Н.Булгантамир: “Би яагаад чадахгүй гэж...” хэмээн өөрөөсөө асуух хэрэгтэй


YOLO.mn сайт бусдад үлгэр дуурайлал болохуйц хүүхдүүдийг уншигчидтайгаа уулзуулж урам зориг өгөхийг зорьдог.

Энэ удаад бид “Улсын уран илтгэлийн аварга” хэмээх хүндтэй шагналыг хүртээд удаагүй байгаа Н.Булгантамир хүүг урилаа. Тэрээр улс хотын хэмжээний илтгэл, мэтгэлцээний тэмцээнд тасралтгүй оролцож ганзага хоосон буцдаггүй авьяаслаг нэгэн. Төгсөх ангийн сурагч хэдий ч өөрийн хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдлөө илтгэл, мэтгэлцээнтэй холбож амьдралынхаа нэгэн хэсэг болгожээ.

 

YOLO: Чамд баяр хүргэе. Хэдийнээс илтгэл тавих урлагаар хичээллэв ээ?
Баярлалаа. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамгийн анхны шагналаа 2015 оны гуравдугаар сарын 12-нд тал цаасан дээр эрхийн бичиг авч байсан. Тэндээс урамшаад Үндэсний аваргын 3-р байранд орж тухайн үедээ л мундаг гэгддэг байсан хүүхдийг давах зорилготой оролцож байсан. Гэхдээ өнөөх хүүхэд маань 1-р байранд ороод давж чадаагүй юм. Энэ жил сурагчдын дунд зохиогдсон тэмцээнд хожигдол аваагүй явж байна.

Хоёр хоногийн өмнө улсын уран илтгэлийн аваргыг авлаа. Өнгөрсөн жил  оролцож байсан ч  хэлзүйн боловсролоосоо болоод 1-р шатнаасаа хасагдаж байсан л даа. Залуусдаа хандаж хэлэхэд Мянга сайн ярьдаг ч хэлзүйн боловсрол дээрээ анхаарах хэрэгтэй. Мундаг ярьдаг хүүхдүүд байдаг facebook пост бичихдээ дандаа алдаатай бичдэг. Энэ зүйлээсээ болоод олон залуус алддаг юм шиг санагддаг.

“Би яагаад чадахгүй гэж...” гээд асуух хэрэгтэй. Хүн өөрийнхөө чадна гэсэн бодлоос дэндүү ихийг бүтээх чадалтай байдаг. Өөрийнхөө айдастай нүүр тулах хэрэгтэй. Айдастайгаа нүүр тулаад, айдастайгаа хөтлөлцөөд явна гэдэг бол айдас биш баяр болоод эхэлдэг.

YOLO: “Оюуны давалгаа V” тэмцээнд оролцсон талаараа яриач?
Нэг жилийн хугацаанд илтгэл мэтгэлцээнээр хичээллэж байхдаа Мэтгэлцээнээр бол улсын аварга авчихсан байсан ч уран илтгэлээр аварга авж үзээгүй. Энэ тэмцээнд их зорьж байж орсон. Хөгжөөн дэмжигчид маань ч гэсэн намайг түрүүлээсэй гэж их хүсэж ирсэн. Нэг жилийн хугацаанд хэл зүйн боловсролдоо анхаарсны үндсэн дээр 1-р шатандаа тэнцсэн. 2-р шатандаа нийслэлийн аваргад тэнцээд, финалд хамгийн эхэнд илтгэлээ хэлэлцүүлсэн.

YOLO:  Хэр их сандарсан бэ? surprise
Сэдвээ сугалаад гурван минут бэлдэж байхад сандрал бол байсан. Багшийн маань хэлсэн үг байдаг “ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ СЭТГЭЛИЙН ГАЛЫГ БАДРААНА” гэж. Тэр үг зүрхэнд бодогдоод л байлаа. Бусдад биш өөртөө итгэ гээд л зориглосон. Ямар ч байсан аварга хэмээх цолыг авсандаа баяртай байна.

YOLO: Энэ их амжилтын цаана маш их хичээл зүтгэл, тэсвэр хатуужил байгаа байх. Анх илтгэх урлаг, мэтгэлцээнтэй хэрхэн холбогдож байв?
Хамгийн анх нийгмийн ухааны багш маань “Чи чадах юм шиг байна. Энэ тэмцээнд ороод үз” гэсэн. Надад багшийн маань зааж өгсөн зүйл гэвэл “Эхлэхдээ тэр сургуулийн тэр байна гэж хэл, төгсгөлдөө анхаарал тавьсанд баярлалаа гэж хэл” гэж зааж байсан. Эхний тэмцээн болох Үндэсний аваргын 3-р байр гэсэн шагналаас маш их урамшсан. Гэтэл Нийслэлийн аваргын шилдэг 20-д хоёр жил дарааллан үлдсэн ч эхний дөрөвт орж чадаагүй.

