“WONDER WOMAN” түүхэнд бичигдлээ


Заяц | YOLO.MN
2017-06-05

Хойд Америкт өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн Warner Bros. кино компанийн бүтээл “Wonder woman” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйд 100.5 сая ам.долларын ашиг олжээ.

Израилийн жүжигчин Гал Гадотын гол дүрд тоглож, Патти Женкинсийн найруулсан тус кино эмэгтэй найруулагчдын бүтээлүүд дундаас нээлт хийсэн даруйдаа хамгийн өндөр ашиг олсноороо түүхэнд бичигдэж байгаа аж. Түүнээс өмнө 2015 онд нээлтээ хийсэн “Fifty Shades of Grey” уран сайхны кино 82.2 сая ам. долларын ашгаараа жагсаалтыг тэргүүлж байжээ.

“Wonder woman” кино эмэгтэй хүний удирдлага дор бүтэж, эмэгтэй хүн  гол дүрд нь тоглосон анхны супер баатрын тухай кино юм. Нээлтийн өдрүүдээр тус уран сайхны киног үзсэн үзэгчдийн 52 хувь нь эмэгтэйчүүд байсан нь эрэгтэйчүүд давамгайлсан энэ төрлийн киноны хувьд өндөр үзүүлэлт юм.

Эмэгтэй супер баатрын тухай тус киноны нээлт эрэгтэй супер баатруудын тухай кинонуудын нээлттэй харьцуулахад далайц багатай байсан ч “Wonder Woman” киноны нээлт эмэгтэй уран бүтээлчдийн хувьд ч тэр кино салбарын хувьд ч  томоохон амжилт болсон талаар comScore америкийн судалгаа шинжилгээний компанийн ахлах судлаач Пол Дергарабедъян онцолсон байна.

Тэрээр, “Супер баатрын тухай том хэмжээний киног эмэгтэй хүн найруулах чадваргүй гэсэн инээдтэй ойлголтыг энэ кино үгүй хийлээ.” хэмээн ярьсан ба тус уран сайхны киноны нээлтийн огноо, жүжигчдийн сонголт, олны сайшаал зэрэг нь өндөр хэмжээний ашиг орлого олоход мөн нөлөөлсөн гэнэ.

CinemaScore компанийн судалгаагаар 150 сая ам.доллараар бүтсэн “Wonder Woman” кинонд үзэгчид “A” үнэлгээ тавьсан бол Rotten Tomatoes цахим хуудсанд тус киног шүүмжлэгчдийн 93 хувь нь эерэгээр хүлээн авснаар гайхамшигт эмэгтэйн талаарх тус кино хамгийн өндөр үнэлгээ авсан супер баатруудын тухай кинонуудын нэг болж байгаа юм.

Warner Bros. кино компанийн DC comics компанийн супер баатруудаас сэдэвлэсэн 2013 оны “Man Of Steel”, 2016 оны “Batman v Superman: Dawn Of Justice”, 2016 оны “Suicide Squad” зэрэг шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ авсан кинонуудтай харьцуулахад “Wonder Woman” одоогийн байдлаар үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ л авсаар байна.

www.cnn.com

#movie #WonderWoman #BoxOffice #freetime