З.Номин-Эрдэнэ: Шалгалтын хуудсаа бөглөснийхөө дараа 2-3 удаа шалгаж үзээрэй


Сондор | YOLO.MN
2017-05-09

ЭЕШ эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Тиймээс энэ жил тус шалгалтыг өгөх гэж буй тэр дундаа Нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөх хүүхдүүдэд зориулж 2016 оны ЭЕШ-ын Нийгмийн ухааны хичээлээр 800 оноог авсан З.Номин-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLO: Өөрийгөө танилцуулаач?
Намайг З.Номин-Эрдэнэ гэдэг. Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийг түрүү жил төгсөөд МУИС-ын Олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн нэгдүгээр түвшний оюутнаар суралцаж байна.

YOLO: Өнгөрсөн жилийн ЭЕШ-ын Нийгмийн ухааны хичээлээр 800 оноог авсан шүү дээ. Өөрийнхөө туршлагаач хуваалцвал?
Хичээлээ бэлдэхдээ нэн түрүүнд өөрийн арга барилаа олох хэрэгтэй. Өглөөний цагаар юм тогтоодог хүн байхад зарим нь өдрийн эсвэл оройн цагаар тогтоодог шүү дээ. Мөн ганцаараа байхдаа хичээлээ сайн хийдэг бол зарим нь найзуудтайгаа ярилцаад буюу багаараа суугаад хийхдээ хичээлээ үр дүнтэй давтдаг. Тэгэхээр хичээл давтдахад саадгүй, өөрт таарсан үр дүнтэй аргаа л олох нь маш чухал.

Би өөрөө чимээтэй орчинд төвлөрч, хичээлээ хийж чаддаггүй. Тиймдээ ч ганцаараа, нам гүм орчинд юмаа олон дахин давтаж уншихаар аяндаа тогтоочихдог юм. Мөн багшийнхаа өгсөн даалгавар бүхий материалыг ягштал чээжлэхийг эрмэлздэг байсан.

YOLO: Чиний хувьд аливаа хичээлийг чээжлэх нь гол байдаг уу эсвэл агуулгыг нь ойлгох нь чухал уу?
Чээжлэхийг илүүд үздэг хэмээн дээр дурдсан. Учир нь Элсэлтийн ерөнхий шалгалтад ниймгийн ухааны хичээлийн нэр томъёо, тодорхойлолт яг тухайн үгээрээ орж ирдэг учраас тэр чигээр нь чээжлэхийн сацуу агуулгыг нь ч ойлгох хэрэгтэй болдог.

YOLO: ЭЕШ-ын нэг онцлог нь хичээлийн хослол буюу хэрхэн хавсаргаж өгөх нь чухал байдаг шүү дээ. Шалтгалтын хичээл сонголтоо чи хэрхэн хийсэн бэ?
Хүүхдүүд шалгалтын хослол буюу сонголтоо маш сайн бодолцох хэрэгтэй. Шалгалтын хичээлүүд 60/40,  50/50, 70/30 хувиар гэх мэт хослодог юм. Аль сургуульд ямар мэргэжлээр элсэн орохоос хамаарч хосолсон хичээлүүдийн хувь нь ондоо байдаг. Тиймээс элсэхийг хүссэн сургуулийнхаа элсэлтийн журмыг сайн судлах хэрэгтэй.

YOLO: Түрүү жилийн Ниймгийн ухааны хичээлийн ЭЕШ-ын даалгавар чамд хэр санагдсан бэ?
Би нэлээн сайн бэлдсэн байсан учраас мэддэг зүйлс ирсэн. Гацаж цаг алдалгүй дор дор нь хугацаандаа хийгээд дуусгасан. Эргэлзэж байсан ганц даалгавар дээрээ алдсан байсан. Ер нь л хичээлээ сайн уншчихсан, мэдээд авчихсан байхад ямар ч шалгалт амархан шүү дээ.

YOLO: Шалгалтын хугацааг хэр хангалттай байсан гэж бодож байна вэ?
Юмаа уншаад бүрэн гүйцэд чээжилчихсэн хүүхдэд бол хангалттай хугацаа. Гэхдээ яарч сандарснаасаа болж шалгалтын хуудсаа дутуу эсвэл илүү гаргаж будаж, буруу бөглөх магадлалтай. Тиймээс өөрийн сайн мэддэг, амарханаасаа хийгээд эхэлсэн нь дээр. Шалгалтын материал дээрээ ажиллаад, хуудсаа бөглөснийхөө дараагаар 2-3 удаа дахин шалгаж үзэх хэрэгтэй.  

YOLO: Чи өөрийн хүссэн их сургууль, ангидаа орж чадсан уу?
Тэгэлгүй яахав. Одоо ерөнхий суурь хичээлүүдээ үзэж байна. Хоёрдугаар түвшнээс эхлээд мэргэжлээ сонгоно. Хэтдээ олон улсын харилцааны мэргэжлээр сурах сонирхолтой байна.

