Б.Ананд: АЖИЛ ХИЙХ амаргүй ч бас “АМТТАЙ” юм байна


Үжин | YOLO.MN
2017-06-07

Германы “Чик” киноны гол дүрд монгол жүжигчин, 15 настай Б.Ананд тоглосон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Турк гаралтай, Германы найруулагч, Каннын кино наадмын шагналтай Фатих Акины “Чик” хэмээх уг кинонд гол дүр бүтээсэн Б.Ананд хүүтэй YOLO.mn сайт ярилцлаа.

YOLO: Анх 7 жилийн өмнө Герман улсад очиход соёлын эсвэл хэлний бэрхшээл гарч хэцүү санагдаж байсан удаа бий юу?
Эхэндээ мэдээж соёлын ялгааг мэдрээд бага зэрэг хэцүү байсан л даа. Хүн ам нь манайхаас олон, аливаад цаг баримтлал зохион байгуулалт маш сайн байсан нь өөр санагдаж байлаа.

Берлин хотноо байдаг, миний сурдаг Н.Манделагийн сургуульд олон үндэсний хүүхдүүд их явдаг. Тийм болохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй ойлголцоход хялбар, дасахад дөхөм байсан даа. Мөн аав минь Герман дахь Монголын элчин сайдын яаманд ажилладаг болохоор бусад ажилчдын хүүхдүүдтэй найзалж байсан минь надад соёлд дасахад тусалсан.

YOLO: Кинонд тоглох саналыг хэрхэн авсан бэ?
-Аавын цахим шууданд кино сонгон шалгаруулалтын зарлал ирсэн байсан. Аав надад тэр талаар хэлэхэд би авга Ч.Баттөвшин ахтайгаа хамтарч зураг аваад, видео бичлэг хийж сонгон шалгаруулалт руу илгээсэн юм. Ч.Баттөвшин ах маань ч өөрөө видео хийх, зураг авах дуртай нэгэн.

Шалгаруулалтад тэнцээд сүүлийн дөрөвт үлдчихсэн. Нэлээн их шалгууртай, шалгаруулалтад орж байгаа хүүхдүүдийг бусад дүрүүдтэй тоглуулж, жүжиглүүлэн шалгаж авдаг юм билээ. Ингэж явсаар 2015 оны зун шалгаруулалт дуусаад тоглохоор болсон доо. Чик хэмээх хүү нь зохиолдоо ази төрхтэй орос хүүхэд байдаг юм. Тиймээс энэ дүрд би гадаад төрхөөрөө ч тэнцэх бас нэгэн давуу тал болсон байх.

YOLO: Чик хүүг танилцуулахгүй юу?
-Чикийн дүр нь Оросоос ахтайгаа Германд ирсэн ази төрхтэй орос хүү юм. Тэр хүүхэд дунд сургуульд явна. Бусдаас өөр царайтай болоод ч тэр юм уу хүүхдүүд гадуурхдаг.

Гэтэл нэгэн чинээлэг айлын, зожигдуу герман хүүхэдтэй танилцаад, найзална. Тэр хоёр зуны амралтаараа машин хулгайлаад машинаар Германаар аялдаг тухай энэ кинонд гардаг.

YOLO: Чик хүүгийн дүр чиний өөрийн хувь хүнээс хэр ялгаатай вэ?
Чик бол их сахилгагүй хүү шүү дээ. Архи ууж тамхи татдаг. Харин би бол тийм биш. (инээв) cheeky Надтай төстэй зүйл байхгүй ч дүрдээ орохын тулд би яг тэр хүү шиг болох шаардлагатай болсон л доо.

YOLO: Зураг авалттай үед хичээл номоо цалгардуулах үе байв уу?
Германы хуульд насанд хүрээгүй хүүхдийг өдөрт 6 цагаас  илүү зураг авалтанд ажиллуулахыг хориглодог юм. Мөн энэ цаг хугацаанд хичээлийг нь нөхөх боломжоор хангаж өгнө гэж заасан байдаг. Тиймээс би зураг авалттай өдрийнхөө 2 цагийг тусгай багштайгаар хичээлээ нөхөж давтдаг байсан юм. Тиймээс хичээлийн хоцрогдол гараагүй дээ.

YOLO: Киноны трэйлэрээс харахад машин хулгайлж давхиад л нэлээн ширүүн хэсэг харагдсан шүү. Хэцүү зүйл байв уу, найруулагчдаа зэмлүүлэх үе гарав уу?
Хэцүү гэхээр зүйл тийм ч их байгаагүй. Харин ч эсрэгээрээ зураг авалт маш хөгжилтэй байсан. Гэхдээ голын усанд ордог хэсэг кинонд гардаг, энэ зураг авалтыг уг нь зун авах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод намрын сэрүүн өдөр авсан юм. Тэгэхэд ус маш хүйтэн, олон ч удаа дотор нь орсон. Үүнийг эс тооцвол тийм ч хэцүү санагдаагүй.

