Apple анх удаа iPhone-ын (RED) тусгай загварыг танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2017-03-22

Apple компани өнөөдөр iPhone 7 загварын тусгай хувилбарыг танилцууллаа. Час улаан өнгөтэй энэхүү хувилбар нь Product (RED) төслийн нэг хэсэг бөгөөд орлогын тодорхой хувийг ДОХ-ын эсрэг зарцуулах юм.

Компани сүүлийн арван жилийн турш ДОХ-гүй үеийг бий болгох зорилготой Product (RED) төслийн хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ улаан өнгөтэйгөөр худалдаанд гаргаж байсан хэдий ч iPhone-ын ийм хувилбар гаргаж байгаагүй.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Бид (RED)-тэй үүсгэсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд арван жилийн ойгоо тохиолдуулан iPhone-ын тусгай улаан хувилбарыг танилцуулж байна” гэжээ.

iPhone-ын өнгөний сонголт сүүлийн хоёр жил хоёр өнгөөр нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн жил бид гялгар хар хувилбартай танилцсан бол үүний өмнө iPhone 6S загвар ягаан алтан өнгөтэй худалдаанд гарч байв.

Өнөөдөр танилцуулж буй час улаан iPhone Apple-ийн танилцуулж байсан хамгийн содон өнгөтэй бүтээгдэхүүн болж байгаа бөгөөд ирэх баасан гарагаас 128GB болон 256GB багтаамжтайгаар худалдаанд гарах юм байна.

Үнийн хувьд 749 ам.доллароос эхэлнэ.

#technology #world #apple