Б.Билгүүн эргэн ирснээ харуулж, багаа тэргүүлэв


Сондор | YOLO.MN
2017-05-12

SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД 92-84 АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн улирлын тоглолтууд дуусах тун дөхөж байна. Уржигдар лигийн хүрээнд хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Супер лигийн хүчтэй өрсөлдөгчид болох SBL Хасын Хүлэгүүд болон Альянс Тех Харцага багуудын хооронд өрнөсөн.

SBL Хасын Хүлэгүүд баг сүүлийн хоёр тоглолт дараалсан ялалт авч, тоглолт нь тун жигдрээд байна. Өчигдөр ч үүнийгээ батлан харууллаа. Тэднээс ОУХМ Б.Билгүүн бэртэл нь эдгэж, эргэн ирсэн гэдгээ харуулав. Тэрбээр Харцагуудын эсрэг 36 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүллээ. Түүний араас легионер тоглогчид болох Butler 18 оноо, Davis 15 оноо авсан бол О.Сэргэлэн 9 оноо, Т.Санчир 5 оноо, 11 самбараар багтаа тус хүргэлээ.

Харин Альянс Тех Харцага баг энэ улирлын анхны легионер тамирчнаа эгнээндээ нэгтгэжээ. Төвийн байрлалд тоглодог Brandon Goode нь одоо 25 настай, NBA-н хөгжлийн лигийн Delaware 87ers багт драфлагдаж, мөн Казахстан болон Эстони улсуудын лигт тоглож байжээ. Тэрээр эхний тоглолтондоо 15 оноо, 12 самбар авсан. Харин Харцагуудаас Г.Цэнгүүнбаяр 22 оноо, 6 самбар авч, багаа ээлжит удаагаа тэргүүлсэн бол, П.Болортулга 11 оноо, 10 самбар, Б.Наранбаатар 10 оноо, Э.Дөлгөөн 7 оноо, 7 самбар авчээ.

Улмаар тоглолтын төгсгөлд 92-84 харьцаатай SBL Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын 8 дахь хожлоо авлаа.

ХОВД МОН АЛТИУС 100-84 УВС НУУР

Энэ өдрийн сүүлийн тоглолт Ховд Мон Алтиус болон Увс Нуур багуудын хооронд өрнөлөө. Хожсон баг нь ижилхэн 3 хожилтой байсан 4 багийн дундаас тодорч, тавдугаар байранд бичигдэх байсан учир тун чухал тоглолт байлаа..

Ховд Мон Алтиус баг мөн шинэ легионер төвийн тоглогчоор хүчээ зузаатгасан нь Syracuse-н их сургуулийн Rick Jackson байлаа. Тэрээр Франц, Израйль, ОХУ, Филиппин, Венесуэл зэрэг мэргэжлийн лигүүдэд тоглож байснаас гадна, NBA-н хөгжлийн лигийн Austin Toros, Iowa Energy, Delaware 87ers зэрэг багуудад тоглож байсан өндөр зэрэглэлийн тоглогч юм. Тэрээр эхний тоглолтдоо цөөхөн минут талбайд өнгөрүүлсэн ч, аль хэдийн 17 оноо, 16 самбар авчээ. Мөн тэднээс Brandon Morris сайн тоглолтоо гаргаж, 20 оноо, 7 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн.  Мөн Sin Kum Byol 15 оноо, 5 самбар, Б.Дархантөгс 14 оноо, 6 оновчтой дамжуулалт, Б.Сүхбат 12 оноо, Б.Батзолбоо 8 оноо, 7 самбар авчээ.

Ингэснээр чухал тоглолтонд 100-84 харьцаатай Ховд Мон Алтиус баг хожиж, хүснэгтийн 5-р байраа баталгаажууллаа.

Харин Увс Нуур багаас kim Chon il 28 оноо, 9 оновчтой дамжуулалт, Jordan Hill 26 оноо, 6 самбар, Л.Болд 12 оноо авсан ч, баг нь хожигдлоо. Ингэснээр тэд улирлын үлдсэн 2 тоглолтдоо хожил авах, тун чухал даалгавартай болж байна.

Үндэсний Супер Лигийн улирлын тоглолтууд ирэх даваа гарагт өндөрлөнө.

#basketball #teenegars