"Бүтэхгүй дурлал, хичээл ном, найзууд, гэр бүлийн таарамжгүй харилцааг би яах вэ?"


ССҮТөв | YOLO.MN
2017-03-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Нэг дор ундраад байгаа энэ их асуудлыг би яаж зохицуулах вэ?

Сайн байна уу? Би одоо 7-р анги юм л даа. Энэ жил хэцүү гэхэд дэндүү хэцүү жил болоод байна. Эхнээсээ л 1-р улирлын дүн муу гараад, найзууд минь нэг л өөр. Бас миний сайн хөвгүүн намайг хардаг ч үгүй. Сонин юм шүү, жил орж байгаа болохоор ингээд байна уу ч гэж бодох шиг.

Үргэлж л инээж эелдэг даруу гэгддэг би шал өөр хүн болсон мэт...  Хичээлдээ ч тэргүүлдэг сайн сурагч, сайн найз байсан. Эхэндээ би яагаад байна вэ? гээд л нулимс урсгаад л муу юм л бодогдоод байдаг байсан. Одоо 3-р улирал талдаа явж бна. 1-р улиралд аргагүй л хичээдэггүй байсан юм л даа. Учир нь өөрийнхөө сайн хүүхдийн араас гүйгээд хичээлдээ ч анхаарахгүй яваад байсан. Харин одоо бол хичээгээд ч сайн сурч болохгүй юм. Бас өдөр бүр уйлахад бэлэн байдаг болчихоод байна. Жаахан л эмзэг сэдэв хөндчихвөл инээж байсан ч өөрийн эрхгүй нулимс урсаад л... итгэдэг байсан хүүхдүүд маань надад таагүй ханддаг. Зарим нэг хүүхэд нь намайг найзуудтай маань муудалцуулах гээд яс хаясан тохиолдол ч бий. Ер нь бол цагаан хэл ам тусчих шиг сайн ойлгохгүй юм.  Жилийн өмнө л бүгд надад хайртай байлаа.

Бас миний зан авир нэг л доголдолтой санагдах боллоо. Угаасаа л би ээжтэйгээ тааруухан харьцаатай. Одоо бүр утас маань хүртэл алга болчихсон. Энэ бүх бүтэхгүй дурлал, хичээл сурлага, найз нөхөд, гэр бүлийн таарамжгүй харилцаа гээд зүйлсийг яах вэ? Бас өмнө жил эрүүл мэнддээ анхаараагүйн уршиг уу сайн мэдэхгүй байна, бие маань нэлээн өвддөг болсон. Аав ээжд хэлье гэхээр утас зурагтнаас болж байгаа юм гээд үглээд байдаг болохоор хэлмээргүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлуудаа тус тусад нь хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ төлөвлөвөл харьцангуй хялбар

Үнэхээр чиний жил ороод чамд хэцүү зүйлс тохиолдоод байгаа мэт санагдаад байвал одоо аль хэдийн бич жил дуусчихлаа шүү дээ. Шинэ хавар ч эхэлж байна. Тиймээс муу зүйлс тохиолдохоос айн биеэ барихын оронд шинэ жилд бүх зүйлс бүтэмжтэй байх болно гэдэгт итгээд бодлоо эерэгжүүлэхийг хичээгээрэй.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Үнэхээр чиний дурдсанчлан гэр бүл, найз нөхөд, хичээл сурлага, дурлалын асуудал гээд олон салангид асуудлууд тулгараад байгааг захианаас уншлаа. Олон жижиг асуудлууд нийлэхээрээ нэг хүнд том асуудал болдог. Тэр хэрээрээ шийдвэрлэхэд хэцүү бас хүнд дарамттай мэдрэмж төрүүлдэг.

Харин бүгдийг нь тус тусдаа салангид асуудлууд гэж хараад тус тусад нь хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ төлөвлөвөл харьцангуй хялбар байдаг. Тухайлбал дээр дурдсан асуудлуудаас чамайг хамгийн их зовоож стрессдүүлж байгаа асуудлаас эхлэн жагсаан бичээд уг дарааллынхаа дагуу тус бүрд нь чиний зүгээс юу хийж чадах вэ гэдгээ ард талд нь тэмдэглэж болно. Гэхдээ заримдаа зүгээр л хүлээх буюу цагийн аясаар шийдэгддэг асуудлууд байдаг. Үнэхээр чиний жил ороод чамд хэцүү зүйлс тохиолдоод байгаа мэт санагдаад байвал одоо аль хэдийн бич жил дуусчихлаа шүү дээ. Шинэ хавар ч эхэлж байна. Тиймээс муу зүйлс тохиолдохоос айн биеэ барихын оронд шинэ жилд бүх зүйлс бүтэмжтэй байх болно гэдэгт итгээд бодлоо эерэгжүүлэхийг хичээгээрэй. Бидний хийж буй үйлдэл бүр бидний бодлын үр дагавар байдаг.

Мөн нэг анхаарах зүйл нь эрүүл мэнд бол нэг дугаарын асуудал. Магадгүй чиний сэтгэл санаа тогтворгүй байснаас болоод бие чинь ядарч сульдсан байх. Тиймээс хоолоо сайн идэж сайн унтаж амарч байгаарай. Бас энэ тухайгаа ээж аавдаа хэлэхийг зөвлье. Гэхдээ тэд яаж ч хүлээж авч болно, магадгүй чиний хэлсэнчлэн утсаа их оролдсоноос болж байгаа юм гэж чамайг зэмлэж ч болно. Тиймээс аав ээжээсээ ирэх ямарч хариу үйлдэлд сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers #Parents #Friends