МУИС энэ сарын 20-ноос элсэгчдээ бүртгэж эхэлнэ


Сондор | YOLO.MN
2017-06-14

МУИС ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх журмаа гаргалаа. МУИС-д элсэхийг хүссэн иргэдийг орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 03-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгэл хааснаас хойш нэг өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүнг Боловсролын үнэлгээний төвөөс татан авч бүртгүүлсэн иргэдийг шалгалтын оноогоор эрэмбэлнэ.

Оноо тэнцсэн тохиолдолд ЭЕШ-ын даалгавар гүйцэтгэлийн хувийг тооцон байр эзлүүлэх ба гүйцэтгэлийн оноо тэнцсэн бол ерөнхий боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзах юм байна.

Бүртгүүлсэн хүн онооны жагсаалт гарсны дараа дахин цахим хуудсанд нэвтэрч хяналтын тоонд багтсан эсэхээ шалгах бөгөөд хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 24 цагийн дотор баталгаажуулна. Заасан хугацаанд баталгаажуулаагүй бол элсэхээс татгалзсан хэмээн үзэх эрх дараагийн хүнд шилжих юм.

МУИС-д элсэх эрх олгох үйл ажиллагааг долоодугаар сарын 04-ний 12.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл явуулах аж. Нэг хүн хэд хэдэн бүрэлдэхүүн сургуулийн хяналтын тоонд багтаж болох ч тэдгээрээс зөвхөн нэг сургуулийг сонгох юм байна.

БСШУСЯ-наас тогтоосон олон улсын болон улсын олимпиадад оролцож, 1-6 дугаар байр эзэлсэн бол ЭЕШ-ын босго оноог хангасан төгсөгчийг олимпиадад байр эзэлсэн батламж, дипломд нь үндэслэн шууд элсүүлэхээр журамлажээ.

#МУИС #Registration