YOLO: Шалгалт өгөх гэж буй хүүхдүүдийн гаргадаг дийлэнх алдаа юу байдаг юм шиг чамд санагддаг вэ?
“Маргааш хийчихье, маргааш чээжилье” гэсээр байгаад шалгалтын өдрөө дэндүү тулгадаг нэг сул талтай юм шиг санагддаг. Хугацаа нь тулаад хичээлээ чээжилсэн ч юм байхгүй азандаа найдаад ордог. Гэхдээ азанд найдсанаас эртнээс сайн бэлдээд өөртөө итгэл дүүрэн орсон нь дээр. Тиймээс цагийн юмыг цагт нь хийгээд, чээжлэх зүйлсээ эртнээс чээжлэх нь хэрэгтэй.

Хүн дургүй зүйлдээ хүн тийм ч их сэтгэл гаргадаггүй, тууштай байж чаддаггүй шүү дээ.

                        З.Номин-Эрдэнэ

YOLO: Нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүд юундаа илүү анхаарах хэрэгтэй вэ?
Унших. Маш их унших хэрэгтэй. Математикийн хичээл бол толгойгоо илүү ажиллуулаад,  томъёог ашиглаж бодолт хийдэг. Харин нийгмийн ухааны хичээл нь унших юм ихтэй шүү дээ. Тухайн уншсан зүйлээ чээжлэх хэрэгтэй болдог.

YOLO: Гэхдээ аливааг хурдан чээжилдэг хүн гэж байна, мөн чээжилдэггүй хүн гэж байдаг шүү дээ. Чээжлэхдээ маруухан хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байна уу?
Хичээгээд ч ерөөсөө чээжилж чаддаггүй хүүхэд гэж байдаг. Хэрэв тийм хүүхдүүд тухайн уншиж буй сэдвээ ойлгож хуулж бичих хэрэгтэй гэж зөвлөе. Хуулж бичихдээ дахин дахин уншиж ойлгохыг хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр тогтоогддог. Хэрэв бүр тэгээд ч чээжилж чадахгүй бол хосолсон хичээлээ маш сайн бэлдээд хангалттай оноо авч чадвал нийгмийн ухааны хичээлийн оноо нь түүнийгээ дагаад өсөх магадлалтай гэсэн үг.

YOLO: Чи хичээлийнхээ хажуугаар ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байсан бэ?
Манай анги Нийгмийн ухааны хичээлээр дагнасан сонгоны анги байсан юм. Би өөрөө ч сургуульд их жаахандаа орсон, дунд нь нэг дэвшчихсэн болохоор ангидаа хамгийн балчир нь байсан. Гэхдээ л бусдаасаа дутахгүйг хичээж үргэлж мэрийдэг юм.


 

YOLO: ЭЕШ өгөх гэж буй бусад хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?
Сандарч болохгүй. Сандрах л юм бол уншиж чээжилсэн зүйлс чинь мартагдана. Гэнэт сандарснаасаа болоод зүрх нь өвддөг хүүхэд ч байдаг юм байна лээ. Тиймээс сэтгэл санаагаа эртнээс бэлдэх хэрэгтэй.

Мэргэжлээ их сайн бодож, зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Зарим хүүхэд нэг найз нь эмч болно гэхээр нь дуурайгаад эмч болчихдог. Мөн хэт сэтгэлийн хөөрөлдөө автаад өөрт тохирохгүй мэргэжлээр сурах гээд байдаг. Зарим нь шалгалтаа өгснийхөө дараагаар мэргэжлээ сонгочихно гэсэн хүүхдүүд байдаг. Дургүй зүйлдээ хүн тийм ч их сэтгэл гаргадаггүй, тууштай байж чаддаггүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд би математикийн хичээлдээ тийм ч дуртай биш. Харин нийгмийн хичээл, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох дуртай. Тэгэхээр өөрийн дуртай, хийж чаддаг зүйлээ харгалзан мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй.

Бас зарим нь эцэг, эхийнхээ шахалтаар мэргэжлээ сонгох болдог. Хэдий буруу зүйл байхгүй ч гэсэн аливаа хүн өөрийн дуртай юмаа хийх нь илүү үр бүтээлтэй буюу амжилтад хүрдэг шүү дээ. Тиймээс мэргэжлээ эртнээс төлөвлөөд, сонгоод түүнийхээ дагуу шалгалтдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Өндөр оноо авах юм бол зарим сургуулиас бүтэн дөрвөн жил үнэгүй сургах гэх мэт урамшуулалтай байдаг. Энэ талаар ч судалж үзээрэй.  

Мөн багш маш чухал. Хэчнээн сайн багш сайн байсан ч зөв материал дээр ажиллуулж чадахгүй бол үр дүнд хүрэхгүй. Тиймээс багш хүний үүрэг их нөлөөлнө. Энэ дашрамд өөрийн багш Н.Энх-Амгаланд талархаж явдгаа илэрхийлье.

YOLO: Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Энэ жил ЭЕШ өгөх нийт хүүхдүүддээ амжилт хүсье. wink

#Education #ЭЕШ #Teenagers