Э.Одпүрэв: САГС ТОГЛОХОД мэдрэмж, ур чадвараас илүү СЭТГЭЛ ЗҮЙ чухал


Б.Гэрэлт-Од | YOLO.MN
2017-05-08

Дэлхийн спортын орон зайд маш хурдацтайгаар хөгжиж буй сагсан бөмбөгийг өөрийн чин хүсэл сонирхол, зорилгоо болгож яваа, багагүй амжилт гаргасан Э.Одпүрэв хүүг та бүхэнд танилцуулж байна.

YOLO: Уншигчдад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй яриач?
Намайг Э.Одпүрэв гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод амьдардаг. 17 настай. Ээж, аав болон хоёр дүүгийн хамт амьдардаг. Бэлтгэлээ тарж ирээд эсвэл чөлөөт цагаараа хөгжим сонсож, адал явдалтай ном зэргийг ихээр уншдаг. Би бага байхдаа PC тоглоомыг маш ихээр тоглодог байсан. Тухайн үед аав ээж минь үүнийг минь их эсэргүүцдэг байсан бол одоо сагсан бөмбөг тоглосноор намайг үргэлж дэмждэг болсон.

YOLO: Өөрийнхөө амжилтуудаас сонирхуулбал?
-Хүүхдийн V их наадмын сагсан бөмбөгийн төрөлд ЗБАШТ-ний III байр.
-2016 оны 7-p сард “Золбоо” клубээс зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах U18тэмцээний III байр.
-2015-2017 оны Хэнтий аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг холбон тоглогч.
-2016 онд МХХ-оос зохион байгуулсан “Sprite 3x3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож II байр эзэлсэн.
-АНУ-ын Cleveland хотод зохиогдсон “Continental Cup-2015 US” олон улсын хүүхдийн 10 дугаар бага наадамд Монгол улсыг төлөөлөл өсвөрийн шигшээ багт тоглон амжилттай оролцож IV байр тус тус эзэлсэн.

YOLO: Та сагсан бөмбөгийг хэзээнээс эхэлж тоглосон бэ?
Би  таван жилийн өмнөөс эхэлж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Анх дугуйлангийн маань сурагчид намайг солгой тоглолттой болохоор их шоолдог байсан. Харин одоо би тэднийхээ хүндлэлийг хүлээсэн нэгэн нь болж чадсан гэж боддог. Миний тоглох болсон гол шалтгаан гэвэл тухайн үед надад өөрийн гэх чаддаг, мэддэг зүйл байдаггүй байсан учир ямар нэгэн зүйлийг сурах хэрэгтэй гэдгээ ойлгож сагсан бөмбөг спортыг сонирхож эхэлсэн. Мөн зурагтаар гардаг NBA-ын Kobe, Lebron, Westbrook зэрэг өндөр түвшний тоглогчдын тоглолтыг үзэж тэдэн шиг болохыг хүссэн. smiley

“Эв нэгдлийн лиг” 2017
(“Эв нэгдлийн лиг” 2017)

YOLO: Та чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөс өөр юу хийдэг вэ?
Би ихэвчлэн найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг. Одоо зун цаг дөхөж байгаа тул цаг агаарын байдал ч гэсэн тогтвортой байгаа болохоор оройн цагаар гарч, найзуудтайгаа зарим зүйлсийн талаар ярилцдаг. Найзууд минь бас л над шиг том зорилготой хүүхдүүд байдаг болхоор уулзаад л “ямар нэгэн шинэ юм эхлүүлэх төлөвлөгөө байна уу” гээд л бие биенээсээ асууж гардаг даа. Ер нь ихэнх чөлөөт цагаа найзууддаа зориулдаг.

YOLO: Сагсан бөмбөгийг тоглосноор таны амьдралд гарсан өөрчлөлтүүд юу вэ?
Энэхүү спортоор хичээллэснээр би өөрийгөө бага багаар олж авч байгаагаа мэдэрдэг. Сагсан бөмбөг нь тухайн хүнээс маш их хүч, зориг, тэсвэр тэвчээр, сэтгэл зүй зэргийг шаарддаг тул энэхүү спортоор хичээллэсэн цагаас хойш биеийн болоод оюуны хүч сууж, аливаа юманд ултай хандаж “Би чухам хэн бэ? Би ирээдүйд хэн болох вэ?” гэх асуултыг өдөр бүр өөрөөсөө асуудаг болсон. Бага байхдаа их л сахилгагүй, дүрсгүй хүүхэд байсан тул ээж, аав, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муутай байдаг байсан. Харин энэ спортын ачаар тэд надаас чухам яг юу хүсдэг байсныг ойлгож үүний ачаар тэдэнтэйгээ маш сайхан харилцаатай болсон.

