Их дээд сургуулиудын үзэсгэлэн яармаг болно


ССҮТөв | YOLO.MN
2017-04-19

Их дээд сургуулиудын танилцуулга бүхий “Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ны хооронд Мишээл Экспо төвд болох гэж байна.

Тус үзэсгэлэн яармагийн зорилго нь дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх юм.

БСШУСЯ, НБГазар, ХИДСХолбоо, МИДСКонсорциум, МСҮТөв болон “Мишээл Экспо” ХХК хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Дээд боловсролын шинэчлэл төслийн танилцуулгууд багтах бөгөөд ЕБС-ийн 9, 11, 12-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй юм байна.

“Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармагийн нээлт дөрөвдүгээр сарын 21-ны 14:00 цагт Мишээл Экспо төвд болно.

#University #Lesson #occupation