СУРАГЧ бүрт ХЭРЭГТЭЙ 20 АПП


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-05-15

Чи өдөрт хэдэн цагийг ухаалаг утсаа “маажин” өнгөрөөдөг вэ? Дунджаар 3-4 цаг, ихдээ 10-15 цаг. Нэг өдрийг утасгүйгээр өнгөрөөнө гэдэг бараг л шийтгэл мэт сонсогдож байгаа биз? Магадгүй заримдаа аав ээжийгээ утасгүйгээр хүүхэд насаа хэрхэн өнгөрөөж байсан талаар гайхаж байсан л байх. Мэдээж ухаалаг утасны энэ их хэрэглээ хөр хөнөөлтэй. Гэхдээ сурагч та ухаалаг утсаа ЗӨВ хэрэглэж чадвал цаг хэмнэж, бүр цаашлаад хичээл сурлагадаа ч эерэг үр дүн гаргах боломжтой юм шүү. Үүний тулд зөв аппуудыг сонгоход л хангалттай. wink

Доорх аппууд бүгд Монголын “хөрсөнд” буух боломжтой учраас туршиж үзэхийг санал болгож байна.

Онц сурахад туслах аппууд

Google Docs
Бие даалт хийх, эссе бичих гээд шивэх шаардлага маш их гардаг. Уг Google-ын үйлчилгээг багаар ажиллаж байхдаа ашиглавал тун тохиромжтой. Тодорхой нэг хэсэгт comment бичиж, тодруулж, шаардлагатай гэвэл өөр апп нээх шаардлагагүйгээр хайлт ч хийх боломжтой. Товчхондоо бол аливаа эссе, бие даалт хийхэд хэрэгтэй бүхнийг нэг дор багтаасан апп юм. Мэдээж Google хаягтай байхад ухаалаг утас гэлтгүй зөөврийн бөгөөд суурин компьютероосоо ч хандаж болно.
Татах: Android  iOS


Alarmy (Sleep If U Can)
Сурагч бүрийн дугаар нэг асуудал бол мэдээж өглөө эрт босох. 5,5 минутын зайтай сэрүүлэг тавиад ч сэрэхгүй, нойрондоо унтраагаад л эхний цагаа таслаад унтчих тохиолдол олон. Эцэстээ сэрүүлэг дээрээ тавьсан хайртай дуугаа үзэн ядаж эхэлдэг шүү дээ. Энэ аппын ажиллах зарчим нь энгийн сэрүүлэгтэй адил боловч унтраах арга нь тэс ондоо. Арифметикийн бодлого эсвэл тодорхой тоонд утсаа сэгсрэх эсвэл өмнө нь таниулсан бар код уншуулах гэх зэрэг аргуудаас сонгож өглөө бүр өөрийгөө “тамлах” боломжтой. Би өөрөө энэ аппыг ашигладаг бөгөөд жирийн үед ч цээжээр бодоход хэцүү бодлогуудыг нойрмог байхдаа бодох гэж мунгинасаар байтал нойр сэргэчихдэг юм. Хамгийн “зэвүүн” нь дууг нь хаах боломжгүй, улам л чангараад байдаг.
Татах: Android  iOS


Wikipedia
Орчин үед интернетээс хүссэн сэдвийн дагуу мэдээлэл олоход хялбархан болсон. Гэхдээ үнэн бодит мэдээлэл олно гэдэг хамгийн чухал асуудал нь юм. Сансар огторгуйгаас эхлээд нүдэнд үл үзэгдэх бактери хүртэлх асар өргөн гэхдээ бодитой мэдээллийг эндээс авах боломжтой. Дан ганц мэдээлэл авах зогсохгүй өөрийн мэддэг мэдээллээ ч оруулан бусадтай хуваалцаж болох юм. Мөн Монголоос гадна гадаад хэл дээр мэдээлэл уншсанаар хэлний мэдлэгээ ч сайжруулж болно. Үүнтэй адил Wiki how хэмээх апп байдаг бөгөөд энэ нь Wikipedia-ын зурган хэлбэр л гэсэн үг How to….. гээд хүссэн асуултаа бичиж маш ойлгомжтой зурган тайлбарыг авах боломжтой.
Татах: Android  iOS


