БЗДХ гэж юу вэ, түүнээс өөрийгөө ХАМГААЛАХ 10 АРГА


Сондор | YOLO.MN
2017-02-20

БЗДХ гэж юу вэ?
Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг БЗДХ гэнэ. Үүнд Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй БЗДХ багтдаг.

БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах
АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.

БЗДХ тархах замууд:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх

Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ?
Чи өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчний шинж тэмдэг илрээгүй ч байсан цаг алдалгүй эмчид хандаарай.

АНХААР!!! Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй. Хэрэв тэгвэл илрэх шинж тэмдэггүй болж болох ч өвчин даамжирч, гүйцэт эмчлэгдэхгүй дараа нь сэдэрч эрсдэл үүсгэх аюултай.

БЗДХ бүрэн эмчлэгддэг үү?
ХДХВ/ДОХ-оос бусад бүх БЗДХ ТӨГС ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ. Эмчийн өгсөн эмийг өвчний шинж тэмдэг арилсан ч гүйцэд ууж дуусгаарай. Харин эмчилгээг дутуу орхивол дараах хүндрэлүүд гарч болно:
• Бага аарцагны эрхтний үрэвсэлт өвчин даамжрах
• Үргүйдэл үүсэх
• Умайн гадуур жирэмслэх
• Шээсний сүв нарийсах
• Төрөх хүүхэд зулбах, амьгүй төрөх

БЗДХ-өөс сэргийлж болох уу?
БОЛНО ОО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ энэ өвчний халдвар авахаас хамгаална.
Аюулгүй бэлгийн хавьтал гэж юуг хэлэх вэ?
• Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
• Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
• Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ний эрсдлээс хамгаална.
АНХААР!!! БЗДХ-аас өөрийгөө ХАМГААЛАХ БҮРЭН БОЛОМЖ ЧАМД БИЙ

1. Бэлгийн харилцаанаас татгалзах
2. Насанд хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх (энэ бол өсвөр насныханд шилдэг бөгөөд үр дүнтэй, аюулгүй, зүй ёсны тохиромжтой арга юм)
3. Бэлгийн харилцаанд зайлшгүй орохоор бол хамгаалалт буюу бэлгэвчийг заавал хэрэглэх. Гэхдээ хэрэглэхдээ зааврын дагуу зөв  хэрэглэх хэрэгтэй.
4. Хэрэв найз охин, найз хөвгүүнтэй бол үнэнч байх, бэлгийн нэг хавьтагчтай байх
5. Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих
6. Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
7. Шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран байнга шинжилгээнд хамрагдах
8. Архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
9. Бохир зүү, тариур хэрэглэх, шивээс хийлгэхээс татгалзах
10. БЗДХ авах бүх эрсдлээс татгалз!

Бэлгэвч найдвартай юу?
99 хувь найдвартай. Бэлгэвчийн бүрэн байдал алдагдаагүй, зөв, тогтмол хэрэглэсэн тохиолдолд БЗДХ болон ХДХВ/ДОХ-аас сэргийлэх боломжтой.
 
Ямар тохиолдолд бэлгэвч гэмтэж болох вэ?
• Буруу нөхцөлд хадгалах
• Хумс, бөгж, шүд зэрэг хурц үзүүртэй зүйлд урагдах
• Бэлэг эрхтэнд буруу углах
• Бэлгийн хавьтлын үед хангалтгүй тосолгоотой байх
• Бэлгэвчийг зориулалтын бус тосоор тослох
• Бэлгийн хавьтал хэт удаан үргэлжлэх, огцом хөдлөх
АНХААР!!! Бэлгэвч гэмтсэн байж болзошгүй үед шинэ бэлгэвч хэрэглээрэй.

Инфографикыг Э.Батзавъяа

#Health #Teenagers #advice