багштайгаа найз шигээ харьцах гэхээр багш уурладаг. Харин сурагч багштайгаа харьцахдаа яг л найз шигээ харьцаж болно. Ойлгохгүй зүйлээ асуух үед нь шоолохгүйгээр харин ч зөвөөр ойлгон зааж өгч чаддаг. Тийм учир багшаасаа илүү “Сурагч багш”-аасаа ойлгоогүй юмаа сайн ойлгож авдаг байх гэж бодож байна.

YOLOСурагч багш нарын төвтэй гэж сонссон. Энэ талаараа яриач?
-А.Аминцог: Манайх “Complex” гэх сургалтын төвтэй. Манай сургалтын төв маань яг тавдугаар сараас эхлэн албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн хэн дуртай нь сурагч багш хийхгүй шүү дээ. Бид сурагч багш авахдаа тодорхой хэмжээний шалгууруудыг тавьдаг. Манай багш нар маань хичээл дээрээ ихээхэн амжилт гаргасан хүүхдүүд байдаг учир бид бүхэн хүүхдүүдэд чанартай сургалт өгч чадна гэж боддог.

YOLOСурагч багш хийхийн давуу талууд юу вэ?
-А.Аминцог: Маш олон давуу талтай. Жишээ нь гэвэл би цаг баримталж сурсан. Өмнө би хичээлээсээ хоцроод багш нартаа загнуулах үе байдаг байсан. Гэвч би одоо хүүхдүүдэд хичээл зааж буй болохоор яг таг цагаа баримтлах хэрэгтэй болсон. Мөн олон хүмүүстэй харилцаж сурсан, өөрийнхөө мэдлэгийг давхар бататгаж сурсан.

YOLOЯагаад сурагч багш хийхийг хүссэн бэ?
-А.Аминцог: Манай сургалтын төвийн багш нар бүгд гадаадад суралцах сонирхолтой. Гадаадад суралцахын тулд сайн дурын ажил хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Тийнхүү бид бүхэн яг ямар сайн дурын ажил хийвэл бидэнд илүү үр өгөөжтэй мөн нийгэмд илүү ашигтай юм болоо гэж маш их бодсон. Ийнхүү бид “Сурагч багш” хийхээр зорьсон.

Бяцхан дүү нартаа хичээл заахад ч гэсэн эцэг эхчүүд маш их баярладаг. “Миний хүүхэд ойлгохгүй байсан зүйлээ ойлгодог боллоо, баярлалаа, ямар мундаг юм бэ” гэх зэрэг урмын үгээр биднийг маш ихээр урамшуулдаг. Эцэг эхчүүд маань бидэнд тодорхой хэмжээний мөнгөн дүн төлдөг. Бид тэр ашгаараа сайн үйлсийн аянд зориулдаг. Одоогоор бол Батсүмбэрт байрлах өндөр настнуудын асрамжийн газар очин сайн дурын үйл ажиллагаа хийхийг зорьж байна.

YOLOХичээлийнхээ хажуугаар хэрхэн зав цагаа зохицуулан сурагч багш хийдэг вэ?
-А.Аминцог: Манай хичээл 08:00-13:30 хүртэл ордог. Мөн төгсөх анги учир өөрсдөө хичээлээ бэлдэх хэрэгтэй. Бид хичээлээ долоон хоногт гурван удаа ордог. Нэг орохдоо хоёр цагаар ордог. Тийм учир бидний зав зай харьцангуй гайгүй. Эцэг эхчүүд ч гэсэн биднийг ойлгодог. Хичээлээ таран хүүхдүүддээ хичээлийн заадаг юм.

-Б.Нурсауле: Бид бүхэн цагаа зохицуулахын тулд төлөвлөгөө гаргаж сурч байна. Цагаа маш нарийн тооцолдог. Сондгой тоотой өдөр нь хичээлээ заагаад тэгш тоотой өдөр нь өөрийнхөө хичээлд анхаарах гэх мэтээр төлөвлөгөө гарган явдаг байгаа.

YOLOӨөрийн үеийн аль эсвэл жаахан хүүхдүүдэд хичээл заахад ямар санагддаг вэ?
-А.Аминцог: Үнэхээр хөөрхөн санагддаг. Бага ангийн жаахан дүү нар маань маш өхөөрдөм учир асууж байгаа нь үнэхээр эгдүүтэй санагддаг. Манай сургалтын төв маань тухайн хүүхдүүдэд юм ойлгуулах хэрэгтэй учраас тэр хүүхдийг өөрийг нь хөдөлмөрлүүлэх зорилготой. Яаж вэ гэхлээр тухайн хүүхдэд юм болгоныг нь хийгээд бодоод өгөх биш харин өөрөөр нь хичээлийг хийлгүүлж нь бага багаар суурийг нь тавьж өгдөг. Хичээл зааж буй хүүхдэдээ дэвтэр дээр нь бичиж өгөхгүй харин хэлж өгдөг. Дараа нь тэр бичсэн зүйлийг нь хянана, нөгөө хүүхдэдээ алдаж байгаа юмыг нь маш сайн ойлгуулж өгдөг.

