Х.Идэр: Би хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг, эхлүүлсэн бол хэзээ ч орхидоггүй


Б.Нямдарь | YOLO.MN
2017-03-17

Хүн зорилготой байна гэдэг сайхан, түүнийхээ төлөө бэрхшээл саадыг үл ажран тэмүүлнэ гэдэг бүр сайхан. Та бүхэнд танилцуулах удаах зочин бол Элит олон улсын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Х.Идэр юм. Тэрээр Монгол улсын залуу үеийг төлөөлөн дэлхийн олон улсын хурал семинарт оролцдог, түүнээс гадна ТEDx үйл ажиллагааг зохион байгуулах албан ёсны эрхийг нь авчээ. Түүнтэй YOLO.mn сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.

YOLO: Өөрийг тань ТEDx-ийн албан ёсны зохион байгуулагч болсон гэж сонссон. Өсвөр насны нэгэн хүү энэ эрхийг авсан гэхээр уншигчдад маань сонирхолтой байгаа байх. Ямар шалгуураар энэхүү эрхийг авсан бэ?

Монголд 2011 оноос хойш нэлээд хэдэн ТEDx үйл ажиллагаа болсон. Өмнө нь жилд нэг удаа болдог байсан бол одоо хэд хэдэн удаа зохиохыг эрмэлздэг болсон нь сайшаалтай. Учир нь Монгол залуус дэвшилтэт технологид илүү их ойртон тэмүүлж байгаа нь маш их таалагддаг.

Эрхийг нь авахын тулд ТEDx-ийн албан ёсны хуудаст нь бүртгүүлээд маш олон мэдээллийг бөглөх хэрэгтэй байдаг. Жишээ нь эссэ бичиж, өөрийнхөө талаар танилцуулдаг ч энэ нь хангалтгүй. Түүнээс гадна зохион байгуулагч хүүхэд нь шинэлэг санаатай байх ёстой. Дөрөвдүгээр сарын 8-нд болох, миний зохион байгуулж буй ТEDx “Spectrum of opportunities” буюу “Боломжийн цар хүрээ” гэсэн сэдвийн дор явагдаж байна. Энэ хүрээнд ямар илтгэлүүд, санааг агуулж байгаагаа тодорхой танилцуулах ёстой байдаг. Скайпаар шууд холбогдоод цагийн зөрүүний улмаас шөнө дунд онлайн ярилцлагаа өгч байлаа. Нэлээд өндөр шалгууртай гэж хэлж болно. Энэ тэмцээнд маань нийт есөн илтгэгч 120 үзэгчтэй байх болно.

YOLO: Чи бусдаас ямар давуу талтай байсан болохоор сонгогдсон гэж бодож байна вэ?

Би өөртөө итгэлтэй байж, өөрийгөө дуу хоолойг нийгэмд хүргэх ёстой хүн гэж боддог, түүнийгээ ч шалгаруулагчдад бүрэн дүүрэн илэрхийлсэн. Мөн би өөрөө дан ганц Идэр байгаад зогсохгүй Монголын хүүхэд залуусын төлөөлөл. Тиймдээ ч өөрийнхөө үеийнхэн болон дүү нартаа мэтгэлцээн гэх мэт чадах бүхнээ заадаг. Мөн энэ удаагийн ТEDx сайн дурын үйл ажиллагаанд оролцуулах боломж олгоно гэж бодож байна.

YOLO: ТEDx-ийн тухай хүүхдүүд тэр бүр сайн мэддэггүй. ТEDx гэж чухам юу болон яагаад үүнийг зохион байгуулах болсон бэ?

ТEDx гэдэг бол олон улсын ашгийн бус байгууллага. Ер нь бол хөгжингүй орнуудад арга хэмжээ, уулзалтууд нь их болдог. Манай улсад одоохондоо хараахан хөгжөөгүй байгаа учраас энэ талаарх мэдээлэл хомс байх. ТEDx гэдэг нь үнэ цэнэтэй цагийг түгээх зорилгоор шинэлэг санаа бүхий илтгэлүүдийг бусдад хүргэдэг арга хэмжээ гэж хэлж болно. Улс төрийн сэдэв ярих хориотой байдаг. Зөвхөн шинжлэх ухаан, хувь хүний гаргасан амжилт, дуртай зүйл, аз жаргал гэх мэт шинэлэг санааг хүмүүст хүргэдэг. Нэг үгээр шинжлэх ухааны шинэ санааг хүргэх зорилготой илтгэл гэсэн үг. Мөн хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй баримт, туршлага, статистик зүйлсийг бас агуулж болдог. Жишээ нь: Өдөрт хоёр цаг унтаад яаж амжилтад хүрсэн бэ? гэх мэт...

