5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Түүнийг хайрласан хайр минь үнэ цэнэгүй санагдаад байна"


ССҮТөв | YOLO.MN
2017-03-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өдөр ирэх тусам миний хайрласан хайр үнэ цэнэгүй санагдах боллоо

Тэр намайг одоо хүртэл өөрт хайртай гэж бодож байгаа байх тэр надтай ярилцахыг хүсэхгүй таарах болгонд найзууд нь над руу түүнийг түлхэж би тун эвгүй байдалд байгаа юм.

Сайн байна уу. Би 4 жил нэг хөвгүүнд сайн байсан юм. Одоо огт сэтгэл байхгүй л дээ. Тухайн үедээ бид хоёр биендээ сэтгэлтэй байсан юм. Зунжингаа чатласнаар би түүнд сэтгэлтэй болсон. Бид хоёулаа нэг нэгэндээ сайн гэдгээ мэддэг байсан.

Тухайн үед үерхэх боломж маш их байсан ч яагаад ч юм бид үерхэж чадаагүй. Ядаж байхад бид нэг анги байсан юм. Би түүнийг өдөр болгон харж сэтгэлээ нуудаг байлаа. Хамгийн хачин нь тэр надтай хичээл орсноос хойш 4 жилийн хугацаанд юм яриагүй. Гэхдээ тэр надад баяр болгоноор бэлэг өгдөг байсан. Би түүнийг надад хайртай гэдгийг мэддэг байсан.

Цаг хугацаа ч өнгөрч би түүнийг мартаж чадаагүй. Тэр ч өөр хүнтэй харьцаж түүндээ сайн болсон. Гэтэл би хайрласан хэвээр 4 жилийг ардаа үдсэн. Ямар ч хүний хувьд урт хугацаа гэж бодож байна. Бид өөр өөр ангид ч орж би түүнийг өмнөх жилээс эхлэн мартаж зүрхэндээ нандигнах болсон. Түүнийг одоо харах нь ээ зөвхөн дурсамж л үлдсэн. Хамгийн чухал нь гэвэл надад энэ хайрласан хугацаагаа бодоход дэндүү нандин бас сэтгэлдээ хадгалах хэцүү байсан болохоор энэ Валентиний өдөр түүнд нэрээ нууж өмнөхөө дурсаж сэтгэлээ илчилсэн. Гэтэл тэр намайг гэдгийг төвөггүйхэн мэдчихсэн.

Тэр намайг одоо хүртэл өөрт хайртай гэж бодож байгаа байх тэр надтай ярилцахыг хүсэхгүй таарах болгонд найзууд нь над руу түүнийг түлхэж би тун эвгүй байдалд байгаа юм. Гэхдээ өдөр ирэх тусам миний хайрласан хайр үнэ цэнэгүй санагдаж дахин хайрлах хүсэл төрөөд байх юм яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийнхөө юу хүсээд байгааг сайн ойлгох хэрэгтэй

Чиний ямар шийдвэр гаргах нь зөвхөн чамаас л хамаарна. Цаашид ч мөн өөртөө шийдвэр гаргаж түүнийгээ мөрддөг зан чанарыг төлөвшүүлээрэй, энэ нь чамд ирээдүйд учрах олон асуудлуудад туслах болно.

Сайн байна уу, энэ өдрийн мэнд хүргэе мөн захидал илгээсэнд баярлалаа. Үнэхээр чиний дурдсанчлан 4 жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ бүх хугацаанд нэг л хүнийг сэтгэлдээ нандигнаж явсан ямар ч хүн чамтай ижил үйлдэл хийх байсан болов уу. Тиймээс түүнд сэтгэлээ илчилж өөрийн бодол, мэдрэмжээ хуваалцсан чинь зөв үйлдэл байсан. Чи өөрийн удаан хугацаанд хадгалж явсан бодол, мэдрэмжээ илэрхийлснээс өөр юу ч хийгээгүй.

Харин чамд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хамгийн гол нь эхлээд чи өөрийнхөө юу хүсээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. Чи үнэхээр түүнд татагдаж байна уу эсвэл өнгөрсөн хугацааг бодоход хайран санагдах сэтгэлээ түүнд татагдаж байна гэж андуурч байна уу? гэдгээ тодорхой болгоорой.

Дараа нь тодорхой шийдвэр гаргаад түүндээ үнэнч байх хэрэгтэй. Чиний ямар шийдвэр гаргах нь зөвхөн чамаас л хамаарна. Цаашид ч мөн өөртөө шийдвэр гаргаж түүнийгээ мөрддөг зан чанарыг төлөвшүүлээрэй, энэ нь чамд ирээдүйд учрах олон асуудлуудад туслах болно. Амжилт хүсье.

Сэтгэл  Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers