"Ангийнхан минь надаас хуулдаг ч энэ нь хангалттай биш бололтой"


ССҮТөв | YOLO.MN
2017-03-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэднийг цаг заваа шал өөр зүйлд зориулж байхад би хичээлээ хийж байсан шүү дээ

Шалгалт болоход бүгд над руу цаас дамжуулж надаас хуулахыг хүсдэг. Гэхдээ би тэр болгон хуулуулж чаддаггүй юм. Би ч гэсэн урдах юмаа хийх ёстой шүү дээ. Тэгсэн ч тэр нь манай ангийнхны хувьд хангалттай биш байдаг бололтой.

Сайн байна уу. Би ахлах ангийн сурагч. Ангийнхандаа өөрийгөө зөв талаас нь ойлгуулж чадахгүй юм. Би сурлагын хувьд ангийнхаа урдаа барьдаг сайн сурагч нь л даа. Шалгалт болоход бүгд над руу цаас дамжуулж надаас хуулахыг хүсдэг. Гэхдээ би тэр болгон хуулуулж чаддаггүй юм. Би ч гэсэн урдах юмаа хийх ёстой шүү дээ. Тэгсэн ч тэр нь манай ангийнхны хувьд хангалттай биш байдаг бололтой. Намайг муулж доромжилж бүр ганцаараа мундаг байхыг хүсдэг гэх мэтчилэн ярихыг нь сонсоод би өөрийн эрхгүй гомдсон. Шалгалтаас бусад үед би чадах чинээгээрээ л зааж зөвлөж хуулуулдаг. Хааяа хамт хичээлээ хийе гэж уриалахад ганц хоёр хүүхэд л ирдэг. Тэгээд би бас яагаад өөрийнхөө хичээж хэдэн шөнө сууж байж ойлгосон зүйлээрээ шалгалт өгөөд үүнийхээ шагнал болгож онц дүн авч болдоггүй юм бэ. Тэднийг цаг заваа шал өөр зүйлд зориулж байхад би хичээлээ хийж байсан шүү дээ. Гэж бодож өөрийгөө өмөөрмөөр санагдах юм :'( Яах вэ.

ЗӨВЛӨГӨӨ: Чи тэр хүүхдүүдэд ямар ч өргүй

Өнөөдрийн байгаа бид нар бол өчигдрийн бид нарын хийсэн сонголтын үр дүн байдаг. Тиймээс юуны түрүүнд чи ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ өөртөө хэлж өөрийгөө чөлөөлөөрэй.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Чинийхтэй ижил асуудалтай олон хүүхэд байдаг. Тэд заримдаа ийм байдалд орсноо өөрсдийнх нь буруутайгаас болсон мэтээр андуурдаг. Гэтэл үнэндээ чиний дурдсанчлан бүгдэд адил цаг зав боломж байхад тэд цагаа өөр зүйлсэд зарцуулж магадгүй цагаа зарцуулсан зүйлсийнхээ үр шимийг хүртэцгээсэн байх. Писи тоглоом тоглосон нь улам сайн тоглодог болж, найз нөхөдтэйгөө цагаа өнгөрөөсөн нь улам дотно найзуудтай болж байхад чи хичээлээ давтаж улам сайн дүн авсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байгаа бид нар бол өчигдрийн бид нарын хийсэн сонголтын үр дүн байдаг. Тиймээс юуны түрүүнд чи ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ өөртөө хэлж өөрийгөө чөлөөлөөрэй. Чи тэр хүүхдүүдэд ямар ч өргүй. Бас тэр хүүхдүүдэд хуулуулах нь чиний хариуцлага биш. Хичээлийн бус цагаар хамтдаа хичээлээ давтаж байгаа нь чиний зүгээс хийж чадах хамгийн сайн зүйл, чиний энийгээ аль хэдийн хийсэн байна. Гэхдээ хичээлийн бус цагаар найзууддаа туслах цагаа нэмж, заримдаа чөлөөт цагаа найзуудтайгаа улам дотносоход зарцуулж байгаарай. Найзууд биднийг баяр хөөртэй болгохоос гадна бидний харилцааны чадвар, сэтгэл хөдлөлийн итгэлцүүр (EQ)-г хөгжүүлэхэд тусладаг. Мөн ангийнхнаа зөвхөн чамаас хуулахыг оролддог хүүхдүүд гэдгээс арай өөрөөр харахыг хичээвэл тэдний сайн талуудыг илүү их олж харах болов уу.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Class #School #Leader #Teenagers