YOLO: Илтгэл тавих есөн оролцогчоо хэрхэн сонгож авсан болон сэдвийн хүрээ нь юу байх вэ?

Эдгээр хүмүүс бол алдартай хүмүүс биш ч харин ер бусын хүмүүс. Энэ удаагийнх ТEDx UEIS гэсэн нэртэй. UEIS гэдэг нь манай сургуулийн нэр бөгөөд сургууль минь надад маш их туслалцаа, дэмжлэг үзүүлдэг. Сэдвийн хүрээ нь боломжийн цар хүрээ гэсний учир нь Spectrum гэдэг нь долгион, цар хүрээ гэсэн утгатай үг. Бидний амьдралд зэрэгцээд оршиж буй бүх боломжийн цар хүрээ болон тухайн боломжийг ашиглаад амжилтад хэрхэн хүрэх вэ гэдгийг есөн илтгэгчдээрээ дамжуулан бид нийгэмд, хүүхэд залууст томоохон уриалгыг өгнө гэж бодож байна. Гэхдээ зохион байгуулагч өөрөө тухайн ТEDx үйл ажиллагаанд илтгэл тавьж болохгүй гэсэн дүрэмтэй.

YOLO: Нийгэмд чиглэсэн өөр ямар үйл ажиллагаа хийх вэ?

Дэлхийн сурагчдын мэтгэлцээний тэмцээн нь гуравдугаар сарын 26-27-ны хооронд “Адилгүй Ертөнц” буюу “Unlikely World” гэсэн сэдвээр явагдана. Энэ тэмцээнийг манай сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд би зохион байгуулах ажилд гар бие оролцож байна. Дан ганц мэтгэлцээн биш хажуугаар нь тест, ерөнхий мэдлэгийн тэмцээн, урлагийн тоглолт гэх мэт том цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болно. Энэ тэмцээнд хувийн болон ерөнхий боловсролын бүхий л сургууль оролцох боломжтой. Насны хязгаар 12-оос дээш болон доош гэсэн төрөлтэй. Монголд анх удаагаа зохиогдох гэж байгаа гэдгээрээ онцлог юм. Тэмцээнд түрүүлсэн баг Global Round буюу Дэлхийн хэмжээний сурагчдын мэтгэлцээний тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг. Сүүлийн шат нь Йелийн их сургуульд болдог.

YOLO: Чиний ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар их сайн юм аа. Хэзээнээс ярианы чадвараа ингэж сайн хөгжүүлсэн бэ?

Гурван жилийн өмнө ярианы чадвар маань маш муу байсан. Харин хоёр жилийн өмнө НҮБ-ын хуралд арай ядан орж байсан. Ингэж хэлэхийн учир нь би ойр дотнын хүмүүсийн ятгалгаар орсон юм л даа. Би өөрөө илтгэл ч тавьж чаддаггүй байлаа. Бас Итали руу НҮБ-ын загвар хуралд оролцож байх тэр үеэс л Монгол улсаа дэлхийн түвшинд хүргэхийг үнэхээр их хүссэн. Учир нь Монголчуудыг харанхуй бүдүүлэг хүмүүс гэж гаднынхан боддог юм шиг санагдсан. Тэдний зарим нь “Монголд автобусны буудал байдаг уу? Та нар сургууль руугаа мориор явдаг уу? гэх мэт асуултуудыг надаас асууж байсан. Хүний амьдралд хандлагыг өөрчлөх гэнэтийн агшин, үйл явдал гэж байдаг даа. Миний хувьд яг тэр үед “Би өөрийн улсаа бусдад зөвөөр илэрхийлэх, таниулж сурталчлах ёстой хүн” гэж өөрийн эрхгүй бодогдож билээ, түүнээс хойш хичээж л явна даа.

Энэ хуралд оролцсоноос хойш илтгэлийн тэмцээнд орох хүсэл зорилго маань биелж, тэр хэрээрээ ярианы чадвар маань ч нэмэгдэж байсан. Мөн эргэн тойрны хүмүүс маань ч ярианы чадвар хөгжихөд нөлөөлсөн. Аливаа зүйлийг ганцаараа хийгээд амжилтад хүрдэггүй, харин хамт олноороо хийсэн зүйл л амжилтад хүрдэг гэж боддог.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд Кэмбрижийн их сургуульд болсон НҮБ-ын загвар хуралд оролцсон юм. Энэ хуралд ахлах сургуулийн хүүхэд ганц ч удаа оролцож байгаагүй юм билээ. Энэ минь миний оролцсон тав дахь удаагийн олон улсын хурал бөгөөд ийм томоохон хуралд эх орноо төлөөлөн оролцсон нь нэр төрийн хэрэг байсан. Мөн ирэх дөрөвдүгээр сард найзууд маань Монгол улсдаа НҮБ-ын загвар хурал зохион байгуулна. Ярихаас айдаг найзууд, үе тэнгийнхнийгээ энэ хуралд зориглоод ороосой, өөрийгөө нээгээсэй гэж уриалж байна.