Мөн манай сургалтын төв нь хүүхдүүдээ илтгэх болон мэтгэлцээн хичээлийг үнэ төлбөргүй зааж өгдөг. Учир нь хүн амьдрал дээр гараад ирэхээр өөрийгөө танилцуулах зүйл бол хэл яриа болон ярих чадвар юм. Тийм учир мөн энэхүү хичээлийг зааж өгч байгаа юм.

-Б.Нурсауле: Бид өөрсдийн чаддаг юмаа хүүхдүүдэд зааж өгч байгаа болохоор бидэнд илүү сайхан санагдаж мөн өөрсдөө илүү сайжраад ч байгаа юм шиг санагддаг.

YOLOИрээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-А.Аминцог: Би Монгол улсдаа хэрэгтэй боловсон хүчин болохыг хүсдэг. Хүмүүс Монгол орон хөгжихгүй байна гээд л ядуу буурай амьдарч буйгаа бүгд төр рүүгээ чихдэг. Гэвч миний бодлоор хүн өөрийнхөө тархийг л ашиглаж чадвал сайхан амьдарч чадна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд боловсролдоо хөрөнгийг харамгүй цацдаг. Эргээд энэхүү боловсролтой хүмүүс нь эх орондоо сайн сайхан зүйлийг өгч чаддаг. Жишээлбэл Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа маш их сүйрэл амссан шүү дээ. Энэхүү сүйрлийн дараагаар яаж хэдхэн жилийн дотор ингэж их хөгжсөн нв Япон улс муж бүртээ инженерийн сургууль коллежийг байгуулан маш олон инженерүүдийг бэлтгэсэн байдаг. Ийнхүү Япон улс одоогоор инженерээрээ дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Тиймээс би аливаа улсын хөгжил нь инженерүүд байдаг гэж боддог. Тиймээс би инженерийн мэргэжил сонгосон.

-Б.Нурсауле: Би бизнес удирдлагын мэргэжлийг сонгосон. Учир нь улс орондоо их хэмжээний татвар төлж чадах тийм том компани байгуулахыг мөрөөддөг. Мөн хичээлүүддээ сайн байх хэрэгтэй бас харилцах чадвар байх хэрэгтэй. Сурагч багш хийж байгаа маань надад харилцааны тал дээр маш их нөлөөлж байна. Энэхүү ажлыг хийснээрээ ирээдүйд маань ч гэсэн хэрэгтэй гэж боддог.

YOLOЧиний ойрын зорилго чинь юу вэ?
-Б.Нурсауле: Миний ойрын зорилго бол өөрт шаардлагатай гэсэн бүх зүйлийг чаддаг болох. Дан ганц математик, физик, илтгэх урлагийн талаа мэдлэгтэй байлаа гээд би амжилтанд хүрэхгүй. Харин олон юм чаддаг байж, олон юм мэддэг байж би амжилтанд хүрнэ гэж боддог.

YOLOТанай сургалтын төвийг сонирхож байгаа олон хүүхдүүд байгаа байх. Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
-А.Аминцог: Манай сургалтын төв нь маш олон хүүхдүүдийг хамруулах зорилготой. Мөн боломжгүй амьдралтай аль эсвэл хичээлээ ойлгодоггүй олон хүүхэд байдаг шүү дээ. Бид эдгээр хүүхдүүдэд туслахыг хүсдэг, хичээлийнхээ нэг цагийг 1000 төгрөгөөр заадаг учир хүссэн хүүхдүүдэд маань илүү нээлттэй гэж бодож байна. Мөн бид бүхэн зуны амралтаар гэртээ зүгээр өнгөрөөж байхаар бидэнтэй нэгдэн сурагч багш болохыг уриалж байна.

Чи ямарваа нэгэн хичээл дээрээ амжилттай үнэхээр сайн бол бидэнтэй холбогдоорой. Бид бүхэн яг л ажлын байранд байгаа мэт хийсэн зүйлийг чинь үнэлэн цалин олгоно. Манай сургалтын төвд суухыг хүсэж байгаа хүүхдүүд байгаа гэдэгт найдаж байна. Эхлээд та бүхэн манай сургалтын төвд нэг удаа үнэгүй хүүхдээ суулгаж болно. Тэгээд дараа нь шийдвэрээ гаргаж мөн болно.

-Б.Нурсауле: Бидэнтэй хэрхэн холбогдохыг хүсвэл “Complex” сургалтын төв гээд Facebook хуудсаар дамжуулан холбогдох боломжтой. Энэхүү пэйж хуудсан дээр маань бидний утасны дугаар гээд холбогдож болох бүх хаягууд байгаа юм шүү.

YOLOУншигч хүүхдэд маань хандан юу гэж хэлмээр байна.
-А.Аминцог: Зуны амралтыг хэзээ ч битгий амралт гэж хараарай. Зуны амралт бол чиний өөртөө зав цаг гаргаж бусдаас илүү болох боломж юм шүү. Зуныг утсаа оролдож хэвтэхийн оронд өөрийгөө хөгжүүлж хэрэгтэй зүйлээ мэдэж аваарай гэж хэлмээр байна.

YOLOБид бүхэнтэй ярилцсанд баярлалаа! Хичээл сурлагад нь амжилт хүсье.smiley

#student #teacher