5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Г.Гуамарал: Яагаад ийм олон дагагчтай болсноо сайн мэдэхгүй л байна


Үжин | YOLO.MN
2016-04-05

Сошиал ертөнцөд олны анхаарлыг татдаг зүйл бол гэрэл зураг. Тэр дундаа гоё гэрэл зураг. Энэ нь үзэсгэлэнт байгаль эсвэл хөөрхөн охин гээд ямар ч зураг байж болно. Бүр эсвэл үзэсгэлэнт байгальд уян налархайгаар нугарч буй хөөрхөн охины зураг.

Сошиал ертөнцөд нугарч буй зургаараа өсвөр насныхны дунд танигдсан нэгэн бол Г.Гуамарал. Уран нугаралтаар хичээллэхийн сацуу сонирхолтой гэрэл зураг авахуулж олонд хүргэдэг түүнтэй ирээдүйн хүсэл мөрөөдөл, үзэл бодлынх нь талаар YOLO хэсэг зуур хөөрөлдсөнийг хүргэе.

YOLO: За юу хийж амарч байна даа. (Бид ярилцлагаа сурагчдын амралтын үеэр хийж таарсан юм)
Бэлтгэлээ хийгээд л... Амралтаараа бэлтгэлээ шахуу буюу өдөрт 5-6 цаг хийж байна.

YOLO: Чамайг цахим хуудсанд чинь байх зургаар буюу нугардаг гэдгээр чинь би илүүтэй мэдэх юм байна?
Хэхэ. Би долоон настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Одоо есөн жил болж байна.

Анх жаахан байхдаа гэртээ гэдийгээд л хөл толгойгоо нийлүүлэх дуртай уян хүүхэд байсан юм. Тэрийг ээж анзаараад циркэд бүртгүүлж Бүжинлхам багшийн заавар дор уран нугаралтын анхны ойлголтыг мэдэж авсан даа.

YOLO: Уран нугаралтаараа тэмцээн уралдаанд оролцож байв уу?
2011 онд Новосибирск хотноо болсон “Надежда Планеты” Хүүхдийн олон улсын тэмцээнд хос нугаралтын төрлөөр орж хоёрдугаар байр эзэлж байсан. Тухайн үеийн дурсамжийг одоо бодоход маш гоё санагддаг.



Манайхаар бол “Найрамдал” зуслан шиг газар орон орны хүүхдүүд нэг дор цуглаж 14 хоногийг хамтдаа өнгөрөөсөн.















YOLO: Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
Би жүжигчин болно.

YOLO: Яагаад?
Яагаад ч юм би өөрийгөө тайз, дэлгэцийн хүн болох юм шиг л санадаг. Өөрийн үг үйлдлээ дүр, бүтээлд мөнхөлж хүмүүст хүргэнэ гэдэг их сайхан санагддаг юм. Одооноос камерийн өмнө биеэ барихгүйг сурч, жүжиглэх, ном уншиж мэдлэгээ тэлэх гээд конкурсанд шаардлагатай зүйлсээ бага багаар бэлтгэж байгаа.

YOLO: Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Ном унших их дуртай. Одоо уншиж байгаа миний ширээний ном Л.Өлзийтөгсийн “Үзэхийн Хязгаар”. Хүний дотоод сэтгэл, гүн ухааны талаар өгүүлсэн номонд би илүүтэй дуртай.

YOLO: Чиний дуртай өнгө?
Би ягаан өнгөнд дуртай.
  YOLO зурхай: Ягаан өнгөнд дуртай хүн маш жижиг зүйлд баярладаг “романтик” хүмүүс байдаг. Таалагдсан хүндээ зориудын бус мөртлөө маш тод сэтгэгдэл үлдээхийг хүсдэг. Эелдэг, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлээр бусдад туслах дуртай тул хүмүүст өндрөөр үнэлэгддэг гэнэ шүү.