YOLO: Нийт таван удаагийн олон улсын хуралд оролцсон гэж байна. Ямар хурлууд байсан бэ?

Хамгийн анх Италын Милан хотод болсон "Milan Model United Nations 2016" буюу НҮБ-ын загвар хуралд анх удаагаа оролцож байсан. Хоёр дахь хурал маань “Ulaanbaatar Model United Nations” буюу Улаанбаатар хотод болсон нэгдсэн хурал байсан. Тэр хуралд би шударга ёсны өмгөөлөгчөөр оролцсон. Гурав дахь нь манай төрийн ордонд “Model UNESCO” хуралд оролцсон ба энд би илтгэл тавьж мэтгэлцсэн. Хэдий энэ арга хэмжээ оюутнуудын дунд зохиогдож байсан ч би ахлах сургуулиас оролцсондоо баяртай байсан.

Дөрөв дэх нь Орчлон сургуулиас зохиосон OMUN (Orchlon Model United Nations) хэмээх тэмцээнд аюулгүйн зөвлөлийг хариуцаж оролцсон. Терроризм ба хүний эрхийн зөрчлийг сурагчид бид нар ямар арга хэмжээ авах вэ? гэдгийг сонгож авсан төлөөлж буй тухайн улсын хүрээнд ярилцаж шийд гаргадаг.

Миний оролцсон хамгийн том хурал бол өмнө дурдсан Кэмбрижийн их сургууль дээр болсон НҮБ-ийн загвар хурал. Энэ миний хувьд бага зэрэг хэцүү хурал байсан. Учир нь Харвард, Стэнфорт, Йэл, Оксфорд зэрэг дэлхийн нэр нөлөө бүхий их сургуулийн мундаг хүүхдүүд ирж мэтгэлцдэг. НҮБ-ын хуралд оролцож байхдаа би Монгол улс, монгол хүн ямар байдгийг харуулна даа гэж дотроо бодож байсан. Энэ үед би үр дүнгээ үзүүлж чадсан гэж боддог.

Түүгээрээ би Гадаад хэргийн яаманд ажиллах санал авсан. Төгсөх энгийн сурагч надад хийх зүйл их учир харамсалтай нь тухайн үед саналыг хүлээн авч чадаагүй. Би мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй. Энэ нийгэмлэг маань хүнд тус нэмэр болох гэж нэгдсэн залуусын  нэгдэл, хүний сайн сайхны төлөө явдаг. Энэ нийгэмлэгт элсэж ороод олж авсан мэдлэг маань намайг олон их сургуульд тэнцэх боломжийг маань нээж өгсөн гэж бодож байна.

Эрт босоод сурчихвал бүхий л ажил аяндаа бүтдэг. Өдрийн төлөвлөгөө гаргах бас чухал. Завгүй байх тусмаа амьдрал хамгийн гоё байдаг гэж боддог.

                                              Х.Идэр

YOLO: Чиний ирээдүйн мэргэжил дэлхийд Монголоо таниулах зорилготой чинь уялдаатай болов уу гэж бодогдлоо. Чи ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

Миний хамгийн их сонирхож байгаа зүйл бол улс төр судлал. Энэ нь улс орны дотоод эдийн засаг, түүх, олон улсын харилцаа гэх мэтчилэн зүйлс ордог. Би монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Монгол улсыг хүмүүс гуравхан сая хүнтэй, агаарын бохирдолтой гэж муулдаг. Гэхдээ яг үнэндээ Монгол бол маш баялаг орон. Бидний цусанд Чингис хааны өвлүүлсэн маш том соёл Юнескод бүртгүүлсэн байдаг. Тийм болохоор би улс төр судлалаар сурснаар улс орноо улам их хөгжүүлэхэд тусална гэж боддог. Тэгэхээр улс төр, нийгэм талын мэргэжилтэй хүн болно гэж боддог.

YOLO: Төгсөөд ямар их сургуульд элсэхээ шийдчихсэн үү?

Надад хэд хэдэн сургуулийн санал ирсэн. Гэхдээ би Колорадо мужийн их сургуульд сурах төлөвлөгөөтэй байна. Хэрвээ тэр сургуульдаа сурахаар бол есөн сард явна. Тэр болтлоо нэлээд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж, үе тэнгийнхээ хүүхдүүдэд зөвлөгөө өгье гэж бодож байна.

YOLO: Чи хэдэн гадаад хэл эзэмшсэн бэ?

Турк хэл гадарлана. Япон хэл үзээд хоёр жил болж байгаа ч яг бүрэн эзэмшиж чадаагүй байна. Англи хэл сураад 12 жил болж байна. Гадаад хэл сайн мэддэг хүмүүс төрөлх хэлээ мартаад гадаад үг ашиглаад байгаа нь надад маш их таалагддаггүй. Би бас ашиглах гээд байдаг болсон тэрийгээ байнга хянаж байдаг. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж Монгол ухаанаар сэтгээсэй гэж хүсдэг. Одоо үе бол глобалчлагдсан нийгэм тиймээс хүн бүр нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Багадаа нийгмийн идэвх багатай байсан ч амьдралд гэнэтийн торгон мөч нөлөөлж өөрийгөө яаж өөрчлөх ёстой, нийгэмдээ залуучуудад хандаж юуг хийх ёстой вэ гэж бодож эхэлсэн. Цаашлаад илүү олон зүйл сурна гэж боддог.

YOLO: Залуу үеийнхнийг ямар байгаасай гэж боддог вэ?

Хүн болгоны амжилтад хүрэх зам, боломж нь өөр байдаг. Заавал TOEFL дээр өндөр оноо авах, Харвард, Йел гэх мэт өндөр босготой сургуульд суралцвал амжилтад хүрнэ гэсэн үг биш. Бусдад таалагдах гэж хичээх ёсгүй. Зөвхөн өөрөө өөрийнхөө баатар нь байх хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж дотоод сэтгэлээ сонсож сурах хэрэгтэй гэж боддог.

YOLO: Чиний ажигласнаар залуусын сөрөг хандлага нь юу байдаг вэ?

Юу ч хийхгүй байж эх орноо муулдаг хүмүүст би маш их дургүй. Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг үг байдаг даа. Би өөрийгөө лаа асаагч нэгэн гэж боддог. Бусад хүүхэд залуус ч мөн лаа асаахыг хичээгээсэй гэж хүсдэг дээ. Монгол хүн болж төрөх гавьяа хүн бүрд олддоггүй. Залуучуудыгаа уриалан дуудагч байгаасай гэсэндээ би ТEDx болон мэтгэлцээний тэмцээнийг зохиож байна.

YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Дан ганц хичээл мэтгэлцээн гээд яваад байдаггүй. Би есөн жилийн өмнө  төгөлдөр хуур тоглож сурсан.  Хүүхдийн ордонд төгөлдөр хуурын ангид сурдаг байсан. Энэ ангиа 3 жилийн өмнө төгссөн. Чөлөөт цагаараа ая зохиодог. Зохиосон аяа гэр бүл ойр дотнын хүмүүстээ сонсгодог. Төгөлдөр хуур нэг тоглохоороо тасралтгүй гурав, дөрвөн цаг тоглочихсон сууж байдаг. Төгөлдөр хуур тоглоод суухаар өөр ертөнцөд оччихсон юм шиг мэдрэмж төрдөг.

Ер нь ямар ч аяыг сонсголоороо тоглож чаддаг. Төгөлдөр хуур сурахад маань өвөө эмээ маань их дэмжлэг үзүүлж байсан. Бас сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Сургуулийнхаа үнэ цэнэтэй тоглогч өргөмжлөлийг хүртсэн. Мөн энэ жил улсын аваргын тэмцээнд орно. Төгөлдөр хуурын багш МУСТА Б.Уушанз, сагсанбөмбөгийн багш, Хасын Хүлэгүүд багийн тоглогч Х.Бат-Эрдэнэ багшдаа маш их баярлаж явдаг.

YOLO: Хичээлийнхээ хажуугаар яаж цаг заваа зохицуулдаг вэ?

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Эрт босоод сурчихвал бүхий л ажил аяндаа бүтдэг. Өдрийн төлөвлөгөө гаргах бас чухал. Завгүй байх тусмаа амьдрал хамгийн гоё байдаг гэж боддог. Өнгөрсөн зуны амралтаараа Мобикомийн хүний нөөцийн хэлтэст ажилласан. Дадлагын хугацаа хоёр сар байсан боловч надад таалагдаад нэг сараар гэрээгээ сунгасан. Энд ажилласнаар маркетинг хүний нөөцийн талаар ойлголттой болсон. Мөн хааяа ажлууд маань давхцах тохиолдол байдаг ч зохицуулчихдаг.

