Ж.Номин: Би ШИНЭ ҮГИЙГ сонирхолтой аргаар чээжилдэг


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-05-17

Хэнтий аймгийн “Бор-Өндөр” Цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагч үе тэнгийнхнээ манлайлж АНУ, Япон улсуудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан Ж.Номинтой ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

"ЭЕШ-ДАА БЭЛДЭЖ ШИНЭ СЭДЭВ СУДЛАХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ
ӨМНӨХ МЭДЛЭГЭЭ БАТАТГАЖ БАЙНА"

YOLO: Удахгүй Элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Шалгалтандаа хэрхэн, ямар арга барилаар бэлдэж байна вэ?
Миний хувьд зарим нэг шалтгаанаас болоод энэ сараас л бэлдэж эхэлсэн. Сурах бичгийн хувьд өмнөх онуудын ЭЕШ-ын эмхэтгэлүүд, МУИС-ийн элсэгчдэд зориулсан гарын авлагыг ашиглаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход дөнгөж сар гаруйн хугацаа үлдсэн болохоор шинэ сэдэв судлах гэхээсээ илүү өмнөх мэдлэгээ илүү бататгах, жишиг тестүүд дээр ажиллах зэргээр бэлдэж байна даа.

YOLO: Суманд сурдаг хүүхэд англи хэлээ маш сайн хөгжүүлж олон хөтөлбөрүүдэд хамрагдсан нь гайхалтай юм. Англи хэлийг анх яаж сурсан болон одоо хэрхэн хөгжүүлж байна вэ?
Манай сум уул уурхай дээр түшиглэж хөгжсөн болохоор тийм ч жижиг газар биш шүү smiley (инээв). Аливаа зүйлийг сурахад, ялангуяа гадаад хэлийг сурахад орон нутгийн сурагч гэдэг нь тийм ч их зүйлийг хязгаарладаггүй гэж би боддог. Би 9-р ангиасаа англи хэлийг арай түлхүү үзэж эхэлсэн, тэрнээс өмнө ерөнхий хичээлийн агуулгаа л судалдаг байлаа. Тухайн үед манай сургуульд байсан “Peace Corps”-ын (Энх Тайвны Корпус байгууллага) сайн дурын ажилтнаас  их зүйл сурсан шүү. Тэр үеэс хойш бол ихэнхдээ интернетээс видео хичээл үзэх, ном унших, podcast (фм) сонсох зэргээр өөрийнхөө хэмжээнд сайжруулсан даа. Одоо ч мөн энэхүү аргыг хэрэглэдэг дээ.

Ер нь англи хэл гэлтгүй гадаад хэлийг интернэтээс үнэгүй сурах боломж маш их байдаг. Анх engVid.com сайтын видео хичээлүүдийг их үздэг байлаа. Одоо бол олон сайт, аппликейшнууд байдаг болсон.

Миний хувьд шинэ үг чээжлэх хэцүү санагддаг. Хүн болгоны арга ондоо байх л даа. Би бол өөрт таарсан нэгэн сонирхолтой аргааг чээжилдэг. Жижиг, шинэ үгийн карт хийж нэг талд нь үгээ, үгсийн аймагтай нь бичээд нөгөө талд нь англи орчуулга үгийн эхний үсгийг нь биччихдэг. Бас үгтэй талдаа нэг жишээ биччихвэл санахад илүү амар байдаг. Мөн утсан дээрээ Tinycards гэдэг аппыг татчихвал ганц англи гэлтгүй өөр олон хэлний үгсийн сангаа сайжруулах боломжтой. wink


АНГЛИ ХЭЛ ГЭЛТГҮЙ ГАДААД ХЭЛИЙГ ИНТЕРНЭТЭЭС ҮНЭГҮЙ СУРАХ БОЛОМЖ МАШ ИХ БАЙДАГ

 

YOLO: Чиний хувьд өнгөрсөн онуудад Япон улс, АНУ руу хоёр хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Ямар шугамаар явсан бэ?
Би 11-р ангидаа JENESYS 2.0 буюу Японы Засгийн газрын тэтгэлэгт ахлах ангийн хөтөлбөр, 12-р ангидаа “Mongolia-US Students Envoy Program”-д оролсон. “JENESYS 2.0” хөтөлбөрийн хувьд Япон Монголын соёлын солилцооны хөтөлбөр байсан ба жил бүр маш олон ахлах ангийн сурагчдыг хамруулдаг өргөн хүрээтэй хөтөлбөр байсан. Жил бүр 21 аймаг бүрийн төлөөлөл 1-2 сурагч мөн Япон хэлтэй сурагчид хэлний шалгалт өгөөд тэндээс шалгарсан сурагчид хамрагддаг ба аймаг бүр харилцан адилгүй байдлаар явах сурагчдыг сонгодог.

