ӨГҮҮЛЛЭГ: ДУНГААМАА


С.Батжаргал | YOLO.MN
2017-03-10

Гурав хоногийн зүс бороо арилж нов ногоон тал дээгүүр солонго татав. Нойтон талаас уур манан хөөрч цэлмэг тэнгэрт замхарна. Миний сэтгэлийн манан харин замхрах нь байтугай улам өтгөрсөөр...

Дуусахгүй юм шиг үргэлжлэх нэг жилийг арайхийн үдэж, зуны амралт эхлэнгүүт ахындаа ирсэн анхны өдөр. Ах бид хоёр арван гурван насны зөрүүтэй ч  бие биенээ чин сэтгэлээсээ ойлголцдог байлаа. Гэтэл өнөөдөр догдлон байж асуусан асуултанд минь тоомжиргүй хариулсанд нь үнэхээр гомдов.
Ноднин жил наймдугаар ангиа төгсөөд ахынд ирэхэд бас ийм нэг бороотой өдөр байсан. Аймгийн төвөөс замын унаанд дайгдаад ганцаараа ирсэн том хүн гэж өөрийгөө сэтгэн зориуд аажуухан хөдлөн богцоо уудалж, намайг орж ирсэн цагаас хойш гар дагуулан харах хэдэн хүүхдийн санааг амрааж авчирсан чихэр боовоо бэргэн эгчдээ хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Эгчийг чихэр атган надад өгөхөд:
-Өө хэрэггүй дээ гэж зориуд бүдүүн дуугаар хэлэв. Бэргэн минь инээд алдаад:
-Миний дүү том эр болжээ. Урьд нь ирэхдээ хамаг чихэр хуурайлчихдаг сан. Хараач хөөе, эгчээсээ өндөр болчихож гэж намайг ичээв.

Гэтэл чихэр атган гарцгаасан жаалууд:
-Айл нүүж ирж байна.
-Энд ойрхон ирлээ гэж ам амандаа шаагилдаж хаалгаар чихцэлдэн орж ирэв.

Ах дурангаа өвөртлөнгөө:
-Урд сумдаар гантай гэсэн. Оторчид байх. Миний дүү цай аваад оч. Борооноор зутарч яваа байлгүй гэв.
Би морь унахын хүслэн болж суусан тул ахынхаа эмээллэж өгсөн буурал үрээг унан цай, идээ авч нүүдэл амдан давхилаа.
-Аяар яваарай. Нойтон газар халтирах вий гэсэн эгчийн үг чихний үзүүр шүргэн өнгөрлөө.

Тэр л өдөр хоёр салаа сүлжсэн гэзэгнийх нь үзүүрээс сувдан сондор мэт борооны дуслууд бөнжигнөсөн улаан хацартай жаахан охин миний нүдэнд өртөж билээ. Одоо бодоход тэр охиныг харсан ноднин жилийн тэр л өдөр миний гэнэн томоогүй хүүхэд нас дууссан мэт.
Ингэж л миний анхны хайр дэлгэр зуны хуртай өдөр над руу нүүж ирсэн юм. Зуны гурван сар оровч гаравч саахалт айл руу харуулдаж, уулзахгүй удвал санааширч, уулзвал үг солихоосоо халгаж, зүрх гарган гарыг нь атгавал өдөржин амандаа дуу аялан гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байлаа. Дунгаамаа гэж надтай чацуу тэр охины цангинасан инээд, хорголон хар нүдний хайрын харц зуслангийн энэ дэнжийг диваажин болгож байв.
Найман сарын сэрүүхэн өдөр тэднийхийг нүүгээд явахад бороогүй боловч ийм л нэгэн манантай өдөр байсан. Хонио туугаад эргэн эргэн харсаар өглөөний мананд уусан алга болсон Дунгаамаа аз жаргалыг минь аван одож дээ.

Намар сургуульдаа очоод найзууддаа Дунгаамаагаа ярихад тэд миний яриаг гүйцэд ч сонссонгүй.
-За юун охин энэ тэр вэ? Алив гарч тоглоё гэж билээ.
Гэтэл өнөөдөр ахаасаа тэднийхийг сураглавал:
-Энэ жил хаа сайгүй зуншлага сайхан байгаа. Оторчид ирэхгүй байх гэж тоомжиргүй хэлээд дурангаа өвөртлөн гарч одов. Би юмны учир мэдэхгүй ангийн найзууддаа гомдсоноос илүүтэйгээр ахдаа гомдов. Хүний сэтгэлийн ийм нандин учрыг ах минь ойлгодоггүй гэж үү? Хайртай жаахан Дунгаамаагаасаа бүтэн жил шахам хол байж, санахын зовлонг өчүүхэн зүрх минь дааж ядан цохилж байхад яаж ингэж тоомжиргүй хариулж чадаж байна аа? гэж бодохоос хамрын уг шархирлаа. Хайр гэдэг хэмжээлшгүй аз жаргал хайрладаг шигээ хязгааргүй шаналан авч ирдгийг анх удаа ухаарав.

Тэгээд би ухасхийн гадаа гарч:
-За яахав. Та нар намайг ойлгохгүй байсан ч хамаагүй. Би Дунгаамаагаа заавал олно гэж өөртөө андгайлахад сэтгэлийн манан арилах шиг болов.


                2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

 

#Teenagers