5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ХӨВГҮҮДИЙН энэ ХАВАР, ЗУНЫ ЗАГВАРЫН чиг хандлага


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-05-01

Бид өмнө нь "2017 оны охидын ХАВАР, ЗУНЫ загварын чиг хандлагууд" нийтлэлийг хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр хөвгүүдэд зориулсан загварын мэдээллийг хүргэж байна. Чи доорхоос санаа авч энэ хавар зуны хувцаслалтын чиг хандлагаа тодорхойлж эсвэл өөрийн стилиэ шинэчлээрэй.

1. Малгайтай цамц+Жийнсэн хүрэм
Ихэвчлэн цагаан цэнхэр өнгийн жийнсэн хүрмийг, бараан эсвэл тод өнгийн малгайтай цамц дээр өмсдөг. 14-19 насны хөвгүүдийн хувьд өнгөлөг бөгөөд дэгжин сонголт нь болоод байгаа юм.


2. Цагаан цайвар футболка
2014 оны “Сөүлийн Загварын 7 хоног” үйл ажиллагааны үеэр, сүүлийн 5 жилийн эрчүүдийн, тэр тусмаа хөвгүүдийн загварын чиг хандлагын ерөнхий өнгийг хар, цагаан байна гэж мэргэжилтнүүдийн таамаглаж байсан нь одоо биеллээ олж байгаа гэлтэй. Энгийн даруухан, цэвэрхэн харагдахаас гадна дээгүүр нь өмссөн хүрэм, цамцаа тодотгож өгдөг учраас илүү дутуу бичиг, судалгүй цагаан футболка хүмүүсийн анхаарлын төвд байна.

3. Срочик+Ханцуйтай цамц
Номын хэрнээ загварлаг харагдах нэгэн шийдэл болох тус загвар нь хүүхэд залуусын дунд нэлээд дэлгэрсэн бөгөөд  өдөр тутам хичээлдээ өмсдөг “тренд” болоод байгаа ч гэж хэлж болохоор. Хамгийн гол анхаарах зүйл нь хэдийгээр зөвхөн зах хэсэг нь гардаг ч срочикны өнгө, ханцуйтай цамцны өнгөтэй зохицсон байх хэрэгтэй. Учир нь хүний биеийн загварлаг байдлын хамгийн чухал хэсэг хүзүү гэнэ шүү.


4. Загварлаг үс ийм амархан
Сүүлийн үеийн залуучуудын загварын чиг хандлага илүү залхуу бөгөөд хялбар болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцлоод байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол энэ хаврын тренд “залхуу үс” юм. Үсээ угаагаад, хатаагаад, гараараа хойш нь илээд л боллоо. Хөөс түрхэх, сам ашиглах огт шаардлагагүй. Бага зэрэг арзайх хэдий ч энэ цаг үед тэрхүү арзайлтыг загвар хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ.


5. Цагаан цэнхэр өнгийн хүрэм
Дотуур нь ихэвчлэн цагаан футболка аль эсвэл бараан өнгийн малгайтай цамц өмсөх ба ЕБС-ийн сурагчдын хувьд дүрэмт хувцасны цэнхэр цамц дээр маань онц гойд зохицож, загварлаг, өнгөлөг, цэвэрхэн харагддагаараа онцлог болоод байгаа юм.


6. Ханцуйгүй малгайтай цамц
Бие хөгжүүлсэн хэдий ч хэрхэн гайхуулахаа мэдэхгүй байвал энэ цамц чамд тус болох шинжтэй. Энгийн майкийг бодвол хамаагүй загварлаг бөгөөд гар, шууны булчинг илт харуулж чадахаар юм. Бас халуун зуны нартай өдөр саравчтай малгайтай өмсвөл сэрүүхэн бөгөөд загварлаг харагдах нэгэн шийдэл юм.


7. Цав цагаан өмд
Өнгөрсөн жил нэг хэсэг “blvck” загвар дэлгэрч залуучууд маань хар өнгөнд дурлаж байсан бол энэ жил эсрэгээрээ цагаан өнгө “тренд” болоод байна. Хавар, ялангуяа зуны улиралд цагаан өнгө мэдээж цэвэрхэн харагдах бөгөөд, сэрүүхэн. Мөн хамт өмссөн хувцсаа тодотгож өгдөг учраас цагаан өмд энэ хавар, зуны хөвгүүдийн сонголт байх нь аргагүй ээ.


8. Малгайтай цамц+ Пальто
Өөрийнхөө өндөрт сэтгэл хангалуун бус хөвгүүдийн хувьд пальто өмсөх нь өндөр харагдуулахаас гадна загварлаг байж чаддаг ч ихэвчлэн 30 гарчихсан ах нар шиг харагдах тал бий. Харин малгайтай цамцны гадуур пальто өмсөх нь загварлаг бөгөөд өндөр мөн цэвэрхэн харагдах боломжтойгоороо хөвгүүдийн анхаарлыг нэлээд татжээ.


9. Шагайгаа гаргах стиль
Нэг хэсэгтээ л залуучуудыг маань шуугиулсан бичигтэй, бичиггүй, зурагтай, зураггүй цагаан урт түрүүтэй оймс моодноос гарч, богино пүүзний гэмээр оймс өмсөж шагай, шилбэнийхээ доод хэсгийг гаргаж явах нь тренд болоод байгаа юм. Энэ нь илүү цэвэрхэн бөгөөд загварлаг, хамгийн гол нь сэрүүхэн загварын шийдэл болоод байгаа юм байна.


10. Этгээд хачин уриа бүхий үгтэй хувцас
Ямар нэгэн үзэл баримтлалыг сурталчилсан аль эсвэл зүгээр л залуучуудын өдөр тутмын хар ярианд өргөн ашиглагддаг үгсийг цэвэрхэн хэвлэж өгөх нь янз бүрийн эрээн алаг зургуудаас илүү өсвөр үеийнхний сэтгэлд хүрчээ.


11. Урагдсан жийнс “COMEBACK”
Нэг хэсэг олны шүүмжлэлд өртөж байсан уранхай жийнснээс болж залуучууд өмдөө оёж байсан удаатай ч урагдсан жийнсний загвар 2017 оны хавар эргэн иржээ. Эргэн ирэхдээ илүү загварлаг, өнгөлөг болоод ирсэн нь бүр ч их анхаарал татаад байгаа аж.


12. Дан өнгийн шорт
Сүүлийн үеийн залуучуудын загварын чиг хандлага өнгөний хувьд бусад насныхнаас тийм ч их ялгаагүй, даруухан, ихэвчлэн дан өнгийн хувцас байдаг болсон нь нийгэмд илт ажиглагдаж байгаа билээ. Дан өнгийн хувцас өмсөхийн  хамгийн гол давуу тал нь хамт өмсөж байгаа хувцсаа тодотгож өгдөг. Тэгвэл дан өнгийн шорт нь энэ зун пүүзийг тань тодотгож өгөх нь ээ.

 

#fashion #YOLOShop #teenagers #BOYS