YOLO: Өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
Мэдээж би сагсан бөмбөгт хайртай нэгний үүднээс хэлэхэд өөрийгөө алдарын тавцанд зогсож буй мэтээр төсөөлөх дуртай. Өдөр болгон хувийн зааландаа тэнхэлгүй болтол бэлтгэлээ хийж талбай дээр хожлын шидэлтийг хийж байна гэж төсөөлдөг. Харин карерийн хувьд бол би үргэлж л сагс гэж байдаг болохоор найзууд минь энэ тал дээр их санаа зовдог гэж боддог. Гэхдээ би өөрийгөө их үнэлдэг, өөртөө хэнээс ч илүү итгэж байдаг болхоор тухайн үед хэцүү зүйл тохиолдсон ч эрүүл ухаанаар хандан өөрийгөө аваад явж чадна гэдэгтээ итгэдэг.

YOLO: Хувийн бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
Манай сургуулын сагсан бөмбөгийн секц 7 хоногт гурван удаа хичээллэдэг. Бусад хүмүүст энэ нь хангалттай санагддаг байж магадгүй ч миний хувьд би 7 хоногийн бүх өдөр бэлтгэлээ хийхийг хүсдэг. Иймд секц маань давхцаагүй өдөр орой бүр заланд очиж ганцаарчилсан бэлтгэл хийж, шидэлт, техник болон хурдны дасгалыг олон цагаар тогтмол хийдэг. Ямар ч чимээгүй зааланд ганцаараа бэлтгэл хийх нь заримдаа хэцүү санагддаг ч гэсэн би “чанар” гэдгийг ойлгосон тул бусдын бус өөрийнхөө төлөө үүнийг хийж байгаагаа сануулдаг.

 

“Continental Cup-2015 US” Lake Defender багтай тоглосон тоглолтын үеээр
(“Continental Cup-2015 US” East Ohio багтай тоглосон тоглолтын үеэр, “Continental Cup-2015 US” Lake Defender багтай тоглосон тоглолтын үеэр)

YOLO: Мэдээж спортоор хичээллэдэг хүн бүхэнд бэртэл гэмтэл хамгийн том асуудал байдаг. Та өмнө нь сагсан бөмбөг тодорхой хугацаанд тоглож чадахгүйд хүртэл бэртэл гэмтэл авж байсан уу?
Тиймээ. Тоглолтын  болон бэлтгэлийн үеээр хэд хэдэн удаа хөлдөө хүнд бэртэл авж байсан. Үүнээс хамгийн хэцүү санагдсан нь бэлтгэлийн үеээр хазгай гишгэснээс үүдэн шагайны ясаа цуулж байсан. Энэ үед би маш удаан хугацааны хөлөө ч олигтой хөдөлгөж чадахгүй байлаа. Яг тэр үед л би сагсан бөмбөг тоглохыг хичнээс хүссэн ч тоглож чадахгүй байх ямар хэцүү байдгыг анх удаагаа мэдэрсэн.  Тухайн үед надад “хөл минь хэзээ эдгэх бол, энэ бэртэлээс болоод өмнөх шигээ сайн тоглож чадахгүй бол яах бол” гэх тааруу бодлууд үргэлж орж ирдэг байсан. Харин одоо хөл минь буцаад хэвэндээ орж, сагсан бөмбөгөө үргэлжлүүлэн амжилттай тоглосоор байна.

