Ч.Сэлэнгэ: ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ хүсэж буй хүүхдүүд МАШ ИХ СУДАЛГАА хийх хэрэгтэй


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-05-18

Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ. Энэ удаа бид “18 нас би чамд хайртай” “Аз жаргал” “Хайр” гэх зэрэг уран сайхны кинонд тоглосон залуу авъяаслаг жүжигчин Ч.Сэлэнгэтэй ярилцсаныг, жүжигчин болох хүсэл сонирхолтой хүүхдүүдэд зориулсан түүний зөвлөгөөг хүргэж байна.

YOLO: Манай уншигчид таныг ихэнх нь “18 нас би чамд хайртай” “Аз жаргал” гэх зэрэг бүтээлүүдээр тань сайн таних байх. Тиймээс өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Ч.Сэлэнгэ гэдэг. СУИС-ын гуравдугаар дамжаанд сурдаг. Би урлагийн гэр бүлээс гаралтай биш, аав маань цэргийн хүн байдаг. Хоёрдугаар дамжаандаа “18 нас би чамд хайртай” киноны шалгаруултад тэнцэж Мишээл охины дүрийг бүтээсэн. Мөн “Аз жаргал” кинонд туслах дүр бүтээсэн юм. Мөн одоо кино театруудаар гарч буй “Хайр” кинонд гол дүрийг бүтээлээ. Мэдээж оюутны ширээнээсээ салаагүй тул сурж мэдэх зүйл их байна.

YOLO: Яагаад жүжигчний мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?
Багадаа хошин шог их үздэг байлаа. Хошин шог үзээд жүжигчин болохыг их мөрөөддөг байсан.

YOLO: Жүжигчин болно гэхэд эцэг эх тань хэрхэн хүлээж авсан бэ?
Аав ээж маань намайг хүсэл мөрөөдлөө дага гэж хэлсэн. Гэвч эхлээд би СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгтэл тухайн үед эцэг эх маань намайг “Тэнцээгүй юм чинь өөр сургуульд ор. Амьдралаа бод” гэсэн. Гэхдээ л миний мөрөөдөл бол жүжигчин болох л гэсэн цорын ганц хүсэл байлаа. Тэр үед надад жүжигчнээс өөр хийж чадах юм байхгүй мэт санагдсан. Тийм учраас багынхаа мөрөөдлийг даган жүжигчин болохоор шийдсэн.

Хүн өөрөө санаачлагатай, байнга шинийг эрэлхийлэгч байх хэрэгтэй

Ч.Сэлэнгэ

YOLO: “18 нас би чамд хайртай” кинонд Мишээл охины дүрд тоглосон. Гарсан даруйдаа олонд их хүрсэн шүү дээ. Кинонд тоглож байхад тань хөгжилтэй эсвэл хүндрэлтэй зүйл тохиолдож байсан уу?
Хүндрэлтэй зүйл их байсан. Кино зураг авалт маань яг идэр хүйтний үеэр хийгдсэн. Зураг авалтууд ихэвчлэн гадаа болж кино зураг авалтад орж байгаа болохоор олон давхар зузаан хувцас өмсөж болохгүй шүү дээ, тийм учир маш их даарсан. Зураг авалтууд маань оройны 6 цагаас эхлэн өглөөний 7 цаг хүртэл хийгддэг байсан гэх мэт бэрхшээлтэй байсан ч манай баг хамт олон маань ч гэсэн идэр есийн хүйтний үеэр хичээж ажиллаж байгаа учир тэднийг хараад их урам зориг авдаг байсан даа.

YOLO: Таны хувьд жүжигчин мэргэжилтэй байхын сайхан зүйл нь юу вэ?
Аливаа зүйл сайнтай муутай байдаг шүү дээ. Би үнэхээр жүжигчин мэргэжилтэй байхын сайхан талууд нь л илүү их мэдэрдэг. Хүн аливаа зүйлийн сайхан талыг нь л харж түүнийхээ төлөө зүтгэх юм бол ямар ч зүйлийг хийж чадна гэж бодож байна. Хүн өөрөө шинийг эрэлхийлж, санаачлагатай байх хэрэгтэй. Нэг газраа байгаад л байвал юунд ч хүрэхгүй шүү дээ.

YOLO: Жүжигчин болох хүсэлтэй маш олон хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүдэд зориулж зөвлөгөө өгөөч?
Хүүхдүүд энэ талаар над руу фэйсбүүк зурвасаар дамжуулж их асуудаг. Би аль болох хариу бичихийг хүсдэг ч тэр болгонд нь хариу өгөөд байж чаддаггүй юм. Учир нь би ихэр хүүхэдтэй мөн кино, сургууль гээд тэр болгон надад зав гараад байдаггүйг ойлгоорой гэж энэ дашрамд хэлье.


Энэ завшааныг ашиглаад хүүхдүүддээ энэ талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Чи өөрөө жүжигчин болж чадна хэмээн үнэхээр хичээж чадвал чи чадна. Зарим хүүхдүүд “Хэрхэн СУИС-д орох вэ” “Ямар шалгалт өгөөд яаж орох уу” гэж их асуудаг. Гэхдээ эдгээр мэдээллийг вэбсайтруу нь ороод л мэдчихэж болно шүү дээ.

Жүжигчний мэргэжил бол их судалгаа шаарддаг мэргэжил. Өөрөө өөрийгөө дайчилж, энд тэндээс асууж сураглаж, судалгаа хийх зүйл ихтэй. Тиймээс жүжигчин болох хүүхдүүд зорьсондоо хүрэхийн тулд хичээ бас дахин хичээ. Хичээл зүтгэл л хүнд хэрэгтэй байдаг юм шүү.

YOLO: Таны тоглосон “Хайр” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн. Уг бүтээлийнхээ талаар манай уншигчдад сонирхуулаач?
“Хайр” кино бол “18 нас би чамд хайртай” киноноос шал өөр. Хэдий хоёулаа драмын төрлийн кино ч гэсэн “18нас би чамд хайртай” кино маань романтик драмын кино  хосуудын гэнэн цагаахан хайрыг илүү харуулж өгсөн. “Хайр” кино маань уянгын драм төрлийнх. Эцэг эхийн хайр гэр бүлийн хайрыг илүү гаргаж өгсөн. Уг кинон дээр харь элгийн танихгүй хүнийг ч гэсэн хүн хайрлаж болдог юм шүү гэдгийг илүү харуулж өгсөн кино билээ.

YOLO: Манай сайтыг уншдаг өсвөрийн нийт охид хөвгүүдэд хандаж үг хэлээч?
Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулагдсан ийм сайт анхных учир өсвөр үеийнхэн маань хий дэмий зүйл уншихын оронд өөрсдөдөө зориулагдсан сайтаас өөртөө хэрэгтэй гоё мэдээллээ уншаарай. Мөн танай сайтын хамт олон илүү гоё илүү их мэдээлэл хүргэж байгаарай. Та бүхний ажил хөдөлмөрт тань амжилт хүсье.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье
Баярлалаа.
 

Чи өөрөө жүжигчин болж чадна хэмээн үнэхээр хичээж чадвал чи чадна. Зарим хүүхдүүд  “Хэрхэн СУИС-д орох вэ” “Ямар шалгалт өгөөд яаж орох уу” гэж их асуудаг. Гэхдээ эдгээр мэдээллийг вэбсайт руу нь ороод л мэдчихэж болно шүү дээ.
 

Ч.Сэлэнгэ

#actor #teenegars