Тухайн үед энэ миний сонголт биш юм байна гэж бодох үе байсан. Энэ бүхний ард хүмүүсийн хэлж байгаа үгэнд өөрийгөө их  хурцлагддаг. “Чи чадахгүй ээ” гэж хэлж байсан хүмүүс маш олон байгаа. Хамгийн анхны парламентийн мэтгэлцээнд орж байхад шүүгч нь “Чамайг парламентийн мэтгэлцээнээр хичээллэж чадахгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлж байсан нь их хурцалсан даа. Би их шартай болохоор гэртээ очоод юун дээр алдав гээд л тэр бүх адаагаа эргэж хараад нүднээс нулимс гарчих гээд л... их хичээж байсан.

Уран илтгэл, мэтгэлцээнээр үзүүлсэн амжилт эргээд бодоход хамт олны хүч байдаг. Өрсөлдөж байгаа найз нөхөд сайн байж гэмээнэ хүн сайжирна. Мэтгэлцээний маань хамтрагч Оюунлаг сургуулийн 11-р ангийн сурагч Хулан гээд охин байдаг. Хамтрагч маань тоглолтонд үзүүлэх үүргээсээ илүү тухайн хүнийг яаж хурцлах уу, ямар нөхцөлд дарах уу? гэдгээ маш сайн мэддэг. Уран илтгэл ч бай мэтгэлцээнд ч бай түрүүлснийхээ дараа бид хоёр бие биенээ шүүмжилдэг.

YOLO:  Хагас финалын шатанд шалгарсан олон оролцогч хүүхэд үе тэнгийнхнээ Ногоон хөгжил-Ногоон ирээдүйд уриалж байсан. Бусад оролцогчдоосоо юуг сурсан бэ?
Шилдэг 35-д шалгарсан оролцогчид маань маш мундаг байсан. Илтгэл дээрээ гаргаж буй санааны хувьд амьдрал дээрээ хэрэгжүүлж болохуйц санааг дэвшүүлж байсан л даа. Хамгийн их дэмжигдэж байсан санаа бол "Ногоон уутаа бариад гэрээсээ сургууль хүрэх замд байгаа хогоо түүцгээе" гэсэн санаа байсан. Үүнийг бид хоорондоо яриад өнгөрөх бус бүр ЕБСургуулиудын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд бид ямар арга хэмжээ авах ёстой юм, хэрхэн сэдэлжүүлж, яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр ярьж байгаа. Сурагчид гэдэг чинь эргээд нийгэмд хариуцлага хүлээж байгаа хүмүүс.

YOLO: Илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулагдах нь элбэг болсон байна. Үүнийгээ ч дагаад хүүхдүүд бид оролцох нь их болсон харагдаж байна. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэхийн ач тус нь юу гэж боддог вэ?
Мэтгэлцээний 3 зарчим байдаг.
1. Үнэнийг баримтлах
2. Бусдаас суралцах
3. Бусдыг хүдэтгэх
гэж. Хүн хамгийн наад зах нь хүнтэй эелдэг харилцаж сурах явдал. Хамгийн гайхалтай нь цаг үргэлж өөрийгөө хурцалж байдаг. Дархлаатай сонсогч болдог. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр суралцахаар хүн тархиндаа бодож эхэлдэг. Энэ үйлдлийг хийх нь зөв үү? буруу юу? ингэснээрээ надад үр дүнтэй юу? Үр дүнгүй юу?.

Илтгэх урлаг, мэтгэлцээнээр суралцаснаар хамгийн энгийнээр та хүнтэй эелдэг харилцаж сурна, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад сурчихна. Манлайлагч залуус олон байна тэднийг түрүүлэх хэрэгтэй. Манлайлагч гэдэг бол удирдагч биш. Зөв бодолтой бурууг ялгадаг тийм манлайлагчид олон болоосой гэж боддог.

YOLO: Хүн ямар ч мэргэжилтэй болсон өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадвар маш их хэрэгтэй болдог. Илтгэгч болох хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй, өөрийгөө нээхийг хүсч байгаа үе тэнгийхэндээ юунаас эхлээрэй гэж зөвлөх вэ?
Юмыг эхлэхэд айдас байдаг. Тэгэхээр маш олон хүмүүс фэйсбүүкээр асуудаг л даа. Юунаас эхлэх үү? яах уу? гээд л. Гэхдээ надаас асуух юм биш юм байгаа юм. Өөрөөсөө дотоод мөн чанараасаа асуух хэрэгтэй.

“Би яагаад чадахгүй гэж...” гээд асуух хэрэгтэй. Хүн өөрийнхөө чадна гэсэн бодлоос дэндүү ихийг бүтээх чадалтай байдаг. Өөрийнхөө айдастай нүүр тулах хэрэгтэй. Айдастайгаа нүүр тулаад, айдастайгаа хөтлөлцөөд явна гэдэг бол айдас биш баяр болоод эхэлдэг. Та эхний удаа олны өмнө айдастай гарна. Гэхдээ арав дахь удаадаа найзтайгаа гардаг. Бүр энэ индэр дээр гараад үг хэлэхгүй бол байж сууж чадахгүй, энэ олон хүмүүст өөрийнхөө бодлыг хэлмээр болоод эхэлдэг. Тэгэхээр айдастайгаа нүүр тулаарай.

YOLO: Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа.

2016 оны Сурагчдын шилдэг илтгэлийг YOLO.mn цувралаар хүргэх болно wink

#Lector #Confident #KeepTrying #Student