ЭРДМИЙН БАЯРААР мөнгө хурааж, амралт цэнгээний газар тэмдэглэхийг ХОРИГЛОЛОО


Цацаа | YOLO.MN
2017-04-17

Нийслэлийн боловсролын газраас төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг Нийслэлийн Боловсролын газраас хүргүүлж байна.

Үүнд:

1. “Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах.

2. “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах.

3. Эрдмийн баяр”-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг урамшуулах,тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах.

4. Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны засаг дарга нарт “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.

5. "Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, тэднийдэмжлэгийг авч хамтран ажиллах. /Эцэг эхийн зөвлөл, school police/

6.  Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч,сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

7. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах.

8. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аяныг 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн номын сан, музей, түүхийн дурсгалт газар, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг сургууль бүр зохион байгуулах.

9. “Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах.

10. Анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэвжурмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 сард багтаан зохион байгуулах.

11. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүрэг тус бүр нэгтгэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний дотор нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх.

“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

#Problem #Class #School #Teenagers #Ceremony