YOLO: Энэ хүртэл явахад нь тусалж дэмжсэн багш болон эцэг эхийнхээ талаар яриач?
Энэхүү асуултанд хариулхаасаа өмнө намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлж, бүх зүйл дээр минь тусалж дэмжсэн эцэг эх, багш, найз нөхөддөө баярласан талархсанаа хэлмээр байна. Миний сагсан бөмбөг тоглох чин хүслийг бадрааж, спорт гэж ийм зүйл байдгыг танихад тусалсан хүн бол миний багш болох Ганхуяг юм. Багш маань залуу байх үеээсээ бүхий л амьдралаа сагсан бөмбөгт зориулсан нэгэн билээ. Бэлтгэлийн явцад надад үргэлж шинийг зааж, заланд анд найз шиг минь байж талбайд аав шиг минь байдаг байсан. Энэ багш минь анх бидэн дээр ирээгүй бол би өнөөдөр YOLO.mn-д ярилцлага өгөхгүй байх байсан. Эцэг эхийн тухайд бол тэд надад хэрхэн шидэх, хэрхэн бөмбөг залахыг зааж өгч чадахгүй ч  намайг хэрэгтэй зүйлсээр болоод сэтгэл зүйгээр минь үргэлж дэмжсээр ирсэн.

YOLO: Бэлтгэл хийхдээ ядарч сульдах, тэмцээндээ ялагдах гэх мэт саад бэрхшээл спортоор хичээллэгч хүн бүхэнд л тохиолддог. Харин та үүнийг хэрхэн давдаг вэ?
Багш минь хийнэ гэснээ 100% хийдэг хүн тул ихэнх тохиолдолд туйлдаа хүртэл ядарч, нүд харанхуйлж, зарим өдрөө ухаан алдаж унах хүртэл бэлтгэлийг хийлгэдэг байсан. Тухайн үед үнэхээр шантарч, гэртээ очиж амрахыг хүсдэг байсан. Харин одоо  би зааланд нэг дусал хөлс дусгахын үнэ цэнийг ойлгосон гэж боддог. Багш маань хэдийгээр одоо надаас хол ажиллаж байгаа ч, багшдаа маш их баярлаж явдаг тухайгаа энэ ярилцлагаар дамжуулан онцлонхэлье. Тэмцээнд ялагдах үед би хэнд ч уурлалгүй багийнхаа бүх тоглогчдоо сайн байсныг хэлэн тухайн үед зөвхөн өөр өөрсдөөсөө л алдаа дутагдалаа хайж, үүнийг ахин давтахгүйн тулд зааландаа ахин очдог.

Ур чадвар, шидэлт зэргээ хэрхэн сайжруулах тал дээр өөрийн багштайгаа илүү тулж ажиллаж, бэлтгэлээ тогтмол хийж, бусад зүйлсийг интернэт орчин хөгжсөн энэ эрин үед интернэтээс хайн өөрийнхөө алдаа дутагдалыг засах боломжтой.

            Э.Одпүрэв

YOLO: Сагсан бөмбөгийг хэрхэн зөв, сайн тоглож сурах болон сагсан бөмбөгтдуртай хүүхэд залууст өөрийн туршлагаасаа үүдээд хандаж хэлэх зөвлөгөө байна уу?
Миний бодлоор сагсан бөмбөг тоглоход хамгийн чухал зүйл бол мэдрэмж, ур чадвараас илүү сэтгэл зүй чухал гэж боддог. Мэдээж хүн болгон л анх гурван онооны шугмаас таван удаа шидээд бүгдийгнь амжилттай болгоно гэж байхгүй. Иймд хүнд хэдийгээр дутагдал  байсан ч гэсэн хамгийн гол нь өөрийнхөө хүсэл зорилгод хэзээ ч няцашгүй сэтгэл зүрх, тэмүүлэлтэй байх нь чухал.

Хэрвээ хэн нэгэн үнэхээр сагсан бөмбөгөөр цааш явахыг хүсэж байгаа бол зөвхөн өөрөө л хичээж, өөрөө л бүгдийг олж авна гэдгийг ухаарах хэрэгтэй байх. Энэ л спортын хамгийн том зүйл. Харин ур чадвар, шидэлт зэргээ хэрхэн сайжруулах тулд өөрийн багштайгаа илүү тулж ажиллаж, бэлтгэлээ тогтмол хийж, бусад зүйлсийг интернэт орчин хөгжсөн энэ эрин үед интернэтээс хайн өөрийнхөө алдаа дутагдлыг засах боломжтой.

YOLO: Бидний ярилцлагыг хүлээн авсанЭ. Одпүрэвтээ баярлалаа. Цаашдых нь ажил үйлсэд нь амжилт хүсье.
Баярлалаа. Yolo.mn-ийн хамт олондоо ажилын өндөр амжилт хүсье.

#basketball #ambition