Хэнтий аймгийн хувьд Англи хэлний мэдлэг дээр тулгуурлаж явах хүүхдээ сонгодог. MUSE хөтөлбөрийн хувьд АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгт ахлах ангийн хөтөлбөр бөгөөд өргөдөл, ярилцлага гэсэн хоёр үе шатаар оролцох хүүхдүүдээ сонгосон. Энэ нь Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны хамгийн анхны ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр байсан ба энэ жилээс нэг жилийн хугацаанд үргэлжлэх FLEX хэмээх ахлах ангийн хөтөлбөрийг мөн зохион байгуулж байна. Миний оролцсон хоёр хөтөлбөр өөр өөрийн онцлогтой хөтөлбөр байсан ч аль аль нь өөрийн орны соёлыг илүү таниулах, соёлын солилцооны байдлыг ямар нэг байдлаар агуулсан байсан нь манай орон ч мөн өөрсдийн соёлыг таниулах хөтөлбөртэй болоосой гэх бодлыг яах аргагүй төрүүлж байсан.

Монгол гэхээр л дандаа малаа хариулсан, бүдүүлэг эсвэл хоцрогдсон гэх ойлголтыг залруулан нүүдэлчин хийгээд суурьшмал соёлт амьдрал аль аль нь зэрэгцэн оршдог юм шүү гэдгийг таниулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Америкт очиход бидний заримаас “Та нар мориор хичээлдээ явдаг уу?”,  “Сэрээ хэрэглэж мэдэх үү?”,  “Шарах шүүгээ хэрэглэдэг үү?” зэрэг асуултыг асууж байсан нь зарим талаар бид гадаад орнуудад өөрсдийгөө таниулахдаа зөвхөн түүхэн замнал, бахархлаа таниулахаас гадна бид хэрхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буйг таниулах хэрэгтэй юм байна гэсэн бодлыг төрүүлсэн.



YOLO: Эдгээр хөтөлбөрүүдэд оролцоод ирэхэд чиний хичээл сурлага болон нийгмийн амьдралд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?
Аль аль нь хичээл сурлага гэхээс илүү хувь хүний хөгжил, аливааг харах өнцөг зэрэгт илүү нөлөөлсөн болов уу гэж боддог. Япон хүмүүс бүхий л талаараа маш зарчимч. Гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөөнд ороход өөр өөр углааш өмсөнө, гудамж талбайд цөөхөн хогийн сав байх хэдий ч ямар ч хоггүй, хэдий том хот байлаа ч бүх зүйл цагтаа болдог, бүгд бөхийж мэндэлдэг зэргээс энэ орны хөгжлийн томоохон тулгуур нь хувь хүний хөгжил, хувь хүний хариуцлага болов уу гэж бодогдмоор.

JENESYS хөтөлбөрөөс хамгийн их тусгаж авсан зүйлс гэвэл өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байх болон аливааг олон талаас харж сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон явдал байсан. Харин MUSE хөтөлбөрийн хувьд сайн дурын үйл ажиллагаа, багаа зохион байгуулах , яагаад ардчилал одоогоор байгаа мөн хамгийн сайн засаглал болох талаар илүү өргөн хүрээний ойлголттой болсон. Мөн илүү нээлттэй болсон гэж үздэг.

YOLO: Сайн дурын ажилд оролцсоноор тухайн хүнд ямар ач холбогдолтой байдаг вэ?
Ихэнх хүмүүс ялангуяа сурагчид сайн дурын үйл ажиллагаа гэхээр зөвхөн ядарсан хүмүүст туслах, хоол хувцас тараах зэргээр хязгаарлагддаг боловч энэ нь үнэндээ маш өргөн хүрээтэй ойлголт юм. Мэдээж бусдын сайн сайхны төлөө хариу нэхэлгүй өөрийн хүч хөдөлмөрөө зориулахыг ерөнхийд нь сайн дурын үйлс гэх ба маш олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа бий. Миний хувьд сургууль дээрээ “Хүүхэд-Хүүхдэдээ” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба энэ нь MUSE хөтөлбөрийн хүрээн хэрэгжүүлж буй төсөл юм.