Pocket
Заримдаа Wi-Fi олдсон хэсэгхэн хугацаанд өөрт хэрэгтэй бүх мэдээллүүдийг дараа нь интернетгүй орчинд уншиж, сонсож, үзэж болохуйцаар хадгалах шаардлага гардаг. Энэ асуудлыг чи Pocket хэмээх аппын тусламжтайгаар шийдэж болно. Хадгалахыг хүссэн мэдээллийн линкээ copy хийхэд л хангалттай. Хаяг нээчихсэн байхад ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой. Ингээд хүссэн мэдээллээ халааслаад байгаарай.
Татах: Android  iOS


Хийх ажлаа төлөвлөж, зохион байгуулалттай байхад туслах аппууд

Google keep
Анги дээшлэх тусам бидний харьцдаг хүмүүс болон авч байгаа мэдээлэл улам л ихэсдэг, үүнийгээ дагаад аливааг мартах нь хурдан болчихдог талтай. Уг апп Цахим тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг. Энгийн memo аппуудаас хавьгүй илүү. Жишээлбэл өмнө нь дурдсан Google Docs дээр бичиж байгаа эссэнээсээ хадгалах хэрэгтэй хэсгээ шууд л Google Keep рүүгээ “шидчихэж” болно. Ер нь Google-ын бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хооронд маш сайн холбогдон ажилладаг учраас “асуудал” ихтэй yahoo болон бусад хаягийн оронд Google хаяг нээгээрэй.  
Татах: Android  iOS


Google drive
Утасны багтаамж дүүрэх дан ганц сурагчдын биш ухаалаг утас хэрэглэгчдийн гол асуудал байдаг. Тэгвэл энэ асуудлыг Google-ын бас нэгэн үйлчилгээ болох Drive-аар хялбархан шийдээрэй. Зөвхөн Google хаягтай байхад л үнэгүй 15GB багтаамжид өөрийн хэрэгцээтэй зураг, бичлэг, дуу, document-ыг хадгалж болно. Устах, вирустэнэ гэж санаа зовох хэрэггүй бөгөөд утас, суурин болон зөөврийн компьютер гээд бүх төхөөрөмжөөс файл нэмж, хасах боломжтой. Хэрвээ 100GB багтаамж хүсвэл сарын 1.99 ам.доллар харин 1TB буюу 1000GB хэрэгтэй бол сарын 4.99 ам.долларыг төлөхөд хангалттай гэж байгаа. Дурдахгүй байхын аргагүй нэг давуу тал бол уг апп байхад утаснаасаа scan хийх боломжтой юм. Scan хийлгэх гэж мөнгө төлөх хэрэггүй зөвхөн ухаалаг утастай байхад л болоод явчихна.
Татах: Android  iOS


Ubhind
Facebook эсвэл Instagram-д ороод гүйлгэж байтал нэг л мэдэхэд олон цаг өнгөрч хийхээр төлөвлөж байсан зүйлс чинь амжихгүй болчихдог л биз дээ? Тэгвэл энэ апп чамд яг тохирно. Дан ганц social аппууд ч гэлтгүй бүх төрлийн апп-д өдөрт зарцуулах цагаа урьдчилаад тохируулах бөгөөд энэ хязгаартаа хүрвэл автоматаар тэрхүү аппд хандах боломжгүй болно. Мөн өдөрт утсаа ашиглах нийт цагаа ч тохируулж болно.
Татах: Android  iOS


