Тоглоом наадгайн нээлттэй номын сан www.naadgai.mn сайт ажиллаж эхэллээ


Сондор | YOLO.MN
2017-06-05

Мөсөн шагайн харваа, алаг мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn сайт ажиллаж эхэллээ.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр  ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран бүтээсэн энэхүү сайт нь  мэдээлэл харилцааны технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн тээгчдийн уламжлалт мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний тоглоомоороо тоглож сурах, сурталчлан таниулах зорилготой бүтээсэн байна.  

Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар улс үндэстнүүд, хүмүүсийн бүлэг хоорондын харилцан ойлголцол хүндлэлийг бий болгох, энх тайван болон соёлын найрсаг харилцааг бэхжүүлж байдаг.

Хэдий тийм боловч хүн төрөлхтөн болон хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг олон тооны ардын уламжлалт тоглоомын төрлүүд, ардын уламжлалт мэдлэг болон амьдралын арга ухаан устаж үгүй болсон. Мөн өнөөдрийг хүртэл оршиж байгаа уламжлалт тоглоомууд даяаршил, шилжилт хөдөлгөөн, техник технологийн нөлөөлөл дор устаж үгүй болох аюулд ойрхон байна.

Иймд ЮНЕСКО 2015 онд Тенсент Интерактив Энтертэйнмэнттай хамтран олон улсын соёлын боловсрол, хөгжил, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор ардын уламжлалт тоглоом наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд “Мэдээлэл, Харилцаа холбооны Технологи (ICT)-ийг бүтээлчээр ашиглах нь: - Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” төслийг санаачилсан юм.

Энэхүү төсөл нь уламжлалт тоглоом, спортын төрлүүдээс ардын уламжлалт мэдлэг буюу нийтийн дунд оршин буй амьд өвүүдийг хадгалж хамгаалах, улмаар соёлын найрсаг харилцааг тэтгэх зорилгоортэдгээр өвүүдийн талаархи мэдээллийг цуглуулан цахим хэлбэрээр хадгалах, нийтэд түгээхэд ICT-ийг бүтээлчээр ашиглахад чиглэгдсэн болно.

2015-2016 онд Өмнөд Азиас Бангладеш, Зүүн Азиас Монгол, Латин Америкаас Бразил, Баруун Европоос Грек зэрэг 4 улс орон төслийн үйл ажиллагаанд нэгдэн улмаар цахим номын санг загварчлан бүтээх, турших үйл ажиллагаа эхэлсэн юм.

#naadgai #site