"МиМо" угсардаг ГЭР


Сондор | YOLO.MN
2017-04-25

Гурван мянга орчим жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл буурал түүхийг тээсэн, тусгаар улс, нүүдэлчдийн удам гэдгийг баталдаг нэг зүйл бол яахын аргагүй Монгол гэр билээ.

Өдрөөс өдөрт алсарч буй нүүдэлчдийн соёл, ёс заншлыг бидэнд төдийгүй үр хойч үедээ өвлүүлэхээр оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулж буй залуусын бүтээлийг танилцуулж байна.

Монгол гэрийн гайхамшгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх том зорилгыг урдаа тавьж, улмаар нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхий нийтэд таниулан гэр бол Монгол Улсынх юм гэдгийг тамгалахаар тэд гурван жилийн турш судалгаа хийжээ.

Анхны бүтээгдэхүүнээ энэ сарын эхээр хэрэглэгчдэд хүргэсэн “Naad” брэндийн цувралын эхний бүтээгдэхүүн “МиМо” буюу Миний Монгол угсардаг гэр бол хүүхдүүдийн тоглох дуртай лего тоглоомтой адилхан юм.

Бүрэн тавилгатай монгол гэрийг 11 дахин багасгасан угсардаг гэр ердөө 900 грамм жинтэй, нийт 225 бүрдэл хэсэгтэй. Хүнсний зориулалттай хуванцар болон эсгий, даавуу, оосор бүч, хатуу цаас зэргээс бүтсэн тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр сав баглаа боодлын хувьд ч гадаадын тоглоомтой дүйцэхүйцээр бүтээжээ.

Тайлбар номдоо гэрийн бүрдэл хэсгүүдийг ширхэг бүрийнх нь уран хийц, нэршлийг нь тайлбарласан, угсардаг гэрийн тулга байрших хэсэгт нь гэрэл асдаг ч олон улсын стандартын дагуу хүүхэд тоглох зориулалттай учир зайг нь савлаагүй гээд олон давуу талыг эдний бүтээгдэхүүн өөртөө шингээжээ.









#Mongolia #DIY