Шинэл зүйл сурахад туслах аппууд

Pocket Casts
Хоол хийж байхдаа, хүн хүлээж байхдаа, автобусанд явж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа ч шинэ мэдээлэл авч цаг хугацааг хэмнэхийг хүсвэл уг апп яг тохирно. Миний хувьд хамгийн шилдэг подкаст апп. Олон төрлийн сонирхолтой нэвтрүүлгүүдтэй, нэвтрүүлэг тус бүр тогтмол шинэ дугаараа гаргадаг. Та хүссэн сэдвийнхээ нэвтрүүлгээс хүссэн дугаарыг нь татаж аваад хаана ч, хэзээ ч сонсох боломжтой.
Татах: Android  iOS


Medium
Товчхондоо шинэ санаанд зориулсан Facebook гэж хэлж болно. Та уг social app-аас ямар ч шар мэдээ, улс төрийн, оддын амьдралтай холбоотой мэдээлэл олж харахгүй, зөвхөн шинэ санаа, урам өгч нэгийг бодогдуулах нийтлэлүүд! Бичих дуртай хүмүүс хүссэн сэдвээрээ мэддэг хэл дээрээ бичиж, унших дуртай хүмүүс маш олон гайхалтай нийтлэлүүдээс сонгон уншиж болох боломж. Мөн л хэл сурах гайхалтай боломж шүү!  
Татах: Android  iOS


Quiz Up
Өөрийн мэдлэгээрээ бусадтай өрсөлд! Дэлхийн түүхээс эхлээд Harry Potter, Хими, Азийн орнууд, Хүүхэлдэйн кино, 90-ээд оны дуунууд, Солонгос драмууд гээд хэдэн мянган төрлийн сэдвээс сонгож олон орны хүмүүстэй өрсөлдөх боломжтой. Мэдээж өрсөлдөж авсан оноогоороо байр эзлээд өөрийн гэсэн “цол”-той болж өөрийн байраа Дэлхийн төвшинд эсвэл, Монгол дотроо харах боломжтой. Ерөнхий мэдлэг дээшлүүлэхээс гадна Англи хэлний мэдлэгээ сайжруулах маш гайхалтай боломж шүү! Мөн найзтайгаа чатлах, “тулаанд” дуудах гээд дурдаагүй өнгөрсөн маш олон давуу талтай.
Татах: Android  iOS


SoloLearn
Хүн бүр программчлалын анхан шатны мэдлэгтэй байхад буруудаад байх зүйлгүй. Ялангуяа чи энэ чиглэлийг сонирхдог бол уг аппыг ашиглахыг зөвлөж байна. HTML, CSS, JavaScript, PHP, C++, Python, Java, C#, SQL, Swift, Ruby гээд нийтлэг программчлалын хэлнүүдийг үнэгүй сураарай. Хөнгөнөөс хүндрүү гэсэн дараалалтай хичээлүүд байх бөгөөд гар утсан дээрээ өөрийн бичсэн кодоо ажиллуулж, бусад хэрэглэгчдийн бичсэн кодуудыг ч мөн харж суралцаж болно.
Татах: Android  iOS


TED
Шинэ санааг түгээгч алдартай TED. Уяраамаар, ухааруулмаар, уйлуулмаар гээд төрөл бүрийн, Дэлхийн өнцөг булан бүрт тавигдсан шилдэг илтгэлүүдийг нэг дороос хүлээн авч үзээрэй. Бүх илтгэлүүд Англи хадмалтай байдаг бөгөөд Монгол хадмалтай нь ч бас бий. Зөвхөн үзээд зогсохгүй аудио хэлбэрээр татаж аваад сонсож болно. Шинэ мэдээлэл авахаас гадна илтгэх урлагт суралцах боломжтой.
Татах: Android  iOS


Khan Academy
Анх үеэлүүддээ гэрээр хичээл заадаг байсан оюутан өөрийн хичээлээ илүү олон хүнд хүргэхийн тулд YouTube дээр нийтэлж эхэлсэн нь одоогийн Khan Academy болтлоо өсөн дэвжжээ. Чанартай боловсролыг хүн бүрт үнэгүй хүргэх зорилготой уг байгууллага нийтдээ 10 мянга гаруй видео хичээлтэй. Текст уншихаас залхаж байгаа бол уг аппыг сонгоорой.
Татах: Android  iOS