Завгүйгээсээ болоод зарим нэг том боломжийг алдаж үзсэн. Ажлын хувиараа гаргаагүй байж  баталгаагүй амлалт өгчихдөг ихэнхдээ тэр нь өөрт нь сөргөөр нөлөөлдөг. Өөрийн гэсэн тусгайлан гаргасан цаг төлөвлөлттэй байж ажлаа зохицуулж сурахыг өөрийн алдаан дээрээс суралцсан. Би айлын том хүүхэд дороо нэг дүүтэй. Ам бүл дөрвүүлээ.

YOLO: Чамайг чиглүүлдэг хүн хэн бэ?

Эмээ өвөө хоёр маань намайг багаас минь өсгөсөн. Аав ээж хоёр маань намайг  бага байхад Туркийн Истанбулд оюутан байсан. Аав маань төгсөөд Туркийн консулын газар ажилтнаар орсон. Одоо гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Алдаж онохын цагт нүдэнд ээж л харагддаг. Миний амжилт гаргахад гэр бүлийнхэн маань ч их нөлөөтэй.

YOLO: Одоогоор ямар нэгэн сургалт дугуйланд хамрагдаж байгаа юу?

Төгөлдөр хуурын ая зохиож байгаа. Мөн мэтгэлцээний тэмцээн зохиохоор төлөвлөлт хийсэн. Долоо хоногт нэг удаа сагсан бөмбөгийн дугуйланд явдаг. Дөрөвдүгээр сараас ажлынхаа ачааллыг багасгаж байгаад Гадаад хэргийн яаманд ажиллахаар төлөвлөж байна.

YOLO: Чиний хамгийн гол зарчим юу вэ?

Хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг. Эхлүүлсэн бол хэзээ ч орхидоггүй. Бүтэлгүйтэл бол хүний амжилтад хүрэх зам гэж би боддог. Алдаан дээрээ суралцаж амжилтад хүрнэ гэсэн үг.

YOLO: Нийгмийн зарим зүйлийг өөрчлөх эрх мэдэлтэй хүн болчихвол хамгийн түрүүнд чи юу хийх вэ?

Аливаа том хямралууд сэтгэл зүйтэй холбоотой гэж боддог. Глобал, дэлхийн хүрээнд сэтгэж өнөөдрөөрөө биш ирээдүйнхээ төлөө хичээгээсэй гэж хүсдэг. Нэг биш нэлээд хэдэн зүйлийг оролдож байж ажилтанд хүрдэг гэж би боддог. Бусад хүмүүс нэг юмаа тууштай хийх нь зөв гэж хэлдэг ч миний хувьд олон зүйлийг цаг заваа ашиглан хийхэд буруудах зүйлгүй. Хийх тусмаа, бүтэлгүйтэх тусмаа хүн суралцдаг. TOEFL-ийн шалгалтад унасан өдрүүд миний хувьд үнэхээр хар бараан өдрүүд байсан. Ээж маань миний төлөө санаа зовж, “нэг зүйлд ингэж хэт их улайрах хэрэггүй” гэж зөвлөж байсан. Энэ үеэс эхлээд TOEFL-ийн оноо бол зөвхөн тоо, биднийг хэр чансаатайг илтгэх хэмжүүр биш гэдгийг ойлгосон. Хүн өөрийгөө үнэлж сурсан цагтаа л бусдыг хүндэлж сурдаг.

YOLO: Чиний хэлэх дуртай үг?

Тэмцэж чадахгүй бол орхи, орхиж чадахгүй бол тэмц гэсэн үгийг найзыгаа алдаад хэцүү байх цаг мөчид хэлж байсан. Тэмцэнэ гэдэг найзынхаа, гэр бүлийнхээ төлөө хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг хэлж байгаа юм.


Зургийг "Мөрөөдөгч" пэйж хуудаснаас авав

YOLO: Арван жил, магадгүй хорин жилийн дараах Х.Идэр ямар хүн байх бол?

Энэ үед магистраа төгсчихсөн байна. Магистраа төгсөөд Монголдоо өөрийн гэсэн компанийг байгуулахыг хүсдэг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг байдаг. Энэ үед би улс эх орондоо хэрэгтэй нөлөө бүхий хүн болж чадна гэж боддог. Миний хамгийн том мөрөөдөл бол ерөнхийлөгч болох... Үүний тулд би маш их хичээдэг, хичээсээр ч байх болно.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, амьдралд нь амжилт хүсье. wink

#World #Teenagers #advice #UNICEF