АНХЛАН СУРАЛЦАГЧДАД: Гадаад хэлээр саадгүй ярьж сурах ШИЛДЭГ 4 АРГА


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-02-23

-ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ-

Орчин үед бусдаас илүү амжилттай яваа хүмүүс дор хаяж л 2-3 хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Үүнийгээ дагаад Монгол залуус ч гэсэн Англи, Орос, Хятад, Солонгос, Япон гээд л дэлхийн нийтлэг хэлнүүдийг маш ихээр сурах болсон. Тухайн нэг орны хэлийг сурснаараа өөрийн амьдарч буй газраас гадна өөр нэг цоо шинэ ертөнц нээгдэх шиг болдог гэж сонсож байсан л биз дээ?

Өмнөх нийтлэл дээрээ дурдаж байсанчлан чамайг аливаа хэлийг хэр хэмжээнд сурсан гэдгийг тухайн хэлээр ярих чадвараар тань дүгнэдэг. Ихэнх залуус дүрмийн мэдлэг өндөртэй байдаг боловч гол чадвар болох ярианы чадвар муутай байдаг. Ийм ч учраас өнөөдрийн нийтлэлээрээ гадаад хэлээр саадгүй ярьж сурахад туслах дараах 4 зөвлөгөөг хүргэж байна.

1. Дүрэмд хамаг анхаарлаа БҮҮ ХАНДУУЛ
Дүрэм. Мэдээж энэ бол гадаад хэл сурахад шаардлагатай хамгийн эхний зүйл. Гэхдээ дүрмийг хэт их үзэх нь эсрэгээрээ муу үр дүнтэй байх магадлал өндөр байдаг. Ихэнх хүмүүсийг ярьж эхлэх гэхээр өмнө нь үзсэн толгой эргүүлэм олон дүрмүүд нь толгойд нь орж ирээд чөлөөтэй ярихад нь саад болоод байдаг талтай. Бас нэгэн тохиолдож болох үр дагавар нь уйдах явдал юм.

Ялангуяа ЕБСургуулиудад хэлийг сонирхолтой байдлаар бус өдөр бүр шахуу дүрэм үзэж, үг цээжлүүлснээр аливаа хүнийг тухайн хэлэнд дургүй болгох гээд байдаг нь анзаарагддаг. Иймд дүрэм хэдий чухал ч гэсэн үүний хажуугаар өөрт сонирхолтой байдлаар хэлийг сурч сонсох, унших, ярих бусад чадваруудаа ч гэсэн давхар хөгжүүлэх хэрэгтэй.


2. ЯРИАНЫ ҮГ хэллэгийг сур
Бидний ном, сэтгүүлээс сурсан өг өгүүлбэрүүд яг амьдрал дээр хэрэглэгдэхгүй байх тохиолдол их байдаг. Тийм ч учраас ярианы чадварыг номоос хэдэн өгүүлбэр цээжлээд сурах биш уйгагүй ярьж байж л сурдаг юм. Мөн нэмэлтээр нэг зөвлөгөө хэлэхэд чи ярьж сурахын тулд сонсох чадвараа сайжруулах хэрэгтэй.
Үүний тулд тухайн хэл дээрх хялбархан, ойлгох боломжтой хүүхэлдэйн кино гэх зэрэг байж болох хамгийн зугаатай аргаас эхлэх нь зөв юм. Мөн ингэхдээ анхаарах нэг зүйл бол хөнгөнөөс хүнд рүү гэсэн дарааллаар яваарай. Ингэж явснаар таны тархи бага багаар дасаж сүүлдээ хир баргийн хүнд дасгалыг сатаарах зүйлгүй хийдэг болж эхлэх юм.

Үүнтэй холбоотой хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь дөнгөж үсгээ, дүрмүүдтэйгээ сурчхаад л маш хүнд, хүнд номуудыг уншихыг хичээх, уран сайхны киног үзэх гэх зэрэг өөрийн “төвшиндөө” ахадсан зүйлийг хийх гээд байдаг. Яг л дөнгөж төрсөн хүүхдийг алхах гэж байгаатай адил хэрэг юм шүү дээ. Хэрэв чи ингэж өөрийгөө хүчлэх юм бол “хэл сурах” гэдэг маань нэг ёсны “үүрэг” болоод хувирчхаж байгаа юм. Тиймээс өөрт ашиглахад амар хялбар арга барилаар сурах нь маш тохиромжтой.


3. Алдаа гаргахаас БИТГИЙ АЙ
Яг хэн нэгэнтэй ярьж эхлэх гэхээр алдаа гаргачих болов уу? гэж байж байна уу? Үгээ буруу хэлэхээс санаа зовж байна уу? Тэгвэл чамд нэг л зүйл хэлмээр байна. Олон хэлээр саадгүй ярьдаг “мундаг” хүмүүс ч гэсэн хэзээ нэгэн цагт чам шиг анхлан суралцагч байсан гэдгийг санаарай. Хүн алдаж байж л сурдаг тиймээс алдаа гаргаад байгаа бол харин ч баярла. Та нэг л мэдэхэд эдгээр бүх алдаагаа гаргахгүй байхад суралцах болно. Үүнтэй холбогдуулаад зөвлөхөд бусадтай өөрийгөө бүү харьцуулаарай, магадгүй нэгэн зэрэг суралцаж эхэлсэн хэн нэгэн чамаас хавьгүй илүү байвал бүү санаа зов. Хүн болгон өөр өөрийн гэсэн сурах хурдтай байдаг юм шүү. Иймээс бусдаас санаа зовч ичихгүй, тууштай хичээл зүтгэл л таныг ажилтанд хүргэнэ.


4. “Галзуу хүн шиг” ӨӨРТЭЙГӨӨ ЯРЬ
Энэ аргыг би чамд хувиасаа зөвлөж байна. Маш олон хүн адилхан гадаад хэлээр ярьдаг хамтрагчтай болж өдөр бүр хамтрагчтайгаа дадлага хийвэл үр дүнд амархан хүрч болно гэж итгэдэг. Энэ нь ч зөв юм. Гэхдээ дийлэнх тохиолдолд ийм хүн тэр болгон олдоод байдаггүй. Иймд чи өөрөө өөртэйгөө ярьж сурах хэрэгтэй. Гэрээ цэвэрлэж байхдаа, өрөөндөө ганцаараа байхдаа, автобусанд явж байхдаа (өөрт сонсогдохоор шивнэх төдийд), хүн хүлээн ганцаар сууж байхдаа, ганцаараа алхаж байхдаа ярьж болно шүү дээ.

Чи өөрөөсөө хүссэн асуултаа асуу тэгээд түүндээ чадах чинээгээрээ л хариул. Энэ тохиолдолд чамд ичиж зовох шаардлага ч байхгүй. Эсвэл хэн нэгний цаг завыг харах ч шаардлага байхгүй. Хүссэн үедээ хүссэн газраа энэхүү дадлагыг хийх боломжтой учраас чи заавал туршаад үзээрэй. Үүний дараагаар мэдээж мэргэжлийн хүн дээр очихыг зөвлөж байна. Ядаж л дуудлагаа засах хэрэгтэй шүү дээ.

Эцэст нь хэлэхэд гадаад хэлээр саадгүй ярьж сурна гэдэг маш олон удаагийн бүтэлгүйтлийн үр дүнд олж болдог чадвар юм шүү. Тиймээс бүү шантраарай. Амжилт хүсье. wink

#English #Lesson #teenagers #Advice