YOLO: Чи фэйсбүүк дээр олон дагагчтай. Тэгэхээр нэг талаараа чи үеийн хүүхдүүддээ үлгэр дууриал болдог гэсэн үг. Чамд тэдэнд уриалах эерэг ямар нэгэн санаа байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Энэ талаар үргэлж л бодож явдаг. Тиймээс дулаарахаар Туул голын эргийг цэвэрлэх аян өрнүүлье гэж бодож байгаа. Мөн хүүхдүүдийн өмсдөггүй хувцсыг цуглуулж асрамжийн газрын эсвэл орон гэргүй хүүхдүүдэд өгмөөр байна. Эхний ээлжинд өөрийн чадах хэмжээнд л сайн үйлсийн аян хийгээд цаашлаад хэн нэгэнд зориулсан тусламжийн аян зохионо гэж боддог.

YOLO: Яагаад ийм олон дагагчтай болчихов оо?
Нугарч авахуулдаг зурагтай минь л холбоотой байх даа. Сайн мэдэхгүй л байна хэхэ.

YOLO: Нээрээ их гоё зургууд байдаг. Хэнээр авахуулдаг вэ?
Заримыг нь мэргэжлийн зурагчид авна. Мөн заримыг нь зурагчин найз маань авдаг.

YOLO: Чиний хийх дуртай зүйл?
Өөрийгөө завгүй байлгах дуртай. Бэлтгэлээ хийчихээд усанд орох дуртай, уул өөд мацаад орой дээр нь гарч суух дуртай, ном уншаад дараа нь эргэцүүлж бодох дуртай, шинэ газар очиж шинэ хүмүүстэй танилцах дуртай гээд зөндөө зүйл байна хэхэ.

YOLO: Яг одоо чиний утасны дэлгэц ямар зурагтай байна вэ?
Ийм зураг...

 

YOLO: Хэр олон найзтай вэ?
Би их олон найзтай. Гэхдээ багаасаа найзалсан бараг зүү орох зайгүй гэж хэлж болохоор ганц найзтай даа. Түвшинзаяа гэдэг юм. Бид нэг ангид хамт сурдаг. Одоо бид уран нугаралтаар ч цуг хичээллэдэг. Мөн сургуулийн дотны найзууд олон бий. Нэрийг нь дурдвал хэн нэгнийг нь дурдахгүй өнгөрч гомдоох вий гэж айж байна. Тиймээс дурдахгүй ээ.

YOLO: Үеийн хүүхдүүддээ хандаж хэлмээр санагддаг зүйл байдаг уу?
Юм болгон хоёр талтай байдаг шиг өсвөр насныхан маань ч мөн тийм санагддаг. Хийж бүтээе, суръя мэдье гэсэн нэг хэсэг байхад үдэшлэг бүрийг хэсч, архи тамхи хэрэглэдэг нэг хэсэг нь байдаг. Гэхдээ хүн бүрийн өмнө сонголт байдаг шүү дээ. Тэдэнд энэ замаар явах уу, тэр замаар явах уу гэсэн сонголт өмнө нь нээлттэй байгаа.

Хэрэв зөв замыг нь сонговол тэр хүний ирээдүй гэрэл гэгээтэй байна, харин буруу замыг түр зуур сонгосон ч нэгэнт оройтсон байх тохиолдол гарах вий дээ гэж боддог. Тиймээс өсвөр үеийнхэн маань сонголтондоо ухаалаг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ирээдүйдээ зорилготой байгаасай л гэж хүсдэг дээ.

YOLO: Тийм шүү, зөв хэллээ. Ингэхэд чиний нэр их гоё юм аа?
Хэхэ баярлалаа. Монголын Нууц Товчоон дээр гардаг Бөртэ Чонын гэргий Гуамаралын нэр л дээ. Гэхдээ үүнийг ээж маань гуа сайхан байхыг ерөөж ааваас тас зөрсөөр байгаад өгсөн гэсэн.

YOLO: За баярлалаа. Хичээл сурлага, ирээдүйн зорилгод чинь томоос том амжилт хүсье.
-Баярлалаа.

#Photography #Circus #Girl #Freetime #Facebook