
Мандал Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Өлзийбаярын Ганзоригийн “Далд ухамсар” лекцийн хүрээнд ярьсан зүйлсээс гол хэсгүүдээс сорчлон уншигч танд хүргэж байна.

ДАЛД УХАМСАР ГЭЖ ЮУ ВЭ?
Далд ухамсар гэдэг хүний тархины төрөлх өгөгдөл, рефлекс, автономат чанартай зүйлсийг ерөнхийд нь хэлнэ. Судлаач нарын олж мэдсэнээр хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй маш их мэдээллийг авч, хадгалж байдаг. Тэрхүү хадгалагдсан мэдээллүүд хүний өдөр тутмын амьдралын шийдвэр гаргалтад 95%-д нөлөөлж байдаг буюу бид өөрсдөө ч мэдэлгүй автоматаар үйлдэл хийх болон боддог байна. Яг л таны тархи Robotaxi-тай адил удирдуулж та жолоочийн суудалд байхгүй байгаатай адил.
Зигмунд Фрейд болон Кахнэмэн нарын нээн илрүүлсэн далд ухамсар бол хүн, амьтны амьд үлдэх гэсэн мэдрэмжтэй их холбоотой. Эх үр, эрсдэлийг менежмент, төлөвлөлт, стратеги, багийн ажиллагаа гээд бүхий л шийдвэр гаргалтанд шууд оролцож чаддаг. Тиймээс далд ухамсар маш хүчтэй учир ил ухамсартай их зөрчилддөг.
Сайн талууд нь далд ухамсар супер компьютер шиг хурдтай бөгөөд 24 цаг ажилладаг. Үүн доторх хязгааргүй ой санамж нэг секундэд 11,000,000 бит мэдээллийг боловсруулдаг нь ил ухамсарын ой санамж (40бит.сек)-ээс хэдэн арав дахин илүү.
Муу талуудаас дурдвал хүн эрт үеэсээ л амьд үлдэх гэсэн мэдрэмжтэй байдаг учраас айдас, амиа хичээх, сэтгэл түгших. шүүмжлэгч чанар, уцаартай, санаа зовомтгой, өөрийгөө голох зэрэг сөрөг нөлөөтэй. Мөн далд ухамсараа дийлэхээ больсон тохиолдол далд ухамсар зөрөх гэж зүйл гарч ирнэ.
ДАЛД УХАМСАРАА ТАНИХ НЬ

Ө. Ганзориг сургуульд байхдаа математикдаа сайн байгаагүй ч далд ухамсараа таньж мэдэн, сургасан болохоор одоо энд байгаа гэдгээ дурдаж байлаа. Мөн “Бидэнд Steve Jobs, Elon Musk нартай ижил тархи бий ч гэсэн бид нар өөрөө өөрсдийнхөө толгойд улс төр хийж хуураад байгаа. Гэтэл тархийг тань өрөмдөөд нээхэд Ейнштейн эсвэл Чингис хаанаас нэг их ялгараад байхаар зүйл байхгүй.” хэмээн тодотгож байв
Тархинд ерөнхийдөө хоёр л процесс явж байгаа. Нэг нь биохимийн процесс. Хоёрдахь нь цахилгаан соронзон долгион. Биохимийн процесс химийн хуулийн дагуу явагддаг бол цахилгаан соронзон долгион цөмийн физикийн хуулиар явагддаг. Бүх хүний тархи л адилхан ингэж ажиллаж байгаа. Чингис хааны тархи ч адилхан байсан.
Далд ухамсартаа мэдээллийг оруулахын тулд ил ухамсраараа үргэлж сануулаад байх буюу давтах хэрэгтэй байдаг. Учир нь аливаа юмыг сайн хийж байгаа хүний ард арван мянган цагийн хичээл зүтгэл байдаг. Бид тэрийг хардаггүй.
Өнгөрсөнд байсан орчин буюу гэр бүл, найзууд, туршлага, цочрол, зуршил өнөөдрийн таны далд ухамсрын ихэнх хэсгийг бүтээсэн. Тэгсэн ч гэсэн одоо болон маргаашийн өөрийгөө та л бүтээнэ. Тиймээс өөрчилмөөр зүйл байвал өөрчлөх нь чухал. Жишээ нь токсик хүмүүсээс хурдхан шиг холдож хүний сайныг олж нөхөрлөх хэрэгтэй. Чингис хаан Араб, Хятад, Кидан гээд олон хүмүүстэй нийлж нөхөрлөдөг байсан. Өөрийгөө бодлоороо хайрцагладаг байдлаасаа гарч өөрөө өөртөө хэрэгтэй бодол, үйлдийг хийж далд ухамсараа ойлгох нь чухал
ТӨСӨӨЛЛИЙН ГАЖУУДАЛ

