2025 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “Adolescence” цуврал кино нь цацагдсанаасаа хойш ердөө зургаан сарын дараа Грэммийн 8 шагнал авсан билээ. Дөрөвхөн ангитай энэ кино цувралыг юу бусдаас өвөрмөц болгож, ямар сэдвүүдийг үзэгчдэд хүргэхийг зорьсон талаар энгийн нэг үзэгчийн хувиар өнөөдрийн нийтлэлээрээ задлан хүргэхээр бэлтгэлээ.
Энэхүү кинонд 13 настай өсвөр насны хүүг төлөөлөх Жэймээр дамжуулан олон чухал сэдвүүдийг хөндөж чадсан хэмээн кино шүүмжлэгчид үзсэн юм.
Ерөнхий үйл явдлыг дурдвал 13 настай Жэйм Миллер хүү ангийнхаа охин болох Кэйтийг хөнөөсөн хэргээр баривчлагдаж, улмаар яллагдагчаар татагдсаны дараах үйл явдлыг харуулдаг.
Энэ хэргээр “Хэн үүнийг хариуцах вэ?”, “Яагаад ингэв?”, “Үүнийг урьдчилан сэргийлж болох байсан уу?” гэх асуултуудад хариулах замаар олон далд утга санааг тусгажээ.
КИНОНЫ ОНЦЛОГ
Энэхүү кино нь "one-take” буюу тасралтгүй нэг зураг авалтаар хийгдсэн тул үзэгчдэд яг кинон доторх эмх замбараагүй байдлын дунд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг."One-take” буюу тасралтгүй нэг зураг авалт гэдэг нь кино, клип зэргийг зогсолтгүйгээр, засвар хийхгүй эхнээс нь дуустал нэг удаагийн камерын бичлэгээр авсан дүрс юм.
Ийм тасралтгүй зураг авалтын хэв маяг үзэгчдэд завсарлага өгдөггүй бөгөөд үйл явдалд энгийн гарц санал амархан болгоод байдаггүй. Жишээ нь жирийн, хайр халамж дунд өссөн айлын ухаалаг хүү яагаад найзаасаа хутга зээлж аваад, ердийн нэг ням гарагийн орой хүүхэд хөнөөсөн шалтгааныг энгийнээр тайлбарлахыг эрс татгалздаг.
Түүнчлэн энэ бүтээл сошиал сүлжээний далд аюул болон эрэгтэй хүмүүст ирдэг нийгмийн шаардлага, хүлээлт гэх өнөө цагийн тулгамдсан сэдвийг хөндсөн юм. Мөн Киноны найруулагчдын нэг Стивен Грэхэм нь Жэймийн аав Эддигийн дүрд тогложээ. Мөн Оуэн Купер Эммигийн түүхэнд хамгийн залуудаа эрэгтэй жүжигчний шагнал хүртсэнээрээ түүхэн амжилт тогтоосон юм.
Дууны найруулга нь түгшүүртэй, цуурайтсан, зөрчлийг илэрхийлэх хөгжмөөр дамжин дүрүүдийн дотоод зовлонг тусгасан нь киноны гэмт хэргийн уур амьсгалыг улам нэмэгдүүлсэн байлаа.
КИНОНЫ ДАЛД УТГА, САНАА
Жэйм хүүгийн хэргийг үйлдсэн зорилго тодорхой бус хэвээр үлдэж дуусдаг ч кино нэг зүйлийг тод харуулсан юм.
Өнөөдрийн өсвөр үеийнхэн цахим сүлжээн дэх ертөнцөд амьдарч байгаа бөгөөд хэрэв насанд хүрэгчид тэдний дуу хоолойг сонсохгүй бол энэ нийгмийг ойлгох ямар ч чадваргүй болохыг энэ кино ойлгуулахыг зорьжээ.
Сошиал медиа гэх харанхуй өрөөнд түгжигдсэн Жэйм олон өсвөр насны хөвгүүдийн адил цахим “инсел” гэх ихэд түгсэн соёлд татагдан, цахим сүлжээн дэх эмэгтэйчүүдийг үзэн ядагчдын харгис логик руу хөтлөгддөг.