Мөн найруулагч их залуу сэтгэлгээтэй, эелдэг хүн болохоор болохгүй байгаа зүйл дээр зэмлэхээсээ илүүтэй зааж зөвлөдөг байсан л даа. Бид яг л найзууд шиг байсан.

 

“ЭМЭЭ ӨВӨӨ МИНЬ БАЙГАА БОЛОХООР Ч ТЭР ЮМ УУ НУТГАА ИХ САНАНА АА”

YOLO: Өсвөр насны хүүхдүүдийн тухай өгүүлэх уг кино үзэгчдэд юу өгүүлэхийг зорьсон бэ?
Кино болон зохиол нь олон санааг илэрхийлэхийг зорьдог л доо. Гэхдээ эдгээрээс хамгийн гол мессеж нь дуртай юмаа хий, найз нөхөдтэй бол, тэдэндээ цаг зав гаргаж мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй гэсэн санаа л даа.

YOLO: Дүр бүтээсэн жүжигчний хувьд чи юу олж авсан бэ?
Би илүү их боловсорч байгаагаа мэдэрсэн. Мөн том болж, ахиж дэвшиж байгаагаа ч ойлгосон. Бас туршлага хуримтлуулж, ажил гэж чухам юу байдгийг зах зухаас нь ч гэсэн мэдэрсэн дээ. Би өмнө нь өглөө гараад л орой ирэх аавыгаа хараад ажил гэж их амархан зүйл байдаг юм байна гэж төсөөлдөг байлаа. Гэхдээ яг өөрийн биеэр мэдрээд “Ажил хийх амаргүй юм байна. Гэхдээ бас амттай юм байна” гэж аавдаа хэлсэн дээ.

YOLO: Кинонд тоглосны дараа чиний хүсэл мөрөөдөл, сонирхол өөрчлөгдсөн болов уу?
Тэгсэн шүү. Миний сонирхол ч нэлээн өөрчлөгдсөн. Кино урлагт илүү их татагдаж, аливаа киноны үзэгдлийг “үүнийг хэрхэн хийсэн юм бол...” гэж нарийн ажиглах болсон. Мөн энэ кинонд тоглосноор надад олон шинэ боломжууд нээгдсэн.

YOLO: Монгол кинонд тоглох санал ирсэн үү?
Монгол кинонд тоглох санал ирээгүй. Гэхдээ Герман кинонд тоглох санал хэд ирсэн.

YOLO: Чи өөрөө ямар төрлийн кинонд дуртай вэ?
Action буюу тулаант кинонд дуртай. Жэки Чан, Брюс Ли гэх мэт жүжигчдийн тоглосон кунфугийн тулаантай  кино сонирхлыг минь илүү их татдаг.

YOLO: Монгол болон Герман өсвөр насны хүүхдүүдийн ялгаа хэр байдаг вэ?
Монгол хүүхдүүд гэр бүлтэйгээ илүү ойр байдаг. Мөн эмээ өвөө, хамаатнуудтайгаа их ойр харилцаатай байдаг шүү дээ. Харин герман хүүхдүүд өвөө эмээдээ тэр бүр очоод байхгүй баяр ёслолын үеэр л зочилдог. Ялгаа нь үүндээ байж магадгүй. Тэгэхээр монгол хүүхдүүд илүү гэр бүлсэг юм уу даа.

YOLO: Жил бүр нутагтаа ирдэг үү?
Уг нь жил бүр ирэхийг хичээдэг ч түрүү жил хичээл ихтэй байгаад чадаагүй. Эмээ өвөө минь байгаа болохоор ч тэр юм уу нутгаа их санана аа. Зун нь ирвэл эмээ өвөө дээрээ хөдөө морь мал дээр очиж хэд хонох их сайхан байдаг.

YOLO: Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би спортод их дуртай. Тэр дундаа сагс тоглох дуртай. Берлиний нэгэн дүүргийн өсвөрийн шигшээ багт тоглодог байсан. Сүүлийн үед жүдогоор хичээллэж байна. Мөн ном унших дуртай.

YOLO: 10 жилийн дараах Б.Анандыг чи хэрхэн төсөөлж байна вэ?
Би удахгүй ахлах сургуулиа төгсөнө. Түүний дараагаар 3 жил дээд сургуульд сурна. Одоогоор ямар мэргэжлээр явахаа хараахан сонгож амжаагүй л байна. Гэхдээ би шинжлэх ухааны салбарт дуртай. Магадгүй энэ чиглэлийн хүн ч болохыг үгүйсгэхгүй юм.

YOLO: Баярлалаа. Цаашдын хичээл сурлага, уран бүтээлийн их амжилт хүсье.
Баярлалаа. wink

Гэрэл зургийг Э.Батзавъяа

Сонирхуулахад  монгол хэлнээ хэвлэгдэн гарсан “Чик” номын танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр 18:30 цагт “Интерном” дэлгүүрт болох бөгөөд Б.Ананд хүү өөрөө оролцох юм. Харин энэ сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт болох "Алтан хальс" индепендент кино наадмыг “Чик” киногоор нээх юм.

#Ном #Book #Hobby #Freetime #Movie