Duolingo: Learn Languages Free
Товчхондоо бол хэл сурахад зориулсан шилдэг апп. Дэлхий даяар бүртгэлтэй 150 сая хэрэглэгчтэй, 20 гаруй хэлний сонголттой. Загвар дизайны хувьд муухан тоглоомоос дээр учраас уйдах ч зав гарахгүй. Хамгийн гол нь ард нь ажилладаг баг олон жилийн туршлагатай учраас бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй үр дүнтэй сургалтыг санал болгодог.
Татах: Android  iOS


Memrise
Duolingo апптай ерөнхийдөө адилхан гэхэд хилсдэхгүй. Дизайны хувьд тун сонирхолтой, чи ашиглаж эхлээд л хэл сурахыг даалгавар бус тоглоом гэж харах болно. Нийт 20 сая хэрэглэгчтэй бөгөөд 25 орчим хэлний сонголттой энэ талбартаа тэргүүлэгчдийн нэг.
Татах: Android  iOS


Монгол программчдын зохиосон аппууд

UB Smart Bus
Автобус хүлээгээд хамаг хугацаагаа алдаж байсан уу? Ямар автобусанд суухаа мэдэхгүй, хаанаа буудал байгааг мэдэхгүй тохиолдол цөөнгүй л гардаг. Уг аппын тусламжтайгаар Улаанбаатар хот дахь автобусны буудлууд, чиглэлүүд мөн ойрхон явж байгаа автобуснуудыг харуулах болно.     
Татах: Android  iOS


Tolidyoo
Гадаад хэл сурахаасаа өмнө хүн бүр эх хэлээ төгс сурч эзэмших хэрэгтэй. Тэгвэл Batu Digital энэхүү Монгол-Монгол толь бичгийг эх хэлээ дээдэлдэг хүн бүрд зориулан гаргажээ. Ерөнхий дизайн нь маш энгийн хэн ч хэрэглэж болохуйц бөгөөд хайсан үгийн утгыг гаргахаас гадна Монгол бичгээр хэрхэн бичихийг  харуулдаг. Одоогоор Нийт 30906 үгийн сантай. Өдөр бүр нэг шинэ үг утсанд чинь notification хэлбэрээр ирдэг тохиргоо, хайх үгээ заавал кириллээр бус латинаар бичиж болдог гэх зэрэг давуу талуудтай.
Татах: Android  iOS


Business Radio 98.9
Анх 2014 онд эфирээ цацаж эхэлсэн бөгөөд бизнес болон эдийн засгийн чиглэлээр нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэдэг. Алдартай компаниудын амжилтын нууцууд, Монгол залуусын амжилтын түүх гэх зэрэг маш олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг Монгол хэл дээр сонсох боломжтой. Ерөнхийдөө бол өмнө нь дурдсан Pocket Casts-ын Монгол хувилбар л гэсэн үг.
Татах: Android  iOS


Математик
Тригнометр, магадлал, хавтгайн болон огторгуйн геометрийн чухал томьёонууд зарим нэг онолуудыг Монгол хэл дээр маш товч, тодорхой багтаасан цахим лавлах.  
Татах: Android  iOS


ЕБС НОМ
Заримдаа гэрийн даалгавраа хийх эсвэл өмнөх ангид үзэж байсан хичээлээ эргүүлэн харах гэтэл тухайн сурах бичиг байхгүй үе тохиолддог. Тэгвэл Mongolian Development 1-12 ангийн сурах бичгийг бүгдийг багтаан энэхүү аппыг хөгжүүлжээ. Нэмж хөгжүүлэх шаардлагатай зүйлс цөөнгүй байгаа ч хүмүүсийн анхаарал цаасан номоос илүүтэйгээр цахим номд татагдаад байгаа энэ үед гарцаагүй хэрэгцээтэй аппуудын нэг юм.
Татах: Android  iOS

Мэдээтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг уруу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье. wink

#application #teenegars