Мөн олон улсад болон дотоодод зарлагдаж буй тэмцээн уралдаан, тэтгэлэгт хөтөлбөрүүд, боломжууд зэрэг хүүхэд залуучуудад академик түвшний мэдээлэл олгох зорилготой www.myopportunities.net сайтад ажилладаг. Үүнээс гадна энэ зун AIESEC олон улсын байгууллагын Монгол дахь салбараас зохион байгуулж буй “The Future Diamonds” буюу “Ирээдүйн очир эрдэнэс” хэмээх төслийн багт мөн ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн тухайд ирээдүйд ямар мэргэжилтэй ямар хүн болох эсэхээ шийдэх нь хувь хүний томоохон шийдвэрүүдийн нэг. Гэтэл сурагчдад тухайн мэргэжил яг юу хийдэг талаарх мэдлэг мэдээлэл хомс байдгаас маш олон хүүхэд мэргэжлээ буруу сонгодог.

Ажиглаад байхад зарим хүүхэд аливаа зүйлийг хэтэрхий нэг талаас нь хараад, бага зэрэг хаалттай сэтгэлгээтэй байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор аль болох ямарваа нэгэн зүйлийг олон талаас нь харж бас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сураасай гэж боддог.

              Ж.Номин

Улмаар муу дүнтэй суралцаж сургуулиа хаях зэрэг асуудлууд үүсдэг. Харин энэхүү төсөл нь сурагчдад мэргэжлээ зөв сонгох, тухайн мэргэжил ажлын байран дээр юу хийдэг талаар, ирээдүйн карьер төлөвлөлт, хувь хүний хөгжлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.

Заагч багш нар нь олон улсын оюутнууд байх болохоор мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж байна байх. Мөн Улаанбаатар буухиа, сохирхолтой тэмцээн арга хэмжээнүүд багтсан болохоор сурагчдад сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

YOLO: Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
Эдийн засгийн чиглэлээр суралцах бодолтой байгаа ч өөрчлөгдөж магадгүй л юм.

YOLO: Ямар сургуульд суралцахаар төлөвлөсөн бэ?
Баклаврын Монголдоо сурахаар шийдсэн. Магистраа Герман эсвэл АНУ-д суралцна гэж төлөвлөж байна. 

YOLO: Чиний туйлын мөрөөдөл юу вэ?
Хэдий карьертай маань тийм ч хамааралтай биш ч ямар нэг хүүхдийн төлөөх байгууллагатай болно гэж боддог. Хүүхэд хөгжлийн төв эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв ч юм уу. Гэхдээ ямар нэг байдлаар тэдний боловсролыг дэмжих зорилготой төв байна л гэж боддог.

YOLO: Үе тэнгийнхэндээ хэлэхийг хүсдэг үг байна уу?
Ажиглаад байхад зарим хүүхдүүд аливаа зүйлсийг хэтэрхий нэг талаас нь хараад, бага зэрэг хаалттай сэтгэлгээтэй байдаг юм шиг санагдсан. Тийм болохоор аль болох зүйлсийг олон талаас нь харж, бас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч сураасай гэж боддог. Бараа таваар л биш бол ихэнх зүйлс дуу хөгжим, хувь хүн, соёл, шашин шүтлэг гээд бүх зүйлс өөр өөрийн онцлог шинж бүхий зүйлс. Тэднийг олон талаас нь харж, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрөх нь амьдралыг илүү гэгээлэг болгодог гэж боддог.


YOLO: Өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Өдөртөө хийх юмнуудаа чухлаас нь чухал биш рүү нь дугаарлаж жагсаагаад боломжтой үедээ амжуулдаг. Яг нарийн цаг хугацааны дараалалтай төлөвлөх нь бага зэрэг учир дутагдалтай шүү дээ. Жишээ нь, үдээс хойш гэнэт давтлагатай болох, гэрийн ажил гарах зэргээр нураачихдаг юм билээ. Саяхнаас Герман хэл бага зэрэг оролдож эхэлсэн болохоор хааяа хичээл үзэх, сайтын болон өөр бусад орчуулга хийх, юм бичих, онлайн хичээл авах гээд утастайгаа л өдрийн ихэнхийг өнгөрүүлэх төлөвтэй байдаг. Манайх харьцангуй нээлттэй гэр бүл учраас оройдоо гэрийнхэнтэйгээ ярилцах, тоглох, зурагт үзэх зэргээр өнгөрүүлдэг. Мэдээж “Яг түүн шиг”-ээ мартахгүй шүү

YOLO: Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?
Ном унших, дуу сонсох, youtube орох, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг. Улирлын амралт эсвэл зуны амралтаар цуврал кино үзэх дуртай шүү. Хамгийн дуртай нь гэвэл Vampire Diaries, Friends, Walkin Dead. Боломжтой үедээ ширээний теннис тоглох, ууланд гарах дуртай.

YOLO: Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Yolo.mn-ын хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.

#language #internet #teenegars