Гүтгэсэн сэтгэгдэлд “ЛАЙК” дарсан иргэнд шүүхээс ТОРГУУЛЬ ноогдуулжээ


Сондор | YOLO.MN
2017-05-31

Швейцарийн Цюрих хотын дүүргийн шүүх улсынхаа түүхэнд анх удаа Фэйсбүүк нийгмийн сүлжээнд бичсэн комментод “таалагдлаа” товчлуур дарсан хэрэглэгчид шийтгэл ноогдуулжээ.

Швейцарийн 45 настай иргэнийг шүүхээс буруутай гэж үзэн 4.1 мянган ам. долларын торгууль төлөх шийтгэл оноосон талаар Франс Пресс агентлаг мэдээллээ.

Шүүхэд гомдол мэдүүлэгч нь амьтдыг үржүүлж, нядлахын эсрэг холбоог тэргүүлдэг, амьтдын эрхийг хамгаалагч Эрвин Кесслер гэгч аж. 2015 онд нэгэн цахим форум дээр фэйсбүүкийн хэрэглэгчид Кесслерийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, фашист, тэрслүү үзэлтэй хэмээн буруутгасан комментууд бичсэн байна. Үүний хариуд Эрвин Кесслер түүний тухай сэтгэгдэл бичсэн арав гаруй иргэдийг шүүхэд өгчээ.

Шүүх түүний гомдлыг хүлээн авсан ба уг хэрэгтэй холбоотойгоор сэтгэгдэл бичсэн хэд хэдэн иргэнд шийтгэл оногдуулсан байна.

Тэгвэл энэ даваа гарагт шүүхээс улсынхаа түүхэнд анх удаа дээрх сэтгэгдлүүдэд “таалагдлаа” товчлуур дарсан хэрэглэгчийг буруутай гэж үзжээ. Тус хэрэглэгч нь  “баримт нотолгоогоор батлагдаагүй зүйлд дүгнэлт хийсэн” хэмээн шүүхээс онцолсон байна. Тэрбээр шүүхийн явцад Кесслерийг тэрслүү үзэлтэн, арьс өнгөөр ялгаварлан үзэгч гэдгийг баталж чадаагүй аж.

www.tass.ru

#facebook #like