Үүгээр дамжуулан киноны гол, чухал хөндсөн асуудал нь өсвөр насныхны хамгийн аюултай газар бол өөрийнх нь өрөө гэдгийг тодотгожээ.
Тэрхүү цахим сүлжээний соёлоос үүдэн сургуулийнхаа охиныг харгисаар хөнөөсөн хэрэгт хамгийн эмзэг өртөх хүмүүс бол тэдний гэр бүл байсан. Эцэг, эх нь түүнийг юугаар ч дутаалгүй, хэзээ ч гар хүрч ширүүн харьцаж үзээгүй тухайгаа өгүүлж байсан. Үргэлж хайрлаж өсгөсөн атал ийм хэрэг болсонд итгэж өгөхгүй хэвээр кино дуусдаг. Тэгвэл үүний далд санаа юу байв?
Жейм сургууль, гэр бүл, найз нөхөд гэх нийгмийн институтуудээс ангид орших цахим сүлжээ гэх томоохон ертөнцөд өөрийн байр сууриа тусдаа бүтээж байсан юм. Энэ нь нийгэм, орчин нэг үеэрээ байдаггүй тухайг хүчтэй сануулж байлаа. Мөн хайраар дүүрэн өсгөсөн гэх энгийн эцэг эхийн хүүхэд ч тэднээс үл шалтгаалан ийм аймшигтай хэрэг үйлдэж болохыг сануулсан кино болжээ.
Мөн гаднаасаа энгийн жаахан мэт харагдах өсвөр насныхны сэтгэлзүйн тогтворгүй байдал нь киноны 3-р ангид Жеймийн тэсэрч дэлбэрэх уур хилэнгээр илэрч байв. Тэр эмэгтэй сэтгэлзүйч рүү орилон, ёс зүйгүй ханддаг ч хэдхэн минутын дараа уучлал гуйж “Би дуугаа өндөрсгөчихлөө. Уучлаарай. Надад халуун шоколад өгч болох уу?” хэмээн хэлдэг.
Энэ үйлдэл нь цахим сүлжээнд түгсэн “инсел” гэх соёлоос үүдээд эмэгтэй хүнийг хүндлэхгүй, дорд үздэг болсон байдлыг харуулж байв. Сошиал сүлжээнд эмэгтэйчүүдийг үзэн ядагч алуурчны дүрийг ийнхүү эрс шулуун харуулснаараа урьд өмнөх энэ төрлийн кинонуудаас илүү хурц, аймшигтай болсон байлаа.
Нөгөө талаасаа эрэгтэй хүмүүст ирдэг нийгмийн хүлээлт ийм нийгмийг бүтээж буй мэт санагдаж байлаа. Эрэгтэй хүн үргэлж хүчтэй, сул дорой дүрийг огт харуулж болохгүй гэх хандлага эцэстээ харгис нөхцөл байдал руу хөтлөх мэт.
ҮЕ ХООРОНДЫН ЗӨРЧИЛ
Киноны жинхэнэ эмзэг тусах, асуудалтай хэсэг нь өсвөр насныханд бус харин тэдний эргэн тойронд буй төөрөлдсөн насанд хүрэгчдэд хандана. Жэймийн эцэг эхийн адил үзэгчид юу буруу болсныг бүрэн ойлгож чадахгүй дуусгасан сэтгэгдэл олон байлаа.
Ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн дунд юу болж, юу үзэж харж байгааг дээд үеийнх нь ойлгоход маш бэрхшээлтэй. Тиймээс гэнэн, цагаан мэт санагдах тэдний сэтгэлгээ, үзэл бодол, ертөнцийг эргэцүүлэн өөр өнцгөөс хараасай гэх санааг өгсөн кино болжээ.
Adolescence кино нь эцэг эхчүүд болон өсвөр насны хүүхдүүдийн хоорондох үл ойлголцлыг гүн гүнзгий түвшинд харуулсан. Мөн өсвөр үеийнхэнтэй хэрхэн үр дүнтэй харилцах талаар бидний мэдлэг ямар өчүүхэн болохыг харуулсан нийгмийн асуудлыг хөнджээ.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!