Төсөөллийн гажуудал гэдэг ил ухамсар болон далд ухамсар хоёрын голд тоосгон хана шиг саад болсон зүйлийг хэлж байгаа юм. Энэ нь бодит байдал төсөөлөл хоёрыг гуйвуулж харуулдаг. Таны тархинд бодогдож байгаа зүйлс 100% үнэн гэж бодож байгаа бол хэзээ ч тийм биш. Энэ хоёрын хооронд том зөрүү бий.
Харин өөрийн төсөөллийг бодит байдал руу ойртуулахын тулд хичээж амьдрах хэрэгтэй. Тэрнээс ганданд очиж мөргөөд гэгээрэхгүй. Гол зүйл нь төсөөллөө байнга шалгах буюу харсан, бодсон бол дахин дахин нягтлах нь чухал.
2300 жилийин өмнө Плато “Бидний мэдрэхүй бол ердөө бодит байдлын тусгал төдий юм” гэж хэлсэн байдаг. Ерөнхийдөө судлаачид 180 гаруй төсөөллийн гажуудлыг нээн илрүүлсэн. Жишээ нь зангуу эффект буюу өмнө авсан юмтайгаа адилхан буюу уялдуулаад аваад байдаг. Мөн Halo effect болох хүний нэг шинж чанараар нь бусад бүх зүйлийг нь үнэлдэг. Жишээ нь энэхүү Halo effect-ээр дамжуулан луйварчин хүн далд ухамсрын замаар манипуляци хийдэг.
ДАЛД УХАМСАРЫГ УДИРДАХ ТЕХНИКҮҮД

1. Далд ухамсрын хүч чадалд нэвтрэхийн тулд зорилго тавих хэрэгтэй.
Зорилго тавихдаа тэрээр “Үхлээс хойшоо зорилго тавь.” гэж зөвлөж байлаа. Яаж үхэх юм?, хаана үхэх юм? Учир нь үхэх хүртлээ үнэн байгаасай л гэж бодож байгаа юм. Ядаж үхэхдээ сүүлийн мөчдөө үнэн байж ийм хүн байсан, ийм ийм юм хийсэн гэж ардаа үлдээх хэрэгтэй. Тиймээс үхлийнхээ мөчөөс нааш нь хөөж зорилгоо тавьж байгаа юм.
Хүн бол систем. Аливаа систем зорилготой байх ёстой. Далд ухамсарт нэг чиглэл өгвөл тэр чиглэлийн дагуу биеийн чинь бүх функцийг далд ухамсараар удирдах хүчтэй. Тиймээс Сократын хэлснээр “Зорилгогүй амьдрал бол харанхуй амьдрал юм.”
2. Бодлын хүчийг ашигла
Бодлын хүчээр далд ухамсарт нэвтрэх 3 техник байдаг. Нэг нь сайн бодох. Хоёрдахь нь давталтын хүч буюу зуршил. Ил ухамсраараа давтаад байвал далд ухамсар луу ордог. Гуравдахь нь сэтгэл хөдлөлийн хүч буюу хариуцлага хүлээх ухамсар. Ийм 3 хүчээр далд ухамсрыг удирддаг. Мөн бодлын хүчээр дамжуулан авах биш өгөгч зарчмыг суулгахын ач холбогдолыг тодотгов.
3. Төвлөрөл, сахилга бат
Жишээ нь 1 өдөрт 8 ажил хийх биш нэг өдөрт нэг ажил хийгээд 8 өдөрт 8 ажлыг дуусгах хэрэгтэй. Эхлүүлсэн нэг ч юмаа дуусгахгүй яваад байхаар далд ухамсар туйлдаж, ядарна гэсэн үг. Сахилга баттай төвлөрч юмсыг хийж чадвал далд ухамсар 11 сая.бит хурдаараа ажиллахад дөхөх юм.
4. Эерэг зуршил бий болгох
Хүнд 66 хоногт шинэ зуршил бий болдог. Тиймээс сөрөг юм бодохоо больж эерэг хүмүүсийг дагах хэрэгтэй. Өөрийн гэсэн зарчим өөртөө бий болгоод үргэлж мөрдөж зуршил болго.
Эцэст нь тэрээр “Бид дан юмсын шинж чанар, онолыг ярьдаг. Харин аливаа зүйлийн мөн чанар буюу модны үндсийг харж чадвал далд ухамсар биднийг чиглүүлж, бидний төлөө ажиллана. Тэрнээс биш шинж чанар хараад, яриад байвал ямар ч эерэг нөлөө байхгүй.” хэмээн лекцээ өндөрлөв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!