iPhone 8-ын загвар ЗАДАРЛАА


А.Ихсанаа | YOLO.MN
2017-06-19

.

Энэ жил гар утасны шинэ чиг хандлагыг тодорхойлсон iPhone-ын 10 жилийн ой болж байна. Тэгш ойг тохиолдуулан компани уламжлал болсон S хувилбараас гадна, эрс шинэчлэл бүхий iPhone 8 загварыг танилцуулна гэх яриа гарсан бөгөөд бараг ихэнх өөрчлөлтийнх нь талаарх мэдээлэл олон нийтэд ил болжээ.

Харин ганц зүйл тодорхойгүй байсан нь утасны үндсэн загвар байв. Тэгвэл Samsung Galaxy S8 худалдаанд гарахаас гурван сарын өмнө загварыг нь олон нийтэд дэлгэж, iPhone 7 загвар чихэвчийн оролтгүй болж байгаа тухай мэдээлж байсан MobileFun компани энэ удаад мөн iPhone 8-ын загварыг олон нийтэд дэлгэлээ.

Компани iPhone 8 загварт зориулсан, 24,99 фунт стерлингийн үнэтэй нүүрэн талын шилэн наалтаа худалдаанд гаргажээ. Үүнээс үзэхэд iPhone 8 загвар 5,8 инчийн ирмэггүй дэлгэцтэй болох аж.

Гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаас гурван сарын өмнөөс дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч нарт дэлгэрэнгүй мэдээллээ хүргэдэг бөгөөд MobileFun тэрхүү давуу талаа ашиглаж байгаа нь энэ юм.

Шинэ загварын тухай гарсан энэхүү мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард KGI-ийн шинжээч Мин Чи Куогийн iOS 11 үйлдлийн системийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл үнэний ортой байж болохыг баталжээ.

Мин Чи Куо шинэ iPhone-д MacBook Pro загварт анх танилцуулсан “Function Area”-тай адил зүйл нэмэгдэнэ гэж мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Forbes

#iphone8