5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Гэри Грэй: “ГАЛЗУУ ХУРД”-ын гэр бүлийн нэг хэсэг болсондоо баяртай байна


Заяц | YOLO.MN
2017-05-02

“The Fate of Furious” буюу “Галзуу хурд 8” кино найруулагч Ф. Гэри Грэйний хувьд зарим нэг талаар уран бүтээлийнх нь оргил гэж хэлж болох. Тэрээр өмнө нь “The Italian Job”, “A Man Apart”, “Be Cool” зэрэг уран бүтээлүүд дээр жүжигчин Шарлиз Терон, Жейсон Стэтхэм, Вин Дизель, Двэйн Жонсон нартай хамтран ажиллаж байсан туршлагатай.
Сүүлд түүний найруулсан 28 сая ам. долларын өртөгтэй “Straight Outta Compton” кино дэлхий даяар даруй 200 сая ам. долларын орлого олсон билээ.

Ингээд та бүхэнд түүний саяхан нээлтээ хийсэн “The Fate of Furious” уран сайхны киноны талаар comingsoon.net сайттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Өмнө нь та машинаар мөрдөх, мөшгих, зугатах талаар кино  найруулж байсан. Бас жүжигчин Вин Дизель, Шарлиз Терон, Дуэйн Жонсон нартай хамтран ажиллаж байлаа. Энэ бүгдийг бодоод байх нь ээ, “The Fate of Furious”  кинон дээр ажиллах нь хувь тавилан байгаагүй гэж үү?
-(инээв) Тэгж хэлж болох байх аа. Надад нэг хүн өмнөх уран бүтээлүүдийг чинь харвал бүх зүйл энэ кино руу л хөтөлж байж дээ гэж хэлж байсан. Үнэний хувьтай л байх. Би ингэж л бодож байна.

-Энэ кинон дээр та бүхий л ур чадвар, туршлагаа ашигласан нь харагдаж байна. Кинонд багадаа л 3-4 маш том зураг авалт, тэр дундаа Нью Йорк хотод болон ОХУ-д авсан гайхалтай хэсгүүд багтсан. Таны хувьд аль нь зохион байгуулахад хамгийн хэцүү байсан бэ?
-Бүгд л их ур чадвар, хүч чадал сорьсон зураг авалтууд болсон. Хамгийн наад захын жишээ л гэхэд Кубэд бидний зураг авалтад оролцуулахаар авчирсан багийнхныг бүгдийг нь багтаах дэд бүтэц байгаагүйн дээрээс Гавана хотын гудамжаар машинуудаа цагт 100 милиэс дээш хурдтай давхиулж, зураг авалт хийх нь маш хэцүү байсан. Гэхдээ эцсийн эцэст маш үзүүштэй хэсэг болсон.

Нью Йорк хотын хувьд гудамжинд нь цагт 100 милиэс дээш хурдтайгаар машинаар уралдах зөвшөөрөл авах маш хэцүү. Зөвшөөрөл авах, аюулгүй байдлыг хангах, гудамжийг хэсэгчлэн хаах, дээрээс нь зүгээр ч нэг гудамж биш Таймс Скуэрт зураг авах гээд их бэрхшээлтэй тулгарсан.

Мөсөн дээрх Ламборгиниудын уралдаан, шумбагч онгоцнууд, танкууд, цэрэг байлдааны тээврийн хэрэгслүүд гээд энэ бүгд бодит юм шүү дээ. Цэрэг байлдааны тээврийн хэрэгслүүд, Ламборгини машинууд гэх мэт зүйлсийг АНУ-аас Исланд рүү тээвэрлэх том онгоц түрээслэх, очсон хойноо эдгээрийг өдөр өдрөөр хайлж, нимгэрэх мөсөн дээр хэрхэн яаж байршуулж, зохион байгуулвал манай кино зураг авалтын багийнхан, жүжигчид, орлон тоглогчдод аюулгүй байх вэ гэдэгт санаа тавих зэрэг нь яг л тэсрэх бөмбөгний цаг ажиллаж байгаатай л адил мэдрэмж төрүүлэх шиг болсон.

Мөс хагарч, доош унахаас сэргийлж бид өдөр болгон мөсийг нь өрөмдөж шалгадаг байсан. Тийм ээ, зураг авалтын үеэр бидэнд олон саад бэрхшээл тулгарч байлаа. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн, энэ бүх эрсдлийг даван туулснаар бид гайхалтай хэсгүүдийг авч чадсан. Үзэгчдийн төсөөлж, хүлээж байснаас хавь илүү үзүүштэй болсон гэдгийг итгэлтэй хэлж чадна.

-Жүжигчдийн баг өргөжиж байгааг бид харж байна л даа. Гэсэн хэдий ч олон дүртэй боллоо гээд хэн нэгнийг нь орхигдуулалгүй, дүр болгонд  өөрийгөө харуулах боломжийг өгч буй нь анзаарагдсан. Бүх дүрд өөрийгөө харуулах боломжийг олгох нь хэцүү байсан уу?
-Үзэгчид үүнийг хүссэн. Дүр болгонд өөрийгөө харуулах боломжийг олгоосой гэж хүссэн. Та цагаа, эрч хүчээ, хичээл зүтгэлээ, мөнгөө дэмий үрэхийг хүсэхгүй шүү дээ. Ямар нэг авьяаслаг жүжигчин зүгээр арын фонд уусаад өнгөрөхийг хүсэхгүй л байх. Тайрис Гибсон эсвэл Хелен Миррен байгаа тохиолдолд та тэднийг өөрсдийгөө харуулаасай гэж хүсэх болно, учир нь тэд тэгэх гэж л  байгаа шүү дээ. Тэд маш авъяаслаг жүжигчид, хэрэв та тэднийг ашиглаж чадахгүй бол та тэнэг л найруулагч байна. Бүх жүжигчид кинонд ямар нэг байдлаар өөрсдийгөө харуулаасай гэдэгт найруулагч санаа тавьдаг. Энэ маш чухал. Кино найруулахдаа баримталдаг миний зарчмын хувьд энэ хамгийн чухал зүйл.

-Жүжигчин Хелен Миррен машин барьдаг, Шарлиз Терон Mad Max: Fury Road дээр Фюриосагийн дүрд тоглож байсан туршлагатай. Гэтэл аль аль нь “The Fate of Furious” кинон дээр жолооны ард суусангүй. Дараагийн анги дээр тэр хоёрт тийм боломж олдох болов уу?
-Юу ч болж болно шүү дээ. Яг таг хэлэх аргагүй шүү дээ. Та энэ талаар санал дэвшүүлж байгаа нь ирээдүйд энэ нь биелэх тун боломжтойг ч зөгнөсөн байж болох юм. Би Хеленийг мэддэг. Тэр машин жолоодохыг маш их хүсдэг. Тийм болохоор яаж ч магадгүй. Тийм зүйл болохыг та харж ч магадгүй. Хатан хаан хүссэнээ авдаг шүү дээ л гэж хэлье дээ.

-Энэ киног үзсэний дараа нэг зүйлийн талаар би их бодсон л доо. Жейсон Стэтхэмийн тоглосон дүр хэрхэн сайн талын дүр болчихов оо. Нэгхэн ангийн өмнө Ханыг үхүүлсэн дүрийг гол дүрийн баатрууд хүлээн зөвшөөрөх нь хэр зохимжтой вэ?
- Хүлээн зөвшөөрөх гэсэн ойлголтыг дахин нэг бодож үзэх юм бол, би ердөө киноны төгсгөлд болж буй үйл явдалтай зөрчилдөх гэсэнгүй, хүмүүс энэ киног үзээд, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээсэй л гэж хүссэн. Жейсоны тухайд тэр яг ч гол дүрийн баатруудын “гэр бүл”-д багтчихаагүй байна. Түүнд тодорхой нэг даалгавар байсан. Тэр даалгавар нь тухайн багийнхантай эсвэл “гэр бүл”-тэй хамааралгүй байсан. Киног үзсэн бол тэр гэрээ хийсэн, тэр  гэрээгээ ч дагасан. Таны асуусан асуултны хувьд энэ нь зохимжтой эсэхэд би яг итгэлтэй биш байгаа ч ямар ч байсан эцсийн бүлэгт ийм зүйл болоод өнгөрсөн.

-“Энэ бол савангийн дуурь. Муу залуус сайн болж, сайн залуус муу болдог. Цуврал кинонд ийм зүйл болдог юм.” гэж хэлэх шаардлага танд гарсан биз.
-Үүнийг мэдэхийг тулд та киногоо шимтэн үзэж, дүрүүдийн харилцан яриаг маш анхааралтай сонсох ёстой. Ихэнх тохиолдолд олон техник, тоног төхөөрөмж, чанга хөгжим, олон аюултай үзэгдлийн дунд та зарим нэг зүйлийг анзааралгүй өнгөрдөг. Энэ нь нэг талаараа миний буруу л даа. Дахин хэлэхэд, хэрэв та маш анхааралтай сонсвол Жейсон яагаад Ханыг хөнөөх болсныг ойлгох болно. Багийнхан ч үүнд орооцолдохыг хүсээгүй, тэр ч бас хүсээгүй. Гэхдээ тэдний гол зорилго нь нэг байсан. Тэд даалгавраа биелүүлэхийн тулд нэгдээгүй бол зарим нэг үр дагавар гарах байсан. Киногоо анхааралтай үзээрэй гэж дахин дахин хэлье.

- Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, кино зураг авалтын том баг хамт олон, дээрээс нь маш олон тоног төхөөрөмж, машин тээвэр зэрэгтэй ажилласны эцэст энэ бүгд таны яг харуулахыг хүссэн  зүйлийг чинь үзүүлж чадсан гэж  та итгэлтэй хэлж чадах уу?
-Хэлэхэд маш төвөгтэй. Та бусдаас яг юу хүсч байгаагаа маш тодорхой хэлэх ёстой. Ерөнхийлөгчийн албатай харьцуулах ч юм биш л дээ гэхдээ жишээ авахад та нэг үндэстнийг захирч болох ч тухайн үндэстнийхээ муж болгонд хүрч, захирч чадахгүй. Та өмнөө зорилго тавьж, зөв хүмүүсээ томилж, бүх зүйл зөв голдирлоороо явж байгаа эсэхийг хянана. Зарим үед таны төсөөлснөөс арай л өөр байна, заримдаа яг таны хүссэнээр болно. Гэсэн хэдий ч бид эцсийн бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байна. Уран бүтээлээрээ бахархаж байна. Бүхнийг нэг бүрчлэн байнга хянаад байх боломжгүй. Багийнхан маань гараад л миний төсөөлснөөс огт өөр зүйл хийж намайг гайхшруулах тохиолдол ч гарч байсан. Тэгэхээр бүх зүйл хоёр талтай.

-Та дахиад нэг анги дээр ажиллах уу эсвэл энэ таны хувьд сүүлийнх байв уу?
-Хэлж мэдэхгүй байна. Яаж ч магадгүй. “Fast and Furious” гэр бүлийн нэг хэсэг болсондоо их баяртай байна. Тийм болохоор харж л байя.

 

Энэ 7 хоногийн бокс-оффисын дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

#Movie #Hollywood #